УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэг гэж нэрлээд 60 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Эрт илрүүлгийн ажил үр дүнтэй явагдахгүй байна. Эрт илрүүлэгт хамрагдаж буй хүүхдүүдийг биеийн индекс, жин, сэтгэлзүй, зан үйл зэргийг хэмжиж байгаа боловч хүүхдийн хавдар эрс нэмэгдэж байгаа энэ үед хүүхдийг нарийн шинжилгээнд хамруулахгүй байна. Шүдний эмчилгээ үйлчилгээнд хамруулахгүй байна. Яагаад нэр төдий явуулаад байгаа юм бэ.
Хоёрдугаарт, эрт илрүүлэг удаашралтай байгаа. 30 мянган хүн амтай нэг хороон дээр өдөрт 10 хүрэхгүй хүн ирж эрт илрүүлэгт хамрагдаж байна. Өдөрт үзүүлж байгаа хүмүүсийг улсын хүн амтайгаа харьцуулаад үзвэл эрт илрүүлгийн ажил 20 гаруй жил үргэлжлэх гээд байна. Хөдөө орон нутагт хэрэгжих боломжгүй байгааг та бүхэнд хэлж байгаа" гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Энэ удаагийн эрт илрүүлэг шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн. 0-17 насанд 5-6 нэр төрөл, 18-аас дээш насанд 12-13 нэр төрлийн шинжилгээг өргөтгөсөн байдлаар нэмэгдүүлсэн. Насны багцуудыг нэмсэн. Ингэж байж өвчлөлийн дата гарч ирнэ. Жилд 130-150 хүүхэд хорт хавдраар оношлогддог. Үүний шинжилгээ тусдаа хийгддэг" гэв.