ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдсоноос хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Салбарынхаа үйл ажиллагаатай тодорхой түвшинд танилцаж зарим ажлууд дээр бодлогын түвшинд зангидаж ажиллаж байгаа байх. Ажилдаа дасаж байна уу?
-Манай салбар өргөн цар хүрээтэй учраас салбарын ажилчидтайгаа танилцах, газар хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж цаашлаад өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгаар томилолтоор явах гээд нэлээд ачаалал ихтэй гурван сар өнгөрлөө.
Ажлаа аваад хамгийн түрүүнд хийж эхэлсэн зүйл бол мах, махан бүтээгдэхүүний экспортыг сайжруулах чиглэлээр ажиллалаа. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их буюу 71.1 сая толгой мал тоолуулсан. Ийм тооны малтай хэр нь эдийн засгийн эргэлтийг тэр бүр сайжруулж чадахгүй байна. Тиймээс цаашид мал, махны экспортыг сайжруулж, экспортлогч компаниудад олгодог зөвшөөрлийг хялбаршуулах чиглэлээр ажиллана.
Ингээд бид 2023 оны эхний улиралдаа багтаагаад нэг цонхны үйлчилгээг бий болгохоор технологийн бэлтгэл ажлуудаа хийж байна. Өнгөрсөн хугацаанд нэг ААН махны экспортын зөвшөөрөл авахын тулд 20 гаруй төрлийн бичиг баримтыг давхардсан тоогоор 54 хувь хэвлээд МХЕГ, ГЕГ, Мал эмнэлгийн газар, ХХААХҮЯ, Стандарт хэмжилзүйн газар гэх мэт нийт 7 төрийн байгууллагад хүргүүлж байсан. Зөвшөөрөл хүссэнээс хойш 10 гаруй хоног удааширдаг. Гэтэл экспортод гаргах гээд байгаа махны хадгалалт, чанарын асуудлууд дагаад хүндэрч ирдэг. Тиймээс нэн тэргүүнд зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулна. Хоёр л тохиолдолд биечлэн очно. Гэрээгээ байгуулахдаа болон махны дээжийг шинжилгээнд өгөхдөө биечилж очих ёстой. Цахим үйлчилгээ нэвтрүүлснээр ажлын 96 цагийн дотор зөвшөөрлийг олгодог болох юм.
-Дарханы арьс ширний цогцолбортой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Дараагийн хийж байгаа нэг ажил бол Дарханы арьс ширний цогцолбортой холбоотой асуудлыг цэгцлэх. Мөн өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй болон түр гацсан төслүүд дээр Хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Түүний нэг нь Дарханы арьс ширний цогцолбортой холбоотой асуудал. ХААДС дээр байгаа өр төлбөртэй холбоотой асуудлууд, мөн агуулахын чиглэлээр ашиглаж болох объектыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа асуудлыг шийдвэрлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, гурилын хоёр үйлдвэрийг цаашид хэрхэх талаар саналуудыг солилцож эхнээсээ үр дүнгүүд нь гарч байна.
Газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл гэх мэт олон чиглэлтэй өргөн цар хүрээтэй салбарын яаманд дэд сайдаар томилогдож ажиллаад байна. Би өөрөө хөдөө аж ахуйн эрх зүйч мэргэжилтэй хүн. Тэгэхээр ийм том салбарт залуучууд орж ажиллах боломж бүрэн бий гэдгийг өөрөөрөө жишээлэн харуулж байгаа болов уу гэж боддог. Энэ утгаараа олон залуучууд яаманд хандаж байна. Судалгаа шинжилгээний мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонсож, салбарын цаашдын хөгжлийг зөв тодорхойлж ажиллах зорилгоор тал бүрийн хүмүүсийн санал, хүсэлтийг сонсож, зөвлөлдөж байна.
-ХААДС дээр хэчнээн зээлдэгчийн асуудал яригдаж байгаа вэ. Банкны чанаргүй ангилалд орсон зээлдэгчдийн өр барагдуулах явцын мэдээллийг өгнө үү?
-ХААДС-д 1000 орчим зээлдэгчийн мэдээлэл бий. Түүн дотор чанаргүй зээлдэгчдийн асуудал багагүй бий. Нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлыг Хөгжлийн банктай хамтран санал солилцож байгаа. Сангийн өр барагдуулахтай холбоотой менежментийн ажлуудыг хуучнаар нь үлдээж цаашид илүү нарийн зохицуулалттайгаар явуулахаар судалж байна. Аль 5 жилийн өмнөх өр төлбөр сан дээр нөхөгдөж чадахгүй явснаас болж, сан цаашид чухал төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломжгүй болсон байна. Тиймээс ХААДС-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө.
-ХАА-н салбарт залуу боловсон хүчний эрэлт хэрэгцээ хэр байгаа вэ. Ялангуяа аль чиглэлд хамгийн их дутагдалтай байна?
-Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд мэргэжлийн боловсон хүчний хомсдолтой байдлаас авхуулаад бий. Хамгийн ойр жишээ нь орон нутагт малын эмчийн хүрэлцээ хангалтгүй буюу залуу боловсон хүчний нөөц хүрэлцээ хангалтгүй байна. Тухайлбал, нэг эмчид ноогдож байгаа малын тоо харьцангуй өндөр байх жишээтэй. Тиймээс өндөр ачаалалтай ажлын байр руу залуучууд орж ажиллахаас халгаж байна. Салбарын хөдөлмөрийн харилцааг зохицуулах шаардлага тулгарсан гэж ойлгож болно. Яамны харьяа аймгуудын Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрууд дээр нийт 2000 гаруй алба хаагч ажиллаж байна. Тэр бүгдтэй нэг бүрчлэн уулзах боломжгүй байгаа ч гэсэн санал хүсэлтийг нь авч шийдвэрлэхээр ажиллаж байна. Гол зорилго нь залуучуудын оролцоог хангах, ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх юм.
-Та Засгийн газрын бүрэлдэхүүнд орж яамны дэд сайдаар томилогдсон хамгийн залуу боловсон хүчин. Дэд сайдаар томилогдохоос өмнө МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч байсан. Улс төрд залуучуудын манлайлал хэр үгүйлэгдэж байна гэж дотор нь орж ажиллаж эхэлсэн хүний хувьд харж байна вэ?
-Цаг үе өөр болж байгаад баяртай байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүн ч гэлээ заавал засгаа өмөөрч, хамгаалж ажиллах ёстой гэсэн үг биш. Залуучуудын хандлага, төр засагт тавьж байгаа зөв шаардлагууд ч бий. Үүнийг бид хүлээж авч ажиллах ёстой. Гэхдээ өнөөгийн Засгийн газар олон жил төрд бугшсан асуудлуудыг ил гаргаж иргэдтэйгээ хамт шүүж, хэлэлцэж байгаа нь маш том давуу тал гэж харж байгаа. Үүнийг би залуу хүний хувьд дотор нь орж ажиллах том боломж гэж харж байгаа.
Би өмнө нь ЗГХЭГ-т “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах багт ажиллаж байсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед мөн манай хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, хөгжлийн зорилтот ажлууд дагаад хийгдэж байна. Тэгэхээр одоо яамдуудад ажиллаж байгаа дэд сайдууд тус бүр салбарынхаа нэг тулгамдаж байгаа асуудлыг барьж аваад хийхэд тэр тооны асуудлууд шийдэгдэх боломжтой.
Засгийн газар залуу боловсон хүчнээ дэмжиж төрийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлснээр давхар хариуцлагыг хүлээлгэж, улс төрийн төлөвшил суулгаж байгаа нэг хэлбэр гэж харж болно.
Тухайлбал, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогийн хувьд Оюу толгойн хэлэлцээрийн ажлын хэсэг дээр ЗГХЭГ-ийн дэд дарга байхдаа ажиллаж маш том үр дүн гаргаж ажилласан байдаг. Мөн УУХҮ-ийн дэд сайд байсан О.Батнайрамдалын хувьд шатахууны үнийг 2025 он хүртэл тогтвортой байлгах хоёр улсын гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсэн. Сүүлд уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах ажлыг хариуцаж амжилттай эхлүүлсэн байдаг. Мөн нийгмийн дунд нэлээд шуугиан тарьсан манай Б.Болор-Эрдэнэ Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд E-Mongolia платформыг нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж чадсан. Энэ мэтчилэн үлгэр жишээ авах чадварлаг боловсон хүчин Засгийн газарт хүч нэмж ажиллаж байгааг хүмүүс харж байгаа байх. Тиймээс цаг үе өөр болсон.
-Авлига албан тушаал, хүчин, хулгайн хэмт хэрэгт холбогдож нэр төрөө сэвтээгээд, дараагийн үедээ хир нааж орхидог улстөрчдийг юу гэж дүгнэдэг вэ. Магадгүй өнгөрсөн хугацаанд төрд гарсан залуу улс төрчдийн асуудал нэг талаас нийгмийн итгэлийг эвдсэн гэж хэлж болохоор байна?
-Мэдээж энэ асуудал цаашид цэгцрэх горимдоо орчихлоо шүү дээ. Улстөрчид дабль стандарттай болоод байгаа асуудалд нийгэм ч шүүмжлэлтэй хандаж эсэргүүцэж байгааг бид мэднэ. Монголчууд мах гурилаас өөр хүнсгүй, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр бараагүй байсан хуучин нийгмийн тэр хүнд цагийг туулаад л гараад ирсэн. Гэтэл авлига, албан тушаалын гэмт хэрэг түүнээс ч илүү тэмцэх шаардлагатай асуудал болж хувирсан нь иргэд үнэт зүйлээ илүү ихээр мэдэрч, ухамсарлах болсны том илрэл шүү дээ. Тиймээс төрд олон залуу лидерүүд гарч ирэх ёстой.
Ярилцсанд баярлалаа