“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан гэх үйлдэлд Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шалгалтын үр дүнд иргэн О нь “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан бүтээгдэхүүн цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна.