Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун нь 3000 ам.долларын хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, АТГ-аас түүнийг дайчлан баривчилсан байдаг. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.8 дугаар зүйлийн Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 22.10 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Тиймээс түүнийг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Сануулахад, түүнийг "Багануур" ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт "Тавилан" гэх компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8 тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан ААН-ийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. "Тавилан" ХХК нь 2019 онд "Багануур" ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, "Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих" тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан юм.
"Тавилан" ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан "Алтаргана" хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж эхэлсэн билээ.