Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална.
Мөн шинээр томилогдох сайд нарыг танилцуулах юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Та парламентын ардчиллыг бэхжүүлэхэд ямар ажил хийх вэ. Сонгодог парламент руугаа явах уу" хэмээлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сонгодог парламент руу явах миний улстөрийн байр суурь өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдөхгүй. Цаашдаа сонгодог парламентын засаглал руу алхам алхмаар явах ёстой. Ерөнхийлөгчийн хагас парламентын засаглалтай холбоотой асуудлууд шийдэгдэх ёстой. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай ардчилсан улс байх ёстой гэсэн миний улстөрийн байр суурь хэвээрээ. Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн барим бичиг. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх нь зардал юм гэсэн өнцгөөс хараад байна. Гэтэл үнэндээ УИХ-ын гишүүдийн тоо гэдэг бол зардал гэхээсээ илүүтэй улс орны тусгаар тогтнол. Мэдээж хэмнэх зүйлүүд байна. Төрийн нүсэр бүтцийг багасгах ёстой. Гэхдээ тусгаар тогтнолоо хэмнэж болохгүй. Асуудлаа шийдэх бүтцийг хэмнэж болохгүй. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой.
Ард түмэн биднийг төрд илгээсэн. Тиймээс бид хариу үйлдлээ үзүүлэх ёстой. Болно, болохгүй гээд хоорондоо маргаад асуудлаа шийдэж чадахгүй бол төрд итгэх иргэдийн итгэл алдарна. Гол нь үр дүн. Албан ёсоор шууд яригдаад өнөөдөр хэлэлцэх түвшинд орж ирээгүй ч парламентын гишүүд орж ирж олон л агуулгаар ярьсан. Би богино хугацаанд түүхэн хүнд үеийг давчихъя. Том төслүүдээ урагшлуулъя гэдгээ хэлсэн. Гол нь бодит үр дүн. Томоохон асуудлаа шийдэж, том том төслүүдээ урагшлуулах нь зүйтэй юм. Тиймээс хуулийн хүрээнд хамтарч ажиллах нь зүйтэй гэж бодож байна" гэв.