АН-ын бүлгийн экс дарга Д.Ганбат бүлгийн тамга тэмдэг, өрөөгөө хүлээлгэж өгөхгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар шинэ бүлгийн дарга О.Цогтгэрэл намрын чуулган эхэлсэн даруйд "Д.Ганбат бүлгийн тамгаа өгөхгүй бол хүчингүй болгоод, шинээр авна" гэж байсан удаатай.
Тэгвэл Д.Ганбат гишүүн тамга, тэмдгээ хав дарж, гөжүүд зангаа тавилгүй явсаар өнөөдрийг хүрч байгаа тул АН-ын бүлгийнхэн Д.Ганбатад байгаа тамгыг хүчингүй болгуулж, шинэ тамгатай болсон талаар О.Цогтгэрэл өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр "Бүлгийн тамганы хувьд өмнөхийг хүчингүй болгоод шинээр гаргаж өгсөн. Сонгуулийн үр дүнгийн дагуу 11 гишүүн манай бүлэгт бий. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар саналын эрх байхгүй ч манай бүлэгт харьяалагдаад, үйл ажиллагаанд хамтран оролцоод явж байна" гэж ярьжээ.
АН-ын бүлэг ямартаа ч тамгатай болсон байна. Харин өнгөрсөн хоёр жилийн турш нам дээр нь өрнөсөн тамганы хэрүүл шилжиж бүлэг дээр нь хүртэл өрнөх вий гэсэн болгоомжлол байна. Үүнээс үүдэж Д.Ганбат тамганы хуурамч, жинхэнэ гэсэн зарга үүсгэж тун удахгүй шүүхийн хаалга тогшиж магадгүй юм. Тиймээс Ардчилсан намын талцал, тамганы хэрүүлийн хоёрдугаар цуврал бүлэг рүү шилжиж магадгүй болжээ.