Ургацын талбай хэдийнээ өнгөө засжээ. Намар болсны дохио юмсанж. Зөөлөн салхины сэвшээнд сэржигнэн найгах түмэн олон тариан түрүүг харахад намар цаг хаяанд ирснийг хэн бүхэн ойлгох аж. Бас намрыг угтах аж.
Ургацын талбайг илгээлтийн эзэд болсон оюутан залуусгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймдээ ч оюутны намар хэмээн нэрийддэг болов уу. Ургац хураалтын ид үед өрнөж буй тул UBN.mn сайтын сурвалжлах баг Төв аймгийн Жаргалант сумыг зорьж, арвин их ургац хураалттай танилцахаар “Алтан залаа” компанийн тариан талбайд зочлон, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Улаан буудай бол дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй үр тариа бөгөөд үүнээс гурил, био бүтээгдэхүүн, гоймон, малын тэжээл зэргийг гарган авдаг байна.
Нар аль хэдийнээ дээш хөөрчээ. "Алтан залаа" ХХК-д илгээлтийн эзэн болж ирсэн гурван оюутан бол ХААИС-ийн Инженерийн сургуулийн гуравдугаар курсийн оюутнууд юм. Хаана хуваарилагдахаа мэдэхгүй ч тариаланчдад тус нэмэр болохоор автобусандаа суугаад үр тарианы талбайд ирсэн гэдгээ оюутнуудын төлөөлөл хэлж байлаа. Хэдий олуулаа биш ч хамт ажиллаж буй компанийн ах эгчтэйгээ элгэмсэж, дотносон ажлын цагаа дуусмагц алжаал ядаргаагаа тайлан хөзөр тоглодог тухайгаа ч хэлж байв. Бид ХААИС-ийн Механик инженерийн ангийн гуравдугаар дамжааны оюутан Г.Ганбаяртай ярилцахад дараах зүйлүүдийг ярьсан юм.
Оюутнууд бид ургац хураалтад илгээлтээр ирсэнээр ХАА салбартаа үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс үе тэнгийнхэн маань идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Тэрбээр "Нэгдүгээр курст байхдаа ковидын улмаас ургац хураалтад оролцож байгаагүй. Харин хоёрдугаар курстээ Жаргалант суманд төмсний талбайд хуваарилагдаж байсан юм. Энэ жил үр тарианы талбай дээр хуваарилагдан ирсэн. Төмс, үр тариа хоёр бол асар их ялгаатай санагдаж байгаа. Төмсний хувьд төмсөө түүнэ, шуудайлна, зооринд аваачиж хураана гэх мэт ажлыг хийдэг бол тарианы хувьд будаагаа цэвэрлээд, түгээлтийн машиндаа будаагаа ачаад, бороо цас орвол дэлгэж хатаана гэх зэрэг ажлуудыг хийдэг.
Бид гурав 14 хоногийн хугацаатай ирсэн. Одоо 7 хоног үлдсэн байна. Ямартай ч автобусандаа суугаад ирэхэд тариан талбайд хуваарилагдсан. Магадгүй төмс, хүнсний ногооны ажил арай ачаалал ихтэй учир хүний хөдөлмөр их зарцуулдаг байх гэж бодож байна. Ах эгч нартайгаа дотносоод ажлаа хийж дуусаад хөзөр тоглох ч гэдэг юм уу, алжаал ядаргаагаа бага багаар тайлахыг хичээдэг.
Тиймээс үе тэнгийн найзууддаа хэлэхэд ургац хураалтад оролцож, найз нөхөд, анги хамт олноороо дурсамж бүтээгээрэй гэж хүсмээр байна. Түүнээс гадна Оюутнууд бид ургац хураалтад илгээлтээр ирсэнээр ХАА салбартаа үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс үе тэнгийнхэн залуусыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ.
Видео үзэх:
Бид ургацын талбайтай танилцахаас гадна Монгол Улсын зөвлөх агрономич Д.Цэвэлмаатай ярилцан ургац хураалтын ажлын явцын талаар мэдээлэл авлаа.
Бороо их орох нь будааны цавуулагт ихээхэн нөлөөлдөг
"Миний бие 1973 онд ХААИС-д анх элсэн суралцаж, 1978 оноос хойш Төв аймгийн Жаргалант сумандаа газар тариалангийн агрономич мэргэжлээр өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Манай гэр бүлийн хүн мөн 1977 оноос хойш газар тариалангийн салбарт ажилласан н.Баатаржав гэдэг инженер хүн бий.
Энэ жилийн ургац хураалт 50 хувьтай үргэлжилж байна. Будаагаа хураагаад, цайруулаад, гурилын үйлдвэрт ачуулаад явж байна.
Газар тариалан тэр дундаа иргэдийн гарт гурил болж очих гэж байгаа улаанбуудай бол маш олон хүний хүч хөдөлмөр шаардсан мөн мэргэжлийн боловсон хүчний ур чадвар ихээхэн шаардагддаг. Энэ жилийн хувьд манай Төв аймгийн Жаргалант суманд цаг агаар тогтуун сайхан байсан учир үр тарианы болц сайхан байна.
Манай компанийн ургацын эргэлтийн талбай нь 1000 га орчим. Энэ жилийн хувьд 500 орчим га талбайд таримал ургамал тарьсан. Үүний 400 орчим га талбайд улаанбуудай, 80 га талбайд рапс, үлдсэн талбайд нь овьёос тарьсан байгаа. Яагаад нийт талбайнхаа 50 хувьд тарьдаг вэ гэвэл, 50 хувийг нь уриншилдаг.
Энэ нь ирэх жил тарих тариалангийнхаа талбайг бэлдэнэ гэсэн үг юм. Уринш хийхдээ хагалж боловсруулахгүйгээр химийн уринш буюу тэг боловсруулалтаар хийдэг.
Ургац хураалтын үлдсэн хувийг удаахгүй дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс гадна өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр бороо их орсонтой холбогдуулан будааны чанар буюу будааны цавуулаг харьцангуй багассан байна. Бусад үзүүлэлтүүд нь бүгд тэнцэж байхад будааны цавуулаг нь 20-21 хувьтай байна. Будааны болц бүрэн жигдрэх гэж байхад ийнхүү бороо орсон нь маш их нөлөөлсөн, будааны цавуулгийг угаасан болов уу гэж бодож байна" гэлээ.
Будааны цавуулаг багасах нь гурилын амт чанарт ихээхэн нөлөөлдөг. Сайн гурил хийхийн тулд будааны цавуулаг сайн байх ёстой юм.
Будаа хураахад хамгийн чухал зүйл бол комбайн. Тиймдээ ч тариа хураалтад хүн хүчнээс гадна техникийн хүчин чадал ихээхэн нөлөөлдөг байна. Учир юун гэвэл будааг хураахдаа комбайнаар хурааж, цэвэрлэгээ, ачлагыг ч техникийн тусламжтайгаар хийдэг нь тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулдаг аж.
Бид Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Гомбодоржоос Жаргалант сумын ургац хураалтын ажлын явц хийгээд ургац хураалтад оролцуулж буй оюутан залуусын талаар мэдээлэл авсан юм. Энэ талаар тэрбээр мэдээлэл өгөхдөө дараах зүйлийг ярилаа.
Төв аймгийн Жаргалант суманд 300 гаруй оюутныг ургац хураалтад оролцуулж байна
"Энэ жил Төв аймгийн Жаргалант сум маань МУБИС-ийн Биеийн тамирын сургууль болон ХААИС-ийн Инженерийн сургуультай хамтарч 300 гаруй оюутныг 14 хоногийн хугацаатай ургац хураалтад оролцуулж байна. Манай сумын хувьд мал аж ахуй болон газар тариалан хослосон сум юм. Жаргалант сумын иргэдийн амжиргааны их үүсвэрийн 90 хувь нь төмс, хүнсний ногоо тариалдаг бол, үлдсэн хувь нь үр тариа тариалдаг. Түүнээс гадна 100 гаруй ААН-тэй, 800 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчтэй. Одоогоор тарилан хураалт төмс, хүнсний ногооны хувьд 50 давсан, үр тарианы хувьд ид ажил өрнөж байна" гэлээ.
Тариаланчдын хувьд жилийн дөрвөн улиралд амс хийх завгүй ажиллана. Ялангуяа хаврын улиралд тариагаа тарихаар бэлтгэдэг бол зуны турш арчилгаа тордолгоог хийн, амжилттайгаар ургац хураалтын улирал, намар цагтай учран золгодог байна. Улаанбуудай тариалах нь тариаланчдын ажил хэдий ч гурил болоход үнэтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс бол тээврийн жолоочид байдаг. Тиймээс бид тээврийн жолооч Н.Баасансүрэнгээс ургац хураалтын талаар ярилцлаа.
Ургац хураалтад явахгүй нэг жил өнжье гэж бодсон ч сэтгэл огшоод хэцүү байдаг
Тэрбээр "Миний бие 12 дахь жилдээ ургац хураалтад оролцож байна. Улаанбуудайг олон газар руу зөөн гурил болоход нь өөрийн хувь нэмрээ оруулдаг. Манай аав мөн тариа, будаа зөөдөг байсан. Би ч мөн түүнийг нь өвлөн аваад одоог хүртэл ургац хураалтад оролцсоор байна.
Нэг жил ургац хураалтад явахгүй өнжье гэж бодсон ч чаддаггүй. Учир нь цаанаасаа сэтгэл огшоод хэцүү байдаг. Тийм учраас ургац хураалтад заавал оролцдог" гэв.
Намрын улирал аль хэдийнээ ирж, нарны илч ч багасчээ. Хүйтний улирал ирэхээс өмнө ургацаа хураахаар тариаланч бүр мэрийн ажиллаж байгаа тул оюутан залуус та бүхнийг энэхүү сурвалжилгаар дамжуулан ургац хураалтад хамрагдахыг хүсч байгаагаа нуух юун.
Алтан намрын өнгийг тодорхойлж, арвин их ургацын талбайд бид ийнхүү нэг өдрийг өнгөрөөв. Та бидний идэх дуртай гурилан бүтээгдэхүүнүүдэд олон хүний нөр их хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл шингэсэн байдгийг дээрх сурвалжилгаараа хүргэхийг зорилоо. Хэн дуртай нь тариаланч хийдэггүй ч хэн хүссэн нь ургац хураалтын ажилд өөрийн хөлсөө шингээх боломжтой аж.
Түүнээс гадна UBN.MN сайт Төв аймгийн Жаргалант сумаас бэлтгэсэн төмс хураалтын сурвалжилгаараа удахгүй уулзана гэдгээ сурвалжилгынхаа төгсгөлд онцлон тэмдэглэе.
Видео сурвалжилгыг UBN.mn сайтаар хүлээн авч үзээрэй.