УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Ипотекийн зээлийг хойшлуулах асуудал яригдаж байна. Эцсийн шийдвэр гарсан уу?
-Ипотекийн зээлийн санхүүжилтын асуудал Монголбанкнаас хийгдээд явж байна. Ипотекийн зээлийн төлөлтийн хэвийн байдалд явуулах саналыг Монголбанкнаас гаргаж байгаа. Цаашдаа санхүүжилт нь хэвийн явагдах үүднээс тодорхой хэмжээнд хугацааг нь хойшлуулах асуудал байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Одоогоор шийдвэр гараагүй. Төсөвт өөрчлөлт оруулсан зүйлгүй.
-Алдагдалгүй төсөв батлахаар яригдаад байна. Ажлын хэсэг төсвийн алдагдал дээрээ анхаарч чадсангүй гэж гишүүд шүүмжилж байна?
-Төсвийн хэлэлцүүлэг ид явагдаж байна. Маргааш төсвийн тухай хууль эцэслэн батлагдах төлөвтэй байгаа. Ер нь сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд ажлын хэсэг гарч, төсвийн хууль дээр ажилласан. Ямар ч байсан төсвийн алдагдлыг өмнөх хэмжээнээс бууруулаад тодорхой хэмжээнд тэвчиж болох зардлуудыг танасан. Ялангуяа ирэх жил эдийн засаг хүндрэлтэй байх энэ цаг үед төр өөрөө хариуцлага хүлээж, төсвийн алдагдлыг бууруулах, үйл ажиллагааны зардлаас хэмнэлтийг хийх ёстой гэдэг зарчмыг баримталсан. Төрийн захиргааны байгууллагууд болоод яам, тамгын газар, агентлагуудын үйл ажиллагааны зардлыг бууруулна. Гэхдээ эдгээр байгууллагад ажиллаж байгаа ажилчдын цалин, тэтгэврийн асуудлыг хөндөхгүй. Мөн ЭМДС болон НДС-тай холбоотой асуудлууд хөндөгдөхгүй.
Түүнчлэн бусад гадаад зээл түүнийг санхүүжүүлэхтэй холбоотой зардал, дэд бүтцийн зардлыг бууруулсан. Мөн төсвийн төсөл дээр тусгагдсан байсан ТЭЗҮ, төсөл арга хэмжээний зураг, зөвлөх үйлчилгээ зэрэг 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт байсныг 50 хувиар бууруулсан. Нэг талдаа төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага байна. Үүнийг хийхийн тулд төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийж эхлүүлэх ёстой.
Үндсэндээ сүүлийн олон жил төсвийн сахилга бат сул байснаас үүдэн маш олон тэрбум, их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтууд гацсан. Зөвхөн энэ жилийн хугацаанд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дуусгаж байна. Тэгэхээр 2024, 2025 онд хүлээгдэж байгаа барилга, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтын гүйцэтгэл 2 их наяд төгрөгт хүрэхээр байгаа. Төр өөрөө хариуцлагагүй байж, сахилга бат хариуцлагыг мөрдөөгүйгээс улбаатай асуудал бий. Энэ сардаа багтаад тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсвөөс гарсан ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын зүгээс санаачлаад хуулийн төслүүд бэлэн болсон. Төсөв ил тод, олон нийтийн оролцоо, хяналттай байж, сахилга бат мөрдөгдөнө.
-Одоогийн боловсруулж байгаа төсвийн хуульд өмнөх алдаагаа засаж, судалгаан дээр суурилсан ямар заалтууд орсон бэ?
-Төсвийг сахилга бат, тогтвортой байлгах гол хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Мөн үүнийг дагалдан гарч байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын төсвийн дунд болоод урт хугацааны бодлогын баримт бичгүүд байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өнгөрсөн 10 жилийн хугацаанд 13 удаа өөрчлөгдсөн. Төсвийн хүрээний мэдэгдэл 11 удаа өөрчлөгдсөн. Тэгэхээр ингэж өөрчлөгддөгийг болиулах зайлшгүй шаардлага байна. Төсөв дагаж өргөн баригдсан хуулиудад хэд хэдэн өөрчлөлтийг оруулж өгсөн. Цаашдаа улсын төсвийг оруулж хэлэлцүүлэхэд төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулах бичиг баримт байдлаар ханддаг хандлагыг өөрчилнө.