Өнгөрөгч долоо хоногт Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн үүнтэй зэрэгцэн тус эмнэлгийн дэд захирлаар ажиллаж байгаа П.Эрдэнэцэцэг нь ажилчидтай зүй бус харилцдаг талаарх дүрс бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой холбоотой мэдээллүүд ч гараад буй юм. Эл асуудлуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өргөө амаржих газартай холбоотой асуудал болон Хүрээ амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан учраас төрөх гурван эмнэлгийг ЭМЯ харъяандаа авсан. Ингэхдээ босоо удирдлагатай болгож, үйл ажиллагааг сайжруулж, алдаа дутагдлыг засахаар харъяанд авсан. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгүүд нэг л хэсэг нь. Үүний цаана мэдэгдэхгүй ямар дарамт байгааг бид хэлж мэдэхгүй. Дотроос нь ярилцлага авангуут тухайн хүмүүсийг буцааж дуудаж уулзсан асуудал ч гарсан. Яамны харъяанд ирээд есөн сарын хугацаанд Ж.Энхцэцэгтэй холбоотой ёс зүйн зөрчилтэй холбоотой мэдээллүүд ажилчдаас нь нэлээдгүй их ирсэн. Ажилчид нь бүгд л дарамттай байна" гэв.