Нам дотроо "зодоонтой" явж ирсэн Ардчилсан нам эв нэгдлээ олохоор ажиллаж эхэлснээс хойшхи хамгийн чухал ажил нь намын даргаа сонгож, хүлээн зөвшөөрүүлэх явдал. Өнөөдөр АН-ын ҮБХ Төрийн ордонд хуралдаж, улмаар намын даргад нэр дэвшигчдээс нэгийг нь сонгож, Их хурлаараа батламжлах учиртай. Намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын гишүүн З.Нарантуяа нар нэр дэвшихэрэ үнэмлэхээ гардан авсан билээ. Тэгвэл намын дарга "горилогчид" намдаа ямар шинэчлэл, реформ хийх "мөрийн хөтөлбөр"-тэй байгаа талаар тэдний байр суурийг хүргэж байна.
-С.Одонтуяа: Томоохон реформ хийхийн тулд эхлээд "гэр доторх" асуудлаа цэгцэлнэ. Айл гэрт ээж хүн эвлэрэл, амгалан тайван байдлыг авч ирдэг-
Манай намд хийх ажил их байгаа. Юун түрүүнд эвлэрлийн ажлыг бүх шатанд зохион байгуулна. Х.Баттулга, С.Эрдэнэ даргатай тэр бүү хэл өөр өөр үзэл бодолтой хүмүүс ч байгаа. Энэ хүмүүсийг бүгдийг нэг дээвэр дор авч ирье гэх уриалгыг гаргаж байсан. Сүүлдээ эвлэрлийн түр даргыг нь хүртэл би өөрөө хийе гэх саналыг гаргаж л байсан. Өнгөрсөн хугацаанд эвлэрүүлье гэж ажилласан.
Намын эрчүүд маань эв нэгдлийн үйл явцаас ухрах гээд байна. Зөвхөн өөрсдийгөө бодох биш улс орноо бодох хэрэгтэй. Эмэгтэйчүүд бид хаа явсан газраа аливааг эвлэрүүлж явдаг. УИХ дахь бүлэгт хүртэл А.Адъяасүрэн гишүүн бид хоёр бүлгийнхээ гишүүдийг эвлэрүүлэх гээд байнга л ажилладаг. Айл гэрт ээж хүн эвлэрэл, амгалан тайван байдлыг авч ирдэг. Тиймээс нэр дэвшиж байна.
Ардчилсан намын дарга ард түмнийхээ талд байх ёстой. Хулгайтай тэмцэх ёстой, ардчиллыг бат бэх байдлыг хангахаар ажиллах ёстой. Залуучууд өөр нийгмийг хүсэж байна. Үүний тулд үндсээр нь өөрчилж реформ хийх ёстой. Сонгуулийн тухай хуульд төлөөлийн ардчиллыг бий болгосон өөрчлөлтийг тусгах ёстой. Реформ хийхийн тулд гэр доторх асуудлаа шийдэх ёстой. Эвдрэлцлээ цэгцлэх цаг болсон гэж харж байна.
-С.Баярцогт: Ардчилсан нам шинэ залуу үеийн төр засагт дуу хоолойгоо хүргэх индэр нь байх болно-
Өнгөрөгч хоёр удаагийн сонгуулиар Ардчилсан нам том ялагдал хүлээсэн. Ардчилсан нам одоо шинэ, шинэлэг шийдвэрүүдийг гаргаж байж улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангасан, шударга ёсыг хангасан нийгмийн байгуулах ёстой гэх байр сууринаас тарж бутарсан хэсгүүдээ нэгтгээд, АН-аа сэргээн мандуулсан үйл явц өрнөж байна.
Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа маань АН-ын гишүүний хувьд ч, Монгол Улсын иргэний хувьд журамт үүргээ гүйцэтгэж байна гэж харж байна.
Эхний ээлжинд, хоорондоо хагаралдсан хэсгүүдээ буцаан эвлэрүүлнэ. Боломж нь нээлттэй байгаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Бидний хооронд зөвшилцөл, яриа хэлэлцээр тасалдсанаас үүдэж үл ойлголцох байдал үүссэн гэж боддог. Дараагаар, Ардчилсан намд шинэ залуу үеээ олноор татан оролцуулна. Тэдний дуу хоолойг зөвхөн намын хэмжээнд бус төр засгийн хэмжээнд илэрхийлж хүргэх индэр нь Ардчилсан нам байх болно.
-З.Нарантуяа: Нэг хүний удирдлага дор явж болохгүй гэх сургамж авсан. Цаашид хамтаараа шийдвэр гаргадаг нам болно-
2020 оны сонгуулиас хойш намынхаа эв нэгдлийг хангахын тулд бид тууштай ажилласан. Хоёр талд байгаа хүмүүсээ нэгдэх саналыг тавьж ирсэн. Нэг ч өдөр хойш суугаагүй. Гэв гэнэтхэн гараад ирсэн зүйл биш. Ардчилсан нам нэг хүний удирдлага дор явж болдоггүй юм байна гэх сургамжийг авсан. Тиймээс цаашид хамтын удирдлагын баг руу шилжинэ.
Улс төрийн зөвлөл, намын төлөөллийн төвь байгууллага ҮБХ хамтаараа шийдвэр гаргадаг цоо шинэ нам болно гэж ойлгож болно.
-Л.Гантөмөр: Чих нь "онгорхой" Ардчилсан намын дарга хэрэгтэй, ядуурлыг зогсоож, эдийн засгийн өсөлтийг бий болгох чиглэлд маш тодорхой бодлого гаргаж ажиллана-
Шинээр сонгогдох Ардчилсан намын дарга гишүүдтэйгээ ярилцдаг, ард түмэнтэйгээ ойлголцдог хүн байх ёстой. Бидний эвлэрч байгаа цэг Монголчуудын эрх чөлөө, ардчиллын хамгаалах явдал. Бид хүчтэй сөрөг хүчин болж ажиллах ёстой. Гурван үеийн холбоосоор төрийн ажил явна. Өнгөрсөн хугацаанд гурван удаа парламентад сонгогдон ажилласан. Энэ утгаараа дээд үеийнхний зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх дунд үеийн төлөөлөл гэж бодож байна.
Бидний хамгийн том зорилго бол намаа нэгтгэх. Монголчуудад сонголт өгөх ёстой. Ардчиллыг хамгаалах үйл хэргээс хойш суух эрхгүй юм гээд намын даргад нэр дэвшиж байгаа. С.Эрдэнэ, Х.Баттулгыг нэгтгэнэ. Чих нь "онгорхой" Ардчилсан намын дарга хэрэгтэй.
Би, би гэж ярьмааргүй байна. Бид юу хийж вэ гэж ярьмаар байна. Миний зорилго бол намаа нэгтгэх, ардчиллыг аврах. Сөрөг хүчний хамгийн чухал ажил бол ядуурлыг зогсоож, эдийн засгийн өсөлтийг бий болгох хэрэгтэй. Энэ тал дээр маш тодорхой бодлого гаргаж ажиллана. Татварыг бууруулахын төлөө хүчтэй зогсоно. Заавал татвар, бодлогын хүү буурч, бизнесийн эргэлт сайжрах учиртай.