Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Нарангэрэл: УИХ ҮХНӨ-ийг заавал хийх шаардлагатай

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 11 секунд
Гэрэл зургийг mpa.mn

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосон. Тэгвэл ҮХЦ-ээс гаргасан дүгнэлттэй холбоотойгоор хууль тогтоогчдын өмнө тулгарах асуудал, шийдэл зэргийн талаар академич С.Нарангэрэл дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улсын ҮХЦ 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуульд 2019 онд оруулсан зарим нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн тухай дүгнэлт гаргасан. Одоо ҮХЦ-ийн дүгнэлтийг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхэд маргах эрх хэн нэгэн албан тушаалтан, эгэл жирийн иргэд бидэнд байхгүй. Шийдвэр эцэслэсэн. Засах, өөрчлөлт оруулах аргагүй. ҮХЦ бол Үндсэн хуулийн эрх зүйн маргааны асуудлаар мэргэшсэн шүүх. Шүүх шийдвэрээ гаргасан.

Одоо ҮХЦ-ийн тогтоолын дагуу хүчингүй болсон заалтыг засах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага УИХ, хууль тогтоогчдын өмнө тулгарсан. УИХ бол сонгуулийн дараах Монголын ард түмний нийтийн эрх ашгийг илэрхийлсэн бага “ард түмэн”. Тиймээс УИХ энэ асуудлыг шийдвэрлэнэ.

Эрдэмтэн судлаачийн байр сууринаас УИХ ямар шийдвэр гаргах бол гэдэгт холбогдох хууль тогтоомжийг судлах байдлаар гаргалгааг гаргаж байна. Хоёр шийдлийг УИХ гаргана.

Үндсэн хуульд заавал хүрэхгүйгээр, ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх арга зам бий. Тухайлбал, Үндсэн хуулийн дараа ордог хуулийг үндсэн хуульчилсан хууль буюу органик хууль гэж нэрлэдэг. УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах арга бий. Гэтэл энэ нь боломжгүй болчихсон.

Заавал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж ҮХЦ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлага бүрдсэн. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн шийдвэр өөрөө УИХ-ыг Үндсэн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг хийх гарцаагүй байдал руу оруулчихсан.

Бид 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндсэн хуулийн 39.1 буюу Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэдэг зүйлийг хүчингүй болгочихлоо шүү дээ.

Энэ заалт нэгэнт хүчингүй болчихоор Засгийн газрын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсчихсэн. Хий орон зайг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болгож авах ёстой.

Онцгой нөхцөл байдал үүссэн. УИХ-ын гишүүдийн санаачилгаар биш, ҮХЦ-ийн эцэслэн гаргасан шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл байдал хууль тогтоогчдод тулгарсан байна.

ҮХЦ-ийн Их суудлын гаргасан шийдвэрийн үндэслэлийг нэгтгэн дүгнэж хэлбэл, Үндсэн хуулийн удиртгал хэсгийг зөрчсөн. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэсэн заалт зөрчигдсөн гэж ҮХЦ дүгнэсэн. Мөн Үндсэн хуулийн 29.1 хэсэгт УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаалыг хавсарч болохгүй гэсэн заалттай зөрчилдөж байна. Эцэст нь, Үндсэн хуулийн 7.1 хэсэгт заасан Үндсэн хуульд зорилго төрийн байгууллагын бусад шийдвэр бүгд үндэслэгдэнэ гэсэн заалт зөрчигдсөн” гэлээ.

Согтуугаар жолоо барьж буй иргэд ихэвчлэн үүрээр осол гаргаж байна
Согтуугаар жолоо барьж буй иргэд ихэвчлэн үүрээр осол гаргаж байна
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.