"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй зэрэгцэн тус эмнэлгийн дэд захирлын албан тушаалыг цагдаагийн дэд хурандаа Ж.Эрдэнэцэцэг хашдаг гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй юм. Тэгвэл эл томилгоотой холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өргөө амаржих газрын дэд захирлаар цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажилласан хүнийг өнгөрөгч долдугаар сараас авч ажиллуулсан байгаа юм. Мөн хуулийн зөвлөхөөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг авч ажиллуулсан. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь ажлаас нь чөлөөлнө. Тодорхой албан тушаалтнууд бий. Хариуцлага тооцоод явж байгаа. Тухайн байгууллагад ажиллах хүнийг захирал нь томилдог. Эрүүл мэндийн сайд даргыг нь л томилдог. Гэхдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн зүйл байхгүй. Гүйцэтгэлээр санхүүжиж буй энэ үед эдийн засаг, эрүүл мэндийн суурьтай, энэ чиглэлд боловсрол эзэмшсэн хүн эл албан тушаалд томилогдох ёстой" гэлээ.