Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амгаланбаатар: “Үнэр“ олон ангит кино эротик төрлийн бус цэвэр драм төрлийн кино

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
16 минут 40 секунд

Монголын соёл урлагийн салбарын томоохон төлөөлөл тэр дундаа Драмын театраар овоглогдох цөөн хэдэн жүжигчний нэг бол яах аргагүй МУГЖ Г.Амгаланбаатар юм. Тэртээ 1999 онд СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлага дор төгсөж, өнөөдрийг хүртэл тус сургуулиас хөндийрөөгүй байгаа түүний хувьд СУИС-ийн Театр урлагийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар ажиллан, олон олон авьяаслаг жүжигчнийг бэлдэн гаргасан байдаг.

Бүтээсэн дүр бүрээрээ үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, “Драмын Амгаа” нэрээр олны хайр, хүндлэлийг хүртсэн тэрбээр саяхан “Үнэр” ОАУСК-оор үзэгчидтэйгээ дахин мэндлээд буй. Түүний хувьд “Үнэр” ОАУСК-д гол дүрийн жүжигчнээр ажилласан төдийгүй, анх удаа продюсерээр ажиллаж байгаа тухайгаа ярьсан юм. Иймд түүнтэй шинэхэн уран бүтээлийн талаар болон бага нас мөн урлагийн замналын талаар ярилцсан хэсэг хормоо сийрүүлэн хүргэе.

-Юуны өмнө шинэхэн уран бүтээлийх нь талаар ярилцъя. “Үнэр” ОАУСК-д таны хувьд гол дүрийн жүжигчнээр ажилласан байна лээ?

-“Үнэр” олон ангит уран сайхны кинонд миний бие гол дүрд тоглохоос гадна анх удаа продюсерээр ажилласан байгаа. “Номадиа” пикчерс хамтран ажиллаж, энэ төслийг гүйцэтгэхэд томоохон тус боллоо. Киноны хувь эхний хоёр анги ‘Look tv’ болон ‘Univision’-ээр цацагдлаа. Үзэгчдийн хувьд хандалт сайн байх шиг байна.

Түүнээс гадна киноны ПиАр, маркетингийн арга байдаг юм байна. Киноны маань 17 секундын тизер дээр ихэвчлэн миний үнсэлцэж буй хэсгийг оруулчихсан байна лээ. Хүмүүсийн хувьд ч тийм төрлийн кино, контентыг үзэх нь их байдаг юм байна.

Үзэгчдийн зүгээс “Үнэр” олон ангит киног насанд хүрэгчдийн кино юм уу гэх асуулт их ирж байгаа. Энэ бол киноны маркетинг гэж хэлэх нь зөв байх. Түүнээс 10 ангит кинон дээр байнга үнсэлт гараад байна гэж байхгүй шүү дээ.

Анх би киноныхоо тизерийг үзээд 40 гарсан намайг дандаа ингэж залуу охидуудтай үнсэлцэж байгаа хэсгийг яагаад оруулсан юм бэ гэхэд, тэр тусмаа зүгээр гээд кино багийнхан маань хэлсэн. Киноны хувьд цэвэр драм төрлийн кино. Ямар ч эротик төрлийн кино биш. 13-аас дээш насныхан үзэхэд тохиромжтой. Гэхдээ 16-аас дээш гээд заачихсан байна лээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

-Киноны агуулгын тухай дурдаж болох уу?

-Утга санааны тухайд гэвэл 40 гаран насны залуу өөрөөсөө 20 гаран насны дүү эхнэртэй, өмнө нь амьдрал зохиож байсан ч үрийн зулай үнэрлэж байгаагүй Баярт хэмээх залуугийн тухай гардаг. Ингээд залуу эхнэр нь хөл хүнд болдог. Энэ нь нэг талаар маш их баяртай мэдээ боловч нөгөө талаар бас шок буюу итгэж ядсан, гайхсан үйл явдал болдог.

Ерөнхийдөө киноны утга агуулга ийнхүү өрнөнө. Түүнээс гадна амьдралд байж болох төрөл бүрийн хүн, үйл явдал гарч ирнэ. Анги ахих тусам улам илүү сонирхол татахуйц үйл явдал гарч эхэлнэ.

-Киног яагаад “Үнэр” гэж нэрлэсэн юм бол?

-Кино зохиолыг Л.Таванбаяр бичсэн. Түүний гаргасан “Хүдэн” хэмээх номд “Үнэр” гэсэн тууж багтсан байдаг. Энэ туужийг би анх уншиж үзээд, энэ туужаа олон ангит кино болгооч ээ гэсэн санааг анх өнгөрсөн намар түүнд хэлж байсан юм. Гэтэл хавар гуравдугаар сард Солонгост сурдаг мэргэжлийн хүнтэй холбогдоод зохиолоо 10 ангит сериал болгоод аваад ирсэн. Тэгээд уншиж үзтэл үнэхээр сонирхолтой байсан.

Солонгосын сериал бол кино урлагт дээгүүрт тооцогддог шүү дээ. Яг л тийм порматаар 10 ангит кино зохиол бичээд ирсэн. Ингээд хамтарч ажиллах албан байгууллага, хувь хүн хайгаад “Номадиа” пикчерст танилцуулахад, маш сонирхолтой зохиол байна. Үзэгчдийг байлдан дагуулах боломжтой юм байна гээд хамтран ажиллах болсон.

Харин “Үнэр” хэмээх нэрний хувьд хүний таван мэдрэхгүй, тэр дундаа хамгийн өвөрмөц нь үнэрлэх мэдрэхүй байдаг. Үзэгчдийн зүгээс ч энэ нэрний талаар маш их асууж байна лээ.

Бидний бага нас буюу социализмын үед маш тарчиг байсан. Хүүхэд байхдаа мандарины хальсыг авахаар маш нандин гоё үнэр үнэртдэг байлаа. Одоо ч мандарины үнэр үнэрлэхээр бага насны дурсамж, тэр дундаа ёолк санаанд ордог. Хүн ямар нэг үнэр үнэрлээд хуучны дурсамж мэдрэгддэг шүү дээ. Тэгэхээр үнэрлэх бол хүний мэдрэхүйн хамгийн сонин, содон учир “Үнэр” гэж нэрлэсэн байх гэж хувьдаа бодож байна.

Гэхдээ хүн бүр өөр өөрийн гэсэн таамаг тавьж байгаа байх. Хүний үнэр ч гэдэг юм уу. Тиймээс үзэгчдийг киногоо үзээд яагаад ийнхүү нэрлэсэн бэ гэдгийг мэдээсэй гэж хүсч байна.

-Зургийн багаа танилцуулбал?

-Өмнө хэлсэнчлэн зохиолч, найруулагчаар Л.Таванбаяр ажилласан. Техникийн баг буюу опетарторын багаар "Эрхэс" интертайментын залуус, хөгжмийн зохиолчоор Нисванис хамтлагийн Амгаа маань ажиллаж, хоёр шинэхэн дууг зохиосон. Дууг "Universe best songs" наадамд оролцож байсан дуучин Б.Солонго мөн төгсгөлийн дуун дээр Амгаагийн маань гэргий дуулан шинээр гарч ирж байгаа.

Ерөнхийдөө миний хувьд ихэвчлэн залуучуудаа дэмжиж ажиллахыг хүсдэг. Өөрөө багш хүний хувьд мөн залуу жүжигчин байсан учир шинэ залуу үеэ гаргаж ирэх, шинэ өнгө төрхийг гаргаж ирэхийг хүсдэг. Гол дүрд жүжигчин Н.Нархажид, А.Эгэлзаяа, Т.Баасансүрэн, Б.Баттогтох, Ш.Мөнхбаяр нар тоглосон. Түүнээс гадна түшиг тулгуур болгох үүднээс МУГЖ Ж.Оюундарь эгч маань, МУГЖ Д.Ганцэцэг, СТА О.Гэрэлсүх зэрэг туршлагатай жүжигчид маань хамтран оролцсон байгаа.

Гол дүрийн жүжигчид маань шинэ залуу гэлтгүй маш сайн тоглосон. Найруулагчийн хэлсэн зүйлийг маш сайн ойлгож, дүрээ гаргаж байгаа нь маш хурдтай байгааг нь илтгэж байна лээ. Бүгд манай СУИС-аас гарсан учир маш их талархалтай байгаа. Мөн хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлэх нь зөв байх. 50 хоногийн хугацаанд ажиллаад дууссан. Мөн шинэ залуу жүжигчдээ продюсерийн хувьд, ахмад жүжигчний хувьд уурлаж, загнах тохиолдол гарсан байх. Үүнд уучлаарай гэж хэлье.

-Хувь хүн талаас нь ярилцъя гэж бодлоо. Таны хувьд амьдралдаа ямар чиг шугам, жанжин шугам баримталдаг вэ?

-Миний амьдралынхаа туршид баримталж ирсэн жанжин шугам бол худлаа ярихгүй юм шүү, хүн хуурч мэхлэхгүй юм шүү гэж бодож, түүнийгээ жанжин шугам мэт өнөөдрийг хүртэл баримталж явдаг. Үүнээс гадна нэг зорьсон зүйлдээ тууштай байж, хоёргүй сэтгэлээр хандахыг хичээдэг. Түүнийхээ үр шимийг би МУГЖ болтлоо үзээд явж байна.

Драмын урлаг, тайзны урлагаасаа хувираагүй, хөндийрөөгүй явж байна. Манай Ардын Жүжигчин П.Цэрэндагва ах маань хэлдэг "Ачааны хүндийг нуруундаа үүрч, зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, жанжин шугамаасаа огт хазайлгүй явж байгаа залуучууд" гэж манай драмын 4-ийг хэлдэг.

-Тантай ярилцаж байгаагийн хувьд "Драмын 4"-ийн буюу та дөрвийн талаар ярихгүй, асуухгүй өнгөрч болохгүй байх. "Драмын 4" эргэн ирэлт гэдэг юм уу эсвэл шинэхэн уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах уу?

-Яг одоогоор бол энэ талаар төлөвлөсөн зүйл байхгүй байна. Гэхдээ цаашид боломж гараад шинэ уран бүтээл, шинэ дуу бичүүлээд үзэгчидтэйгээ уулзвал хандалт өндөр байх болов уу.

Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ хоёр маань дөнгөж сая "Тамгагүй төр" жүжгээ 117 дахь удаагаа тоглоод дууслаа. Н.Наранбаатар маань АНУ-д явж байгаа. Есдүгээр сард ирнэ. Магадгүй төд удалгүй бид дөрөв шинэ дуугаар үзэгчиддээ гэнэтийн бэлэг барихыг үгүйсгэхгүй.

-Таны хувьд бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?

-Маш сахилгагүй, хөдөлгөөнтэй, цайлган хүүхэд байсан. Маш хөөрүү, дэврүүн сэтгэлтэй, амьдралыг хар бараанаар харж байгаагүй, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Амгаа хаана байна тэнд инээсэн, уйлсан, дуулсан, бужигнасан эсвэл шороо манартал зодоон болж байдаг байсан. Ер нь л эрс тэс ааш араншинтай, эмоцитой хүүхэд байлаа.

Одоо ч яахав 40 нас гараад ирсэн ааш араншин дарагдаж байна. Гэхдээ хааяа хүүхэд зан гарч ирнэ.

-Урлагийн салбарт яагаад хөл тавих болов. Урлаг яагаад таныг татав?

-Ерөөсөө л бурхан намайг урлагийн хүн болгохоор зурчихсан юм билээ. Нэгдүгээр ангидаа Хөгжим бүжгийн хийлийн ангид орсон. Тавдугаар ангидаа самбо бөхөөр барилдахаар болсон. Яг л зүрхний цохилт шиг унаж босоод л явж байдаг байлаа.

Түүнээс гадна удам дагасан. Миний ээжийн аав буюу өвөө маань н.Дорж гэж найруулагч байсан юм. Ялангуяа хөдөө орон нутгийн театруудыг хөл дээр нь босгож явсан сайхан хүний дэргэд өссөн. Тийм хүний үр болохоор цусанд нь ясанд нь урлагийн цус гүйж байдаг. 10 дугаар ангиа төгсөөд СУИС-д конкурс өгөөд жүжигчний ангид орсон.

Дурсгалын дэвтэр дээр чи том болоод юу хийх вэ гэсэн асуултад "Хамтлаг байгуулна", Хэрвээ чи шидтэн байсан бол юу хийх байсан бэ гэвэл бас л "Хамтлаг байгуулна" гэдэг хариу бичдэг байсан байна лээ. Тэгэхээр би одоо мөрөөдлөө биелүүлээд явж байгаадаа маш их баярладаг юм.

Манай "Драмын 4" бүгдээрээ Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртсэн хамтлаг шүү дээ. Бүр анх Харангын ах нар Төрийн соёрхол аваагүй байхад Камертоны Д.Болд, манай Пара Төрийн соёрхол авчихсан байлаа. Тэр үед би Монголд Төрийн соёрхолтой хоёрхон хамтлаг байдаг нэг нь "Камертон" нөгөөх нь "Драмын 4" гээд л аархдаг байлаа. Энэ бол миний долоо, наймдугаар ангид байхдаа хамтлаг байгуулах мөрөөдлөө биелүүлсний нэгээхэн хэсэг юм.

Аравдугаар ангиа төгсөөд СУИС-ийн драмын ангид, драмын урлагт эргэлт буцалтгүй татагдсан. Энд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол манай багш АЖ Ж.Лхамхүү маань юм. Багш маань миний толгойд нэг, хоёрдугаар курсээс минь эхлээд "Амгаа чи бол Драмын хүн шүү" гэдэг хардыг суулгаж өгсөн. Би ч СУИС-аа төгсөөд хоёр жил УДЭТ-т цалингүй дагалдаж явсаар байгаад драмын жүжигчин болсон. Тэглээ гээд буруудсан зүйл одоо алга. Өмнө хэлсэнчлэн жанжин шугамаасаа хазайлгүй явж байна.

Видео үзэх:

-Таны хувьд СУИС-ийн Театр урлагийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Багш хүний хувьд шавь нартаа юуг хамгийн их захидаг вэ?

-Шавь нартаа хамгийн их хэлдэг, захидаг зүйл бол жинхэнэ уран бүтээлч байгаарай. Хамгийн гол нь ХҮН байгаарай гэж хамгийн их захидаг даа.

-Багш хүний хувьд шавь нараараа бахархах нь хамгийн том аз жаргал байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Миний хувьд СУИС-д багшлаад 8 жил болж байна. Энэ хугацаанд олон сайхан шавь төрөн гарсан байна. Ард түмний мэддэг, хайрлаж хүндэлдэг, биширдэг маш олон шинэ жүжигчдийг төрүүлэн гаргасан. Жишээлбэл, Эмоци продакшны жүжигчин Жерри, Favway-ийн охидууд, MAAZ-ын залуус, Мишээл, Gangbay хамтлагийн залуус зэрэг маш олон сайхан шавь байна. Тэднийг маань монголын ард түмэн мэддэг, хайрлаж хүндэлдэг. Энэ л байхад багш хүний бахархал маш их төрдөг дөө.

-Драм болон кино урлаг хоорондоо ямар ялгаатай вэ. Ур чадварын хувьд?

-Ур чадварын хувьд драмын урлаг илүү. Кино урлагт гялалзаж яваа жүжигчдийн хувьд дандаа манай драмаас төрөн гарсан жүжигчид байдаг. Театр бол амьд харилцаа. Кино урлаг бол монтажны урлаг. Хэдэн ч удаа дүблдээд тэндээсээ ганц сайн хэсгийг нь сонгоод тэднийгээ нийлүүлж монтажлаад кино бүтдэг.

Гэтэл тайз бол огт тийм зүйл байхгүй. Тайзыг хуурах, аргалах, монтажлах ямар ч арга байхгүй. Тайзны урлаг бол бүх үзэгчид, түмний нүдэн дээр ил байдаг учраас хуурах ямар ч арга байхгүй. Тэндээс л жинхэнэ жүжигчин товойж гарч, торойж үлддэг.

-Ярилцлага маань энд хүрээд дуусч байна. Гэхдээ нэг асуулт асуумаар байна. Хүн амьдралдаа алдаж онох зүйл бишгүй л тохиолддог. Ялангуяа харамсах зүйл хийх тохиолдол ч их гардаг. Таны хувьд амьдралдаа хамгийн их гэмшиж, харуусаж явдаг зүйл байдаг уу?

-Насан туршдаа харамсах зүйл гэхээсээ илүү гаргасан алдаа оноондоо гэмших зүйл бий. Жишээлбэл, муу үйл хийх гэхээсээ илүү ээжийгээ алдахдаа л хамгийн их ойлгосон.

Ээжгүй болчихсон, эхээсээ ганцаараа үлдсэн үедээ л ээждээ яах гэж хатуу үг хэлж байв аа, яах гэж залгахад нь өмнөөс нь орилоод тасалж байв аа гэж гэмшдэг юм билээ. Би маш их эрх хүүхэд байлаа...

Ийм зүйл дээр л харамсал гарч ирдэг. Тийм болохоор ээж аавдаа хатуу үг хэлж, гомдоож болдоггүй юм билээ. Мэдээж бага зэргийн алдаа залуу насанд гардаг л байхгүй юу. Түүнийг бол засч залруулж болно. Гэтэл үнэ цэнтэй хүмүүсээ бурхан болсны дараа хэзээ ч засч залруулж болдоггүй байхгүй юу. Энэ л хамгийн том гэмшил, харуусал юм уу даа.

-Ярилцсанд маш их баярлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сонгодог парламент руу явах миний улстөрийн байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сонгодог парламент руу явах миний улстөрийн байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.