Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга АТГ-аас шууд Төрийн ордонд очиж ЕТГ-ын даргатай уулзжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр зарлагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөгөөдөр нь АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжуудын мэдээллээр мэдүүлэг авах үйл явц гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Гэвч Х.Баттулга "...Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье" гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна. Харин тэрбээр АТГ-т мэдүүлэг өгч гараад шууд Төрийн ордонд очжээ. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай өрөөнд нь уулзсан байна.

Х.Баттулга үүнээс гурав хоногийн дараа 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ руу явсан. Олон нийт "... Х.Баттулга оргон зайллаа" гэж шуугисан. Зарим хэвлэлд "...Х.Баттулга яаралтай эмчлүүлэх шаардлагатай болж, АТГ-т хувийн баталгаа гаргаад БНСУ руу ниссэн" гэж мэдээлсэн. Тэгвэл өөрөөр нь "овоглодог" АН-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ "..."Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй" хэмээн АТГ-аас зарласан 17 хүнээс хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд “...Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг АН-аас мэдэгдэж байна" гэсэн.

Мөн энэ сарын 21-нд Төрийн ордны Их танхимд болсон нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа "...“Х.Баттулгыг оргон зайлсан гэж хэн нотлоод байгаа юм. Яллагдагчаар татагдсан байхад шүүх хурал болоход ирэхгүй бол оргосон гэж үзнэ. Шүүх хурал болтол хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдгаас мөрдөгч хэний ч нөлөөлөлгүйгээр шийдвэр гарган, яллагдагчид арга хэмжээ авах эрх бий” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ийн сүр дуулиантайгаар эх орноосоо явсан Х.Баттулга одоогоор буцаж ирээгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 250 (6982)

С.Баярцогт: Сануулж хэлэх хүн үгүй бол сайн засаг ч гэсэн ЯЛЗАРНА
С.Баярцогт: Сануулж хэлэх хүн үгүй бол сайн засаг ч гэсэн ЯЛЗАРНА
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.