Жагсаал цуглааны дүйвээнээр хойшлогдоод байсан МАН-ын Бага хурал өнөөдөр 14 цагаас хуралдана. Гэхдээ цахимаар. Энэ мэдээллийг өчигдөр сонссон Бага хурлын гишүүд зарим гишүүд хэл ам хийсэн ч төв намынхаа нэгэнт гаргасан шийдвэрийг яаж ч чадсангүй. Түнжин хагарсан байсан МАН-ынхан оны эцэст ойлголцлоо. Одоо хонь бүрэн, чоно цатгалан. Эцэг нь ч эцээгүй, тугал нь ч турахгүй үлдлээ.
Генсекийн суудлаа булаацалдсан МАН-ын дарга нар ойлголцжээ
Тэгвэл Бага хурал баярын уур амьсгал дээр хөнгөхөн байдлаар цахимаар хуралдах гэж буй нь Ардын намын дөрвөн том дарга асуудлаа тохирсон гэдгийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, 12 сарын 6-ны өмнө генсекийн сандал суудлаа булаацалдаж байсан тэдний хүсэл дор бүрнээ тайвширчээ. Уг нь ЕТГ-ын дарга Я.Содбаатар намынхаа генсекээр очихоор битүүхэндээ тохироо хийж, Бага хурлаа хүлээж байсан ч Д.Амарбаясгалан суудлаа өгөхийг хүсээгүй юм. Ингээд Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд нарын нөхцөл байдал хүндэрсэн ч өнөөдөр учир зүйгээ ололцжээ.
Өнөөдөр цахимаар хуралдсан Бага хурал ирэх жилийн 12 сарын 30 хүртэл дүрмийн дагуу хуралдах нөхцөлгүй. Харин ирэх жил сонгуулийн босгон дээр намынхаа удирдлагыг өөрчлөх нь юу л бол. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан намаа сонгуульд авч орох нь ойлгомжтой болж байна.
Хүлээгдэж буй томилгоонууд дээр Ерөнхийлөгчийн тал илүү ажиллана
Тэгвэл Ерөнхийлөгчийн тал нэгэнт буулт хийж намын удирдлагыг авахгүй болсон тул хүлээгдэж буй томилгоонууд дээр 80-аад оны залуус нь буулт хийнэ. Эхнийх нь намын томилгоо. Д.Амарбаясгаланг хөдөлгөхгүй тул намын нарийн бичгийн дарга нарын тоог нэмнэ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хүргэн Б.Пүрэвдагвыг, А.Ариунзаяаг жендер хариуцсан нарийн бичгийн даргаар томилж магадгүй гэдэг яриа МАН дотор дуулдах болов. Харин одоо байгаа Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Б.Тулга нарыг үлдээх бололтой. Ингэхдээ Д.Амарбаясгалан саарал ордноос ерөнхий удирдлагаа гүйцэтгэж, яг нам дээрх асуудлыг нь Н.Энхбаатар базах болов уу. Учир нь Н.Энхбаатар бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дундын хүн. Нарийн яривал, Ерөнхийлөгчийн ойрын хүн. Тиймээс дундын хувилбар атлаа, нэгдүгээр хүн талд байгаа нь дарга нарын ойлголцолд дэм болно.
Үүнээс гадна “мах” болон дүүжлэгдээд буй УИХ-ын дэд дарга, Боомтын сайд болон дан дээлтэй Эрүүл мэнд, Барилгын сайдуудын квотод Ерөнхийлөгч ихэнхид нь хүнээ нэрлэх байх.
Өөрөөр хэлбэл, намынхаа удирдлагыг 80-аад оны залуучууд авч явж, засаг төрийн шатанд 70-аад оныхон түлхүү багтаж шингэнэ гэсэн үг юм. МАН дотор өрнөсөн эрх мэдлийг төлөөх “зодоон”-ы гол учиг нь 70, 80-аад оныхны үе хоорондын асуудал мөнөөс мөн билээ.
МАН-ын дарга нар хавар ҮХНӨ-ийг явуулна гэж санал нэгдсэн бололтой
МАН-ын дарга нарын өөр нэг ойлголцсон зүйл нь ҮХНӨ. Гишүүд жаахан хойрго хандаж буй хэдий ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар ҮХНӨ-ийг явуулах нь зүйтэй гэдэг дээрээ ойлголцсон бололтой. УИХ-ын дарга нэлээд сүүлд хөдөлгөөнд орсон ч асуудлыг шийдвэрлэх гол нь хүн гэдгээ ойлгосон. Тэд хавар цагаан сарын дараа гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоо болон хүний эрхтэй холбоотой ганц нэг заалтуудыг Үндсэн хуульдаа нэмэлтээр оруулна.
Эдгээрээс гадна улс төрийн хүрээнд яригдаж буй нэг сэдэв бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох явдал юм. Хэрэв ийм төрлийн өөрчлөл оруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэг удаа сонгогдох боломж бололцоо үүсэх магадлалтай.
Ийнхүү МАН-ынхан генсекийн суудлаас үүдэлтэй үл ойлголцлоо шинэ жилийнхээ өмнө хүчээр шахуу дарж, ойлголцлоо. Жагсаал цуглааны дараа бичиж байсанчлан энэ бүх үйл явцын хойно Д.Амарбаясгалан л хамгийн их хожлоо. 2022 оныг намаа базаж эхлүүлсэн тэр, оны дундаас засгаа, оны төгсгөлд нь бүр хамтад нь базахаар болоод дуусаж байна.
Г.Лхагвадорж