Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Улс төрчид төсөвт нөлөөлж, тойрогт мөнгө хуваарилдаг нь төсвийн тогтолцоог гажуудуулж, зардал өсдөг

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 46 секунд

Удахгүй 2023 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-2023 оны улсын төсвийг тун удахгүй хэлэлцэх гэж байна. Ирэх оны төсөвт ямар хүлээлттэй байгаа вэ?

- Улсын төсөв нь макро эдийн засгийн гол арга хэрэгслийн нэг. Улсын төсөв оновчтой, зөв бодлоготой байх ёстой. Ялангуяа өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Иргэдийн орлого буурсан, инфляц өсөж, эдийн засгийн өсөлт саарсан төвөгтэй нөхцөлд байна. Энэ байдалд дараа жилийн төсвийг хэрхэн төлөвлөхөөс шалтгаалан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, үнийн өсөлт, валютын ханш бусад эрсдэлүүд хамаарна. Тиймээс бодлого болоод тоон үзүүлэлтийн хувьд зөв төсөв орж ирээсэй гэсэн хүлээлттэй байна.

Өмнөх жилийн төсвийн тоон үзүүлэлтийг илүү сайжруулах ёстой. Үүнд төсвийн орлого, зардал түүний өсөлт, үр ашгийн байдал, хөрөнгө оруулалтын зардлыг илүү оновчтой болгох шаардлага бий. Орлого, зарлагын өсөлтийг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон бодитоор буюу аль болох алдагдал багатай төсөв оруулж ирэх нь чухал.

-Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа хөгжлийн төсөв гэх нэртэйгээр оруулж ирсэн. Энэ нэрийнхээ зорилтод хүрч чадсан уу?

- 2022 оны төсөв дээр Сангийн яам томоохон эхлэлийг тавьж чадсан гэж үзэж байна. Учир нь төсвийг бодлогын хувьд шинэчилж, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн байдлыг цогцоор нь шийдвэрлэх томоохон зорилтуудтай байсан. Ерөнхийдөө төсвийн бодлогын шинэчлэлийн суурь сайн орж ирсэн. Тухайн бодлогын шинэчлэлд хөгжлийн зорилтууд дэвшүүлсэн. Гэвч жинхэнэ утгаараа Хөгжлийн төсөв байж чадаагүй, үр ашигтай хэрэгжээгүй.

Энэ нь олон шалтгаантай.

Монгол Улсын төсөв өмнө нь тодорхой бодлогогүй, тогтвортой байдал алдагдсан шинжтэй байсан. Харин 2022 оны төсвөөр цаашид байх ёстой төсвийн ерөнхий чиглэлийг гаргалаа хэмээн олзуурхаж хүлээж авсан. Харин хэрэгжилт муу байсан нь өмнөх жилүүдийн үр дагавар байсан. Өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтын алдаа, төсөвт нөлөөлж буй улс төр болон бусад институтийн нөлөөллүүдийг харгалзан үзвэл энэ зүйлийг нэг жилийн дотор бодитойгоор хэрэгжихгүй. Иймд энэ төсвийн бодлогыг хэрэгжүүлж чанарын хувьд үр ашигтай байх тал дээр ирэх жилийн төсвийн хувьд анхаарах нь чухал.

-Ерөнхийдөө 2022 оны төсвөөс эхлэн улсын төсвийн бодлого тогтворжсон гэж ойлгож болох уу?

- Тийм. Гэхдээ төсөв бодлоготой болох эхлэл тавигдсан гэж хэлэх нь илүү оновчтой. Бодлогын томоохон шинэчлэлийн эхлэл болсон. Одоо цаашид орлогоо зөв төлөвлөх, зардлын үр ашигт байдлыг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Бид төсвийн зардлыг ярихдаа хөрөнгө оруулалтыг илүү онцгойлж чухалчилдаг. Тэгвэл хөрөнгийн болон урсгал зардал аль аль нь улсын хөгжил рүү чиглэсэн байх ёстой. Зөвхөн хөрөнгө оруулалтын зардал улсыг хөгжүүлээд, урсгал зардал нь урсаад алга болдог гэсэн үг биш. Урсгал зардлын нөлөөлөл нь улсын нийгэм, эдийн засагт оруулах нөлөөллөөрөө хөрөнгө оруулалтаасаа дутахгүй байх боломжтой.

Өөр анхаарах үзүүлэлт нь төсвийн алдагдал. Монгол Улс сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал маш өндөртэй явж ирсэн. Энэ нь олон жилийн алдаатай бодлогын үр дагавар. 2014-2016 онд төсвийн байдал хүндэрсэн. Харин 2017-2019 онд төсвийн нөхцөл байдал сайжирч 2019 онд тэнцэл ашигтай гарсан боловч цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жилд буцаад алдагдал өссөн.

-Таны өмнө хэлсэнчлэн жил бүр төсвийн алдагдал өсөж байгаа. Харин 2023 оны төсвийг алдагдалгүй байхаар батална гэх зүйл ярьж байна. Ийм боломж бий юу?

- Төсвийн алдагдал нь нийгэм, эдийн засгийг урагшлуулах хүчийг бий болгож чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй. Төсвийн алдагдлаас үүдэж өрийн дарамт, төсвийн хүндрэл, ирээдүйд зарцуулах боломжтой байсан эх үүсвэрүүдийг хязгаарладаг. Онолын хувьд төсөв үнэхээр ашигтай байвал алдагдалтай байж болно. Гол нь ашигтай байж чадвал шүү дээ.

Сүүлийн жилүүдэд төсөв өссөөр байгаа хэдий ч нийгмийн амьдралын чанар, төрийн үйлчилгээний чанартай харьцуулж харахад төсвийн үр ашигтай байдалд эргэлзээ үүсэж байгаа юм.

2022 оны эдийн засгийн төлөв сайнгүйгээр дуусах төлөвтэй байна. Иймд 2023 он хүнд жил болно. Тиймээс төсвийн бодлого, мөнгөний бодлогоо зөв хослуулах ёстой. Төсвийн зардлыг аль болох үр ашигтай, оновчтой тодорхойлж, орлогоо бодитоор төлөвлөх шаардлагатай. Алдагдлын хувьд боломжит дээд түвшинд багасгахыг хичээх хэрэгтэй гэж бий хувьдаа үзэж байгаа.

-Төсвийн орлогыг хэт өндөр төсөөлснөөс болоод оны эцэст орлого дутах эрсдэлд ордог юм шиг санагддаг?

- Төсвийн эрх зүйн орчинд орлого, зарлагыг хязгаарласан үзүүлэлтүүд байдаг. Энэ хүрээнд зарлагын өсөлт орлогын өсөлтөөр хязгаарлагддаг. Орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэх хардлага эдийн засгийн хүрээнд байдаг л даа. Улс төрчид төсөвт нөлөөлж, тойрогт мөнгө хуваарилдаг нь төсвийн тогтолцоог гажуудуулж, зардал өсөх хандлагатай байдаг. Энийг зохицуулахын тулд төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг сайжруулах ёстой.

-2022 онд хоёр удаа төсвийн тодотгол хийсэн. Энэ тодотголууд хир үр дүнтэй байж чадсан бэ?

- Нэгдүгээрт тэтгэвэр тэтгэмжтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийсэн. Ингэхдээ төсвийн орлого зарлага буюу ерөнхий бүтцийг өөрчлөөгүй.

Харин хоёрдох тодотгол нь эдийн засгийн хүндрэлээс үүдэн нийгмийн халамжийн чиглэлд мөнгө зарцуулах шаардлагатай холбоотой байсан гэж ойлгож байгаа. Нийгмийн худалдан авах чадвар дорой байгаа үед эмзэг хэсгийг хамгаалахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа. Энэ шаардлагатай холбон авч үзвэл зайлшгүй тодотгох шаардлага гарсан. Тодорхой хөрөнгө оруулалтуудыг царцааж, бий болсон сул эх үүсвэрүүдийг нийгмийн халамж хамгаалал руу шилжүүлсэн.

Эдгээрийг цаг үеийн нөхцөл байдалтай холбож тайлбарлавал зөв шийдвэр гэх үндэслэлтэй. Төсвийн зарлагыг тэлсэнгүй, тодотгох нэрээр төсвийг муутгаагүй. Өмнөх тодотголуудтай харьцуулахад буруу байгаагүй.

-2022 оны эхний 7 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл орлого зарлагын харьцаа ямар байна вэ?

- Төсвийн орлогын эхний 7 сарын байдлаас харахад оргүй тасалдаж, хүндэрсэн зүйл байхгүй. Энэ жилийн төсвийн орлогыг 15 их наяд орчим төгрөг байна гэж төсөөлсөн. Үүнээс татварын орлогыг 13 их наяд төгрөг байна гэж төсөөлснөөс одоогоор 8.2 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Татварын орлого дээр эмзэглэлүүштэй зүйл бий. Тухайлбал, бусад татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдсэн. Ингэснээр татварын төсөвт суутгах орлого нэмэгдсэн ч орлогын албан татвар буурсан. Улмаар нийт татварт эзлэх хувь хэмжээ буурсан нь анхаарал татах зүйл юм.

-Уул уурхайн салбарын өсөлт төсөвт тодорхой хувь эзэлдэг шүү дээ. Саяхан гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр жилд экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх тооцоолол бий. Тэгэхээр төсвийн орлого эерэг гарах магадлал нэмэгдэх үү?

- Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Монголын эдийн засгийн хамгийн таатай мэдээнүүдийн нэг. Гэвч энэ жилийн экспортын хэмжээ, эдийн засгийн гүйцэтгэлд хүчтэй нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй. Нүүрсний экспортын хэмжээг сүүлийн байдлаар 20 сая тонн гэж таамаглаж байна. Энэ хэмжээнээсээ буурахгүй байвал уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлнө. Мөн төсвийн орлого харьцангуй эерэг нөлөөлөх магадлалтай. Учир нь уул уурхайн салбар нь манай улсын төсөвт 20 гаруй хувийн нөлөөлөлтэй байдаг. Үүнтэй дүйцэхүйц хэмжээгээр улсын эдийн засагт ч мөн нөлөөлдөг салбар юм.

- Ярилцсанд баярлалаа.

Маргааш 25 хэмийн дулаан, бороо орохгүй
Маргааш 25 хэмийн дулаан, бороо орохгүй
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.