Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засагт оруулна гэж “хулхидахдаа“ АН-ын бүлгийг зовлон дээр нь зовлон нэмж, улам ТАРААХ бодлого баримталжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 38 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Та нар анзаарсан уу. Сүйрсэн Ардчилсан намын, сүйрч буй бүлэг нь МАН-ыг засгаа бүрдүүлэхтэй зэрэгцэж бүрэн утгаараа сүйрснийг. Дампууралд хөтөлж, “хар муур” гүйлгэсэн хүмүүс нь мэдээж МАН-ынхан. Тэд хөөрхий АН-ын бүлгийн сандал ширээнд дуртай хэдэн нөхдөд “Засгийн газарт оруулж, сайд өгнө” гэж чулуу хөөлгөөд хооронд нь золтой л “дайн” дэгдээчихсэнгүй.

Сайд өгнө гэдэгт нь итгэсэн гэнэн тэнэг С.Одонтуяа, Н.Ганибал, Ш.Адьшаа, Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд байгаа ганц бүлгээ улаан гараар тарааж, С.Эрдэнэ тэднийг “хувийн” намаасаа хөөж цэг хатгалаа.

Эрх баригчдын “хөнжил гудас” руу шургах талаар сонссон С.Эрдэнэ тэснэ, тэснэ гэхэд тэсэх вэ дээ. Ядаж байхад О.Цогтгэрэл нар Д.Ганбатыг нь хөөж, бүлгийн дарга авах асуудлаа ҮХНӨ-ийн кнопоор сольж “наймаалцсан”-д бүр илүү хорсож яваа. Талцал, хэрүүл нь байж болох өндөртөө нэгэнт хүрсэн АН-ынхан өчигдөр гэхэд өрөө, саваа булаалцалдаж саарал ордныг шуугиулж байна лээ.

Үүнийг л хүсэж, “сайд өгнө” гэж хулхидсан МАН-ынхан “хөшиг”-ний цаана хөх инээдээ барьж дийлэхгүй суугаа нь гарцаагүй. Уг нь АН-ынхан учраа олох тийшээ бага зэрэг хэлбийж, цагдаа шүүхийн хаалга татах дээрээ тулсан Х.Баттулга “эв нэгдэл”-ийн талаар ярьж эхэлсэн нь саяхан. Зарим эх сурвалжууд ч “зовлон” нэгтэй Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрыг эргээд нэгдэх магадлалтай гэдгийг онцолж байв.

Мөн АН-ын лидерүүд хоёр талд цуглаж 2024 оны сонгуулийн “зураг”-аа зурж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Үүний нэг цугларалт нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүсийн Америк дахь уулзалт гэдэг яриаг улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байв.

Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуульд МАН-ын нэр хүнд өндөр доозоор унаж орох тул сайн ч, муу ч гол өрсөлдөгч болох АН-ыг улам л шороотой хутгаж, сураггүй болгох нь МАН-д чухал.

Тиймээс л анхнаасаа сайдын суудал ярьж, Засгийн газрынхаа хаяа хатавчийг тэдэнд санал болгож тоглосон юм. Угаасаа эрүүл ухаанаар бодоход 62 ам “ангайж” байхад, амьдралд ямар ч хэрэггүй тархай, бутархай АН-ын бүлгийг яаж хооллох вэ дээ. АН-ын хэдэн эрх мэдлийн шуналтнууд үүнийг нь мэдэхгүй сайд болох гэж баахан солиорч, нөгөө талд нь сайд өгөхгүйгээ сайн мэдэх МАН-ынхан засаг байгуулдаг өдрөө баахан хүлээж жүжив.

Энэ бүх үйл явцын дараа арай гэж шар гэрэл нь асах гэж байсан АН-ынхан өөрсдийн гараар намаа тарааж дахиад улаан гэрэлээ асааваа хөөрхий. Одоо нэг хэсэгтээ л эвлэрэл, нэгдлийн талаар АН-ынхан мөрөөдөөд ч нэмэргүй. Мөрөөдсөн ч МАН-ынхан үүнийг чинь зөвшөөрөхгүй.

Харин энэ балиар “хар муур”-ыг АН-ынхан дунд гүйлгэх санаа МАН-ын хэн гэгч эрхмийн тархинд нь "ургасан” бол доо.

Г.Лхагвадорж

Үүрэн холбооны компаниудын үйлчилгээний төлбөрийн мэдээллийг Монголбанкны хар жагсаалтад бүртгэхгүй
Үүрэн холбооны компаниудын үйлчилгээний төлбөрийн мэдээллийг Монголбанкны хар жагсаалтад бүртгэхгүй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.