Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Амархан мөнгө олох юм байна“ гэж тоглосоор нэг л мэдэхэд 40 гаруй сая төгрөгөө алдсан“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 34 секунд

Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэрэг өнгөрсөн сард 3 дахин өсжээ

Нэгэн үе мөрийтэй тоглоом гээчийг нэг дор цуглаж, мөрий хаялцаж буйгаар олон нийт төсөөлдөг байв. Харин энэ төсөөлөл орчин цагт "цахимжиж", гар утас гартаа барьсан хэн ч мөрийтэй тоглоом тоглох боломжтой болсон гэдгийг хүн бүр мэднэ. Чөлөөт цагаараа, хааяа л гэж аман дээрээ ярих залуус элбэг ч начир дээрээ тэдний дунд хэдийнэ амар хялбар аргаар мөнгө олохоор “Койн, бэт, цахим мөрийтэй тоглоом" зэрэгт толгойгоо мэдүүлсэн олон хүмүүс бий. Онлайн покер бол ердөө л нэг суваг нь.

Онлайн покерт донтсон иргэдийн тоог нарийвчлан гаргахад бэрхшээлтэй. Учир нь хэн ч өөрийгөө донтож буйгаа хүлээн зөвшөөрөхгүй. Энэ байдал даамжирсаар амьдрал, эд хөрөнгө, алдар нэр, ар гэр цаашлаад эрүүл мэндээрээ хохирох залуусын тоо олширсоор. Тэдний нэг нь иргэн “Б” юм. Тэрбээр одоо 26 настай. Хугацаат цэргийн албанаас халагдсаныхаа дараа хоёр жил гаруй хугацаанд хөдөө амьдарч байгаад үеийн залуусаасаа хоцрохгүйн тулд 2018 онд хотод орж ирсэн. Түүний хувьд их сургуульд элсэн орж дээд боловсрол эзэмшиж, жүжигчин болох том зорилгыг тээн хотод хөл тавьсан. Гэвч одоо түүний зорилго, тээж явсан мөрөөдөл нь хий хоосон хийрхэл болон үлдсэн талаар тэрбээр ярьж байна.

-"Амархан мөнгө олох юм байна" гэж тоглосоор нэг л мэдэхэд 40 гаруй сая төгрөгөө алдсан"-

Иргэн Б мөрийтэй тоглоомын талаар ийн ярив.

-Хэзээнээс эхэлж онлайн покер тоглосон бэ?

-2018 онд анх тоглож байсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд бараг өдөр бүр тоглосон. Анх 5 юм уу, 10 мянган төгрөгөөр тоглодог байлаа.

-Анх тоглож байх үедээ хэр их мөнгө олдог байв?

-Дажгүй сайн олдог байсан. 10 мянган төгрөгөө ойролцоогоор 100 мянга орчим төгрөг болгоод татчихдаг. 50 мянган төгрөгөөр тогловол 300-400 мянган төгрөг болгоно. Энэ маягаараа тоглосоор байвал амархан мөнгө олох юм байна л гэж бодсон.

-Гэхдээ яг юунаас шалтгаалж мөнгө алдах болов, хэр их мөнгөөр тоглосон бэ?

-Хор гэж юм байдаг. Надад хос тамга өгвөл би хаяж чадахгүй тоглоно. Харин өөдөөс нэг бот ч юм уу тухайн сайтын өөрсдийнх нь тоглогч хожихоо мэдэж байгаа учраас шууд “all in” бүгдийг нь тавина. Би өөдөөс нь том модтой учир шууд тулаад л идүүлэх жишээтэй. Тэгээд том модоо идүүлэхээр улам шар гозойгоод өндөр дүнгээр цэнэглээд тоглодог.

-Өндөр дүнгээр гэвэл?

-200 мянгаас нэг сая төгрөг хүртэл. Ер нь дансанд байгаа бүх мөнгөөрөө л цэнэглээд тоглодог байсан гэсэн үг. Тэрийгээ дахиад л алдана. Харин дараа нь мөнгөө алдчихсан учраас буцааж олохын тулд өр зээл тавьж тоглосоор байгаад ойролцоогоор 40 гаруй сая төгрөг алдсан байх.

-Хэр хугацаанд энэ мөнгийг алдав?

-Нэг жил гаран л болсон байх. Нэг мэдэхэд л тийм их өртэй болсоноо анзаарсан.

-Одоо тоглож байгаа юу?

-Огт тоглохгүй байгаа. Ойр дотны хүмүүстэйгээ зөвшилцөөд шийдэлд хүрсэн. Өр зээлийнхээ ихэнх хувийг төлчихсөн. Одоо барилгын туслах ажилтан хийж үлдсэн өрнүүдээ бага багаар төлөөд явж байгаа. Найзынхаа хажуу өрөөг хөлсөлж амьдарч байна.

-Залуучууддаа хандаж үг хэлээч?

-Энэ тоглоом бол тэр чигтээ ЛУЙВАР. Онлайн покерын сайтуудыг ажиллуулж байгаа хүмүүс нь өөрсдөө код бичиж программчилсан байдаг. Хэн хожихыг нь дэлгэцийн араас хараад сууж байдаг байх. Онлайн покер тоглоод амьдрал дээшилнэ гэж хэзээ ч байхгүй байх.

Онлайн покер бол хулганы хавхтай л адил. Бэлэн юм зөвхөн хавханд л байдаг шиг. Энэ тоглоомонд ялагч гэж байхгүй. Хэрэв та амьдралаа алдмааргүй байвал энэ тоглоомыг битгий тоглоорой гэж хэлмээр байна.

-Б.Дэлгэрхангай: Цахим мөрийтэй тоглоом нь МӨНГӨ УГААХ гэмт хэргийн шинжийг агуулдаг-

Хуулийн үүднээс авч үзвэл, онлайн покер нь цахим гэмт хэрэгт хамаатах бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэх болсон талаар албаныхан онцолж байна. Цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн үйлдэгдэж буй нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

Тэрбээр ярихдаа "Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг сүүлийн үед цахим орчинд ихээр үйлдэгдэж байна. Энэ гэмт хэргийн онцлог нь ихээхэн хэмжээний мөнгө эргэлддэг. Мөн хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулдаг. Онлайн покер буюу мөрийтэй тоглоом тоглох гэмт хэргийн хохирол маш их байдаг. Тухайлбал, мөрийтэй тоглоомыг нэг л тогловол донтож, түүнийгээ дагаад эд хөрөнгө, байр орон сууц, хадгаламжаа үрэн цаашлаад бусдаас мөнгө зээлэх, эд хөрөнгийг нь залилах гэх мэтчилэн маш олон гэмт хэрэг гарах шалтгаан болдог" гэв.

-ЦЕГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 229 сайтын үйл ажиллагааг хязгаарлаж, орлого 200,7 сая төгрөгийн шилжилтийг зогсоосон-

Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 578 гэмт хэрэг бүртгэгдэж, 189 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн нэг жилийн хугацаанд 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч оны аравдугаар сард өгсөн мэдээллээр цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа 229 сайтын үйл ажиллагааг хязгаарлаж, мөрийтэй тоглоомын орлого 200,7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг.

-ХУУЛЬ: Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ-

Хууль эрх зүй

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл явцыг 2019 оноос өмнө Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг байсан бол энэ төрлийн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, хохирогч болсон иргэдийн тоо олширч буйтай холбоотойоор Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дараах байдлаар зохицуулдаг болжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-СЭМҮТ: Донтолт улам хурцадмал байдалд орвол тэр хүний хувьд мөнгө олох гэдэг нь чухал биш. Зүгээр л тавиад тоглодог сэтгэл зүйн хувьд хүчтэй хамаарлыг үүсгэдэг-

Онлайн покер буюу цахим мөрийтэй тоглоом нь хүнийг эд хөрөнгө, элэг бүтэн амьдралаас нь салгаад зогсохгүй бие махбод, эрүүл мэндэд ч өөрчлөлт оруулж тархинд нөлөөлөн сэтгэцийн эмгэгийг үүсгэдэг байна.

СЭМҮТ-ийн Их эмч Ж.Гантулга "Онлайн покерт донтох нь зан үйлийн донтолтын нэг хэлбэр бөгөөд “АНУ”-ын “DSM-5” ангилалд багтдаг. Ийм донтолтын эмгэгтэй болсон хүн мөрийтэй тоглох дур хүсэл зарим үед бий болж эмгэг дур хүсэлдээ хөтлөгдөн хэдэн өдрөөр үргэлжлүүлэн өөрийгөө захирч чадахгүй тоглож, мөнгө дуусмагц өр тавих, үнэт зүйлээ дэнчин тавих зэргээр тоглодог. Донтолт улам хурцадмал байдалд орвол тэр хүний хувьд мөнгө олох гэдэг нь чухал биш. Зүгээр л тавиад тоглодог сэтгэл зүйн хувьд хүчтэй хамаарлыг үүсгэдэг" гэв.

Түүний хэлж буйгаар цахим мөрийтэй тоглоомонд донтож СЭМҮТ болон сэтгэл зүйчид хандан эргээд хэвийн амьдралдаа орсон тохиолдол цөөнгүй байдаг аж. Энэ төрлийн донтох эмгэгийг тодорхой дэс дараалал шатлалын дагуу мэргэжлийн хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийж, мөн өөрийн ухамсарыг удирдаж чадсанаар шийдвэрлэдэг. Хэрэв таны ойр дотны хүмүүст болон таньд ийм асуудал байгаа бол яаралтай мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах хэрэгтэй талаар хэлж байлаа.

Хууль бус онлайн покер, мөрийтэй тоглоомноос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй. Та мөрийтэй толоомыг тоглох биш тоглоом таниар тоглож байна. Хэрэв та онлайн покер тоглодог бол түүнээс өөрийгөө "татах" нь хамгийн том хожил байх болно. Энэ тоглоомонд ялагч гэж үгүй.

Д.Даваахүү

Маргааш Улаанбаатарт 0 хэм
Маргааш Улаанбаатарт 0 хэм
 
Т.Батцогт: Намын дүрмийн дагуу би ажлаа өгнө. Гэхдээ хэн дуртайд нь “май“ гээд өгчихдөг зүйл биш
Т.Батцогт: Намын дүрмийн дагуу би ажлаа өгнө. Гэхдээ хэн дуртайд нь “май“ гээд өгчихдөг зүйл биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.