ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр өглөө Украинд байлдах хүчээ нэмэгдүүлэхээр бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан. Мөн ОХУ-Монголын Хиагт боомт дээр ОХУ-аас манай улс руу орохыг хүссэн хүмүүсийн цуваа үргэлжилж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй.
Түүнчлэн Путины мэдэгдлийн дараа Алтанбулагийн боомтоор ОХУ-ын 261 иргэн хил нэвтрээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өчигдрийн авсан мэдээллээр Монгол тал руугаа зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн дүн мэдээлэл байна. Мөн нийгмийн сүлжээнд өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Хиагт орчимд машины урт дараалал үүссэн гэх мэдээлэл цацагдсан. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд дугаарлаж байгаа машины тоо 60 машин, хил дээр 30-40 машины цуваа үүсээд байна гэсэн.
Монгол Улс ОХУ-тай 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог. Тиймээс бид ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гадаад паспорттой иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Гадаад иргэдийг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл байхгүй. Бид өчигдөр хуралдаж, энэ талын мэдээллийг судалсан. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар цэрэг татлагыг нэмэгдүүлж байгаа юм билээ. Тухайн улсын дотоод хэрэгт Монголын талаас дүн шинжилгээ хийх боломжгүй.
Одоогоор Монгол Улсад байгаа гадаад иргэдийн тоо 17-18 мянга орчим байна. Энэ тоо Үндэсний аюулгүй байдлын хувь хэмжээнд хүрэх болоогүй байгаа" хэмээлээ.