Л.Мөнхбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөөг хуулийн олон заалтад хэрчих тусам БУРУУ БОЛНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 35 секунд

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр ярилцлаа.

-Улсын нууцаас бусдыг ил болго. Тэгвэл хүн гүтгэх боломжгүй болно-

асгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Та энэ салбараас гарч хууль тогтоогч болсон хүний хувьд хуулийн төслийг хэр чамбай, эсвэл хэр устай байна гэж харж байгаа вэ?

-Засгийн газар салбарын хуулийн төслийг оруулж ирж байгаа нь сайн. Манайх хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэх цаг нь болчихсон. Өмнөх хуулиуд шаардлага хангахгүй байна гээд нийт дөрвөн удаа буцаагдсан байдаг. Өнөөдөр манай салбар үндсэндээ үзэл бодол, зарчмын хувьд бүрэн дампуурсан гэж хэлж болно.

Маш олон сэтгүүлч шоронд явдаг. Юм л бол Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар яллагддаг. Дээр нь ёс зүй гэж үнэхээр байхгүй болчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэн мөнгө төлж байна , түүнд үйлчилдэг болсон гээд муу талууд асар их. Үүнийг засах ёстой нь үнэн. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь ардчиллын суурь зарчим. Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг хүний заяамал эрхэд суурилсан хууль учраас үүнийг маш олон зүйл заалтад оруулж хэрчих тусмаа буруу болно.

Нийгмийн зүгээс сэтгүүлч нар ёс зүйгүй. Дуртай хүнээ гүтгэдэг гэж ярьдаг. Тэгвэл хүн гүтгээд байгаа тэр эрх чөлөөг яаж алга болгох вэ гэдэг нь энгий логик.

Өмнөх үеийнхэн болохоор “намайг гүтгэх эрх чөлөөнийх нь төлөө би тэмцэнэ” гэж хэлдэг байсан. Үгүй шүү дээ. Харин ч хүн гүтгэх эрх чөлөөг яаж байхгүй болгох вэ гэхээр төр өөрөө улсын нууцаа авч үлдээд бусад мэдээллээ нээлттэй болгож өг.

Бүх албан тушаалтан, сэтгүүлчдэд үнэн мэдээллээ өгдөг байх ёстой. Тэгвэл сэтгүүлч худалд юм бичье ч гэсэн чадахгүй болно.

Одоо эсрэгээрээ мэдээлэл хаалттай байгаа учраас гүтгэх үйлдэл санаатай болон санаандгүй бий болсоор байгаа юм. Миний хувьд энэ хуулийн гол утга санаатай зөрчилдөж байгаа зүйл нь ерөөс энэ.

-Хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгийг зааж өгсөн дотор цахим хуудсыг хамаатуулсан байна л даа. Мэдээлэл түгээх гол сүлжээ бол мэдээж цахим хуудас. Гэхдээ энэ хэсгийг зарим гишүүд сугалж онцлоод сошиалд цензургүйгээр худал, үнэн мэдээлэл тараах нь сэтгүүл зүй мөн үү гэж маргаж байна. Та аль өнцгөөс нь харж байна?

-Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг сонин, сэтгүүл, радио, телевиз цахим хуудас, ХМХ эзэмшдэг хуулийн этгээдийг хэлнэ гэж төсөл дээр бичсэн байна л даа. Мөн хуулийн төслийн 4.1.1-д Сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэж юуг хэлэх вэ гэдгийг тайлбарлахдаа олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор мэдээ, мэдээлэл хайх, эрэн сурвалжлах, олж авах, цуглуулах, боловсруулах үйл ажиллагааг хэлнэ гэсэн байгаа юм.

Тэгвэл одоо С.Бямбацогт сайдын хийгээд байгаа “Бямбын урилга” нэвтрүүлэг юу юм бэ гэж Хууль зүйн сайдаас асуухад энэ бол мэргэжлийн үйл ажиллагаа биш гэж хэлж байна. Яаж мэдээд байгаа юм. С.Бямбацогт сайдыг сэтгүүлч биш болохоор нь биш гэж үзээд байгаа юм уу гээд харахаар энэ хуулийн төсөлд дээр бичсэнээр мөн болж таарах гээд байгаа юм. Энэ мэт хуулийн төсөл логик, утга агуулгын хувьд сайн болоогүй байна гэж хэлэх байна.

-Экстримист үзэлтэнгүүд нэгдэж сэтгүүл зүй хийх боломжийг хуулиар олгох гэж байгаа нь аюултай-

-Хуулийн төслийн 10.1-д “Олон ургалч байдлыг дэмжих, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаа явуулдаг, соёл, зан заншил, сонирхол, үнэт зүйл, онцлог байдлаар нэгдсэн иргэдийн үүсгэн байгуулж, эзэмшдэг, улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид хамтын хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж болно” гэж заасныг мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага гэж авч үзэх үү гэдэг асуудал хөндөгдөхөөр байна. Үүнийг юу гэж дүгнэх вэ?

-Фашист үзэл санаагаар нийлсэн хэдэн нөхдүүд байвал яах вэ. Эсвэл шашны хэт даврагсад, шашны гаж урсгалынхан нийлээд сэтгүүл зүй хийх боломжийг нээж өгөх гэж байна. Тиймээс үүний ард улс төрийн болон экстримист үзэл бодолтой байгууллагууд нэгдэн гарч ирэх нөхцөлийг бүрдүүлэх нь гэж болгоомжилж байгаа. Хуулийн төсөлд энэ заалтыг санаатай, санамсаргүй яаж тусгаснаас шалтгаалах байх. Энэ бол маш аюултай заалт. Хуулийн төслөөс хасах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Мөн төсөлд “хэвлэл мэдээлэл эх сурвалжаа нууцална”. Хэрэв үндэсний аюулгүй байдалд харшилсан гэж үзвэл түүнийг шүүхээр тогтооно гэж орж ирж байна. Энэ бас их аюултай заалт. Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрийн дор юуг ч хийж болох эрсдэлтэй. Саяхан Ноорог.мн сайтыг Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гээд аваад явчхаж байгааг бид бүгд харсан. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлын шүүх хурал хаалттай болдог онцлогтой. Бүх зүйл нь нууц. Олон нийт юу болсныг мэдэх эрхгүй болчихдог.

Гэтэл ҮАБЗ-д гуравхан хүн байдаг. Энэ гурван хүний нэг нь л эвгүй нөхөр гараад ирсэн байхад хэвлэлийн эрх чөлөө аюултай байдал руу гулсана л гэсэн үг.

-Хуулийн төслийн 9.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага нь ашгийн төлөө болон ашгийн төлөө бус зорилготой, олон нийтийн, арилжааны, хамтын үйл ажиллагааны төрөлтэй байна” гэж заасан байна шүү дээ. Тэгэхээр санхүүжилт нь хаанаас ч байж болно, цаашлаад төрийн нөлөө бүхий бизнес эрхлэгчид хувьцаа эзэмших, олон нийтийн гэдэгт төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байх зэрэг зүйлс рүү орох нөхцөл бүрдэх нь гэж зарим хүмүүс шүүмжилж байна?

-Хэвлэл мэдээллийн байгууллага татвар төлдөг байх ёстой. Ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байх ёстой гэсэн хувилбартай байж болохгүй. Тэгж байж тендерт оролцох эрх нь нээгдэнэ. Зах зээлийн зарчмаараа явна. Ашгийн бус байгууллага байлаа гэхэд санхүүжилт нь хаанаас гарах юм гэдгийг бодох л ёстой. Буцаад мөнгөөр хүн гүтгэх боломжийг л нээнэ. Эсвэл төрөөс санхүүждэг хараат байдал руу л орно.

Хуулийн төслийн 6.5-д “Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна” гэж орж ирсэн нь зөв. Ингэж байж хэвлэл мэдээллийн байгууллага санхүүжих хууль ёсны боломж нь нээгдэж байгаа юм.

Би өөрийгөө 28 жил эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаад мэдээллийн эх сурвалжаа маш сайн олж авч байсан гэж дүгнэдэг байлаа. Гэтэл сая УИХ-ын гишүүн болоход мэдээлэл маш сайн авдаг болсон ч сэтгүүлчдэд маань мэдээлэл маш хангалтгүй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс мэдээлэл нээлттэй байх нь хамгийн чухал гэдгийг бусад гишүүддээ ойлгуулж хэлэх гэж хичээж байгаа.

-Ёс зүйг кодлох боломжгүй-

-Ёс зүйг хуульчилж болох уу, гишүүн ээ. УИХ-ын чуулганд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусан зарим гишүүд хуульд сэтгүүлчийн ёс зүйг зохицуулаагүй байна гэж шүүмжилж ярьж байна шүү дээ?

- Ёс зүйг хуульчилж болохгүй. Жишээ нь нүүрс олборлодог компаниудын ёс зүйг хуульчилж болно. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь заяамал эрх. Заяамал эрхийг яаж хуульчлах юм. Яаж ёс зүйн код батлах гээд байгаа юм. Энэ бол байх боломжгүй зохицуулалт.

Өмнө нь манай салбарын ёс зүйн зөвлөл намайг нэг албан тушаалтныг гүтгэсэн гэж шийдвэрлэж байсан. Түүнийгээ бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан. Гэтэл намайг таван жилийн дараа АНУ-ын Ерөнхий прокурор дэлхий нийтээр мэдээлж, цагаатгасан шүү дээ. Үүнийхээ төлөө ёс зүйн зөвлөл надаас уучлалт гуйгаагүй. Тиймээс ёс зүйг кодлох ямар ч боломгүй.

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байсан хүний хувьд сэтгүүлчийн ёс зүйн зөрчлийг цагдаа, прокурор, шүүх дээр ярихаас илүү Арбитртай болж, түүгээр орж шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэж хэлж байна. Энэ саналыг хууль тогтоогчийн хувьд дэмжиж байгаа юу?

- Арбитртай байх шаардлагагүй. Би үүнийг дэмжихгүй. Харин П.Сайнзориг гишүүний хэлсэн нэг өнцөгтэй санал нэг байгаа. Тэр нь сэтгүүлч эх сурвалжаа нууцлахтай холбоотой асуудал ганцхан Эрүүгийн хуульд биш Иргэний, Захиргааны гээд бүх талын хуульд хамаарагдах ёстой гэж хэлсэн нь таалагдаж байгаа.

Харин энэ төсөл бол Засгийн газраас оруулж ирсэн хувилбар.

Гэхдээ Засгийн газар дотор Ерөнхий сайд л ганцаараа сэтгүүлч. Би ерөнхий сайдыг энэ хуулийг бариад бичсэн гэдэгт итгэхгүй байна. О.Алтангэрэл сайд бол хуульч хүн.

УИХ-д дөрвөн сэтгүүлч мэргэжилтэй хүн байна. Энэ хүмүүсээ ажлын хэсэгт оруул л даа. Тэгээд энэ салбарын зовлон, жаргалыг сонсох хэрэгтэй шүү дээ. Хамгийн наад зах нь Швед рүү явж хуулийн төслөөрөө судалгаа хийх ёстой. Тэнд бүх мэдээлэл нээлттэй байдаг.

- Олон сэтгүүлч Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйлээр буюу Худал мэдээлэл тараах гэдгээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Сэтгүүлч Б.Баттуул сүүлд ҮХЦ-д энэ заалт нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж байна гэж үзээд мэдээлэл гаргасан байдаг ч одоо хэр нь цэц хянан хэлэлцээгүй байна. Хуулийн төсөлд үүнийг хэрхэн зохицуулсан байгаа вэ?

-Хуулийн төсөлд яг энэ агуулгаар харин авах юм байна. Жишээ нь ташаа мэдээлэл гэж юуг хэлэх вэ гэдэгт санамсаргүй, болгоомжгүй, хууртагдсан байдлаас үүссэн бол энэ нь ташаа мэдээлэл болно гэж оруулж. Харин санаатайгаар бол үүнийг илт худал мэдээлэл гэж үзнэ. Хүн гүтгэсэн бол ялаа авах л ёстой шүү дээ. Тиймээс ташаа мэдээлэл, худал мэдээлэл гэдгийг энэ хуулийн төсөлд хоёр салгаж өгсөн нь зөв зүйл гэж харж байгаа. Харин Эрүүгийн хуулиас 13.14 дэх заалтыг хасах ёстой. Тэгээд энэ хувилбараар оруулаад өгвөл шударга заримд нийцнэ.

Ярилцсанд баярлалаа

Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж 6 сая гаруй төгрөг залилсан иргэнийг хуулийн байгууллагаар шалгуулна
Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж 6 сая гаруй төгрөг залилсан иргэнийг хуулийн байгууллагаар шалгуулна
 
Ч.Лодойсамбуу: Төр, хэвлэл хоёрын зах зээл булаацалдаад байгаа байдлыг арилгах ёстой. ЗГ-аас оруулсан хуулийн төсөл дээр том бүрэлдэхүүнтэй ажиллана
Ч.Лодойсамбуу: Төр, хэвлэл хоёрын зах зээл булаацалдаад байгаа байдлыг арилгах ёстой. ЗГ-аас оруулсан хуулийн төсөл дээр том бүрэлдэхүүнтэй ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!