Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Пирамид орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Буман залуус 296 айлын орон сууцны хорооллын төслөөр 2017 онд 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Эл хорооллын одоогийн оршин суугчид орон сууцны төлбөрт 6.6 тэрбум төгрөг төлсөн боловч гэрчилгээгээ авч чадахгүй байгаа гэх мэдээлэлтэй холбогдуулан үүний шалтгааныг "Пирамид орд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмонгоос тодруулахад "Барилгыг 2015 оны наймдугаар сард захиалга авч эхэлсэн. Одоогийн байдлаар 300 айлаас бүрэн төлбөрөө өгсөн 30-40 айл л байгаа. Түүнээс бусад нь төлбөрөө өгөөгүй, зарим нь гурван жилийн дотор эхний 30 хувиа бүрдүүлэх гэрээтэй байгаа. Гэтэл сошиал дээр мэдээлэл гарснаас хойш төлбөрөө төлөхөө больсон. Сая гэрчээр мэдээлэл өгсөн Д.Батжаргалын гомдлоос болоод Буман залуус орон сууцны хорооллын оршин суугчид гэрчилгээгээ авч чадахгүй байх нөхцөл үүссэн гэж ойлгож болно. "Буман залуус" хорооллын оршин суугчид гэрчилгээгээ авч чадахгүй байгаагаас илүү Хөгжлийн банк, Монгол Улс хохирч байгаа" гэв.