Сангийн сайд асан, АН-ын гишүүн С.Баярцогтод холбогдох хэргийг Швейцарийн прокуророос цагаатгасан талаар тэрбээр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Швейцарь, Хонгконг, Австрали, Монгол дөрвөн улс хамтарч мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Мэдээлэл хийхгүй байхаар худал гүтгэлгүүд яваад байгаа учраас мэдээлэл хйиж байна. Би 500 гаруй хоног шоронд суусан. Өмнө улс төрд 20 жил зүтгэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудлууд, төсөв, эдийн засгийн асуудлуудад анхаардаг байсан. Ийм үйл явц болсны дараагаар Монгол Улс 32 жилийн хугацаанд ихээхэн өөрчлөлт ирсэн ч Үндсэн хуулийнхаа салбар тогтолцоог төлөвшүүлж чадаагүй, хууль биш хүн засагладаг байсан гэдгийг ойлгосон. Иймээс хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана гэж бодож байна.
Намайг хэлмэгдсэн үү гэж хүмүүс их асуудаг. Оюутолгойн гэрээг хамгийн анх эхлүүлж, гарын үсэг зурсантай холбоотой үүссэн зүйл. Өнөөгийн нөхцөлд монголын эдийн засгийг авч явж буй томоохон төслийн нэг нь Оюутолгой гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Улс төрийн дайралтыг давж гарна гэдэгтээ итгэлтэй байсан.
Монголын төлөө зүтгэсэн улс төрч болгон хувь хүнийхээ хувьд хэлмэгдэж байсан түүх ч бий. Надад хэн нэгнийг буруутгах, хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл байхгүй" гэлээ. Мөн түүний хувьд энэ үеэр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийллээ.