Өнөөдөр болох УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулна.
Тодруулбал, өчигдөр үдээс хойших хуралдаан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр өндөрлөсөн бөгөөд санал хураалтыг өнөөдөр явуулахаар болсон билээ.
Техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлт нь хүн бүрд үзэл бодлоо олон нийтэд хандан илэрхийлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байгаа нь сайн талтай боловч нөгөө талаар үзэл бодлын илэрхийлэмжүүдээс бусдын нэр төр, нийгмийн ёс суртахуун, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу тэнцвэрийг олох зохицуулалт бий болгох нь төрийн үүрэг гэдгийг О.Алтангэрэл сайд танилцуулгадаа дурдаад хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан гэж байв.
Төслөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг зохицуулалтууд тусгассан хэмээн тайлбарлаж буй юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!