ЗГ-аас гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтын ажил удааширсан асуудалд холбоотой бүх албан тушаалтныг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэр дундаа, Дарханы замын ажил эхлэх үед ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг шалгаж байна гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл шалгасан эсэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас тодруулахад дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Одоогоор Дарханы замын асуудлаар АТГ надаас мэдүүлэг авсан, шалгасан зүйл байхгүй. Би энэ асуудлаар олон удаа мэдээлэл өгсөн. Юмны учир олдож, үнэн мөн нь гарч ирэх байх. Дарханы замын ажил удааширсны гэм буруутанг шалгаж тогтоох ёстой. ЗТХЯ-наас холбогдолтой мэдээллүүдийг гаргуулж авсан гэсэн.
Гэрээний хувьд 2018 оны есдүгээр сард хийгдсэн. Тухайн үед би ЗТХ-ийн сайд байгаагүй. 2019 оны долдугаар сард тендер сонгон шалгаруулалт явагдсан. Тендер сонгон шалгаруулах ажлыг тухайн үеийн ТНБД хийсэн. Азийн хөгжлийн банкны олон улсад тендер сонгон шалгаруулах журам гэж бий. Журмын дагуу БНХАУ-ын хоёр компани шалгарсан. Босго өндөр учраас Монголын компаниуд оролцох боломжгүй байсан. Асуудал гарсан гэж үзвэл оролцсон хүмүүс, компаниудыг хуулийн байгууллага дахин шалгах байх гэж бодож байна.
Би хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандана. Шаардлагатай гэж үзвэл шалгуулахад бэлэн” гэв.