Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нэг айлын 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд 1 сая 300 мянган төгрөг шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 39 секунд

Намрын сэрүүн орохтой зэрэгцэн хичээлийн шинэ жил эхэлж, нийслэл хотод есдүгээр сарын 01-нийг хүлээн суугаа хүүхдүүдийн баяр хөөрд дарагдсан өдрүүд ирнэ. Хэдий хүүхдүүдийн хувьд догдлол дүүрэн өдрүүд ирж байгаа ч эцэг, эхчүүдийн хувьд намрын улирал хүндхэн "даваа" болдог нь ойлгомжтой.

Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөний улмаас иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон асуудлууд хөвөрсөөр байна. Улаанбаатар хотод хичээлийн шинэ жилийг угтан 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. Гэвч ямар ч цаг үед иргэдийн хөл хөдөлгөөн тасардаггүй томоохон худалдааны төвийн нэг болох "Нарантуул" захыг зорьж, хичээлийн хэрэгслийн үнэ тариф, нэг өрх хүүхдийнхээ хичээл сургуульд хэдэн төгрөгийн төсөв зарцуулж байгаа эсэхийг сурвалжиллаа.

"Дүрэмт хувцас үнэтэй байгаа тул хямдруулж өгөөч гэж гуйгаад зогсож байна"

Худалдан авагч Б.Нармандах

"Би сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Иргэдийн цалин бага, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байгаа нь ажиглагдаж байна. Нарантуул захаас хоёр гутал авахад л 150 мянган төгрөг болж байна. Хүүхдүүд том болоод заавал үнэтэй брэндийн гутал өмсөнө гээд байдаг болчихсон. Би одоо хүүхдэдээ дүрэмт хувцсыг нь авах гээд үзэж байна. Энэ дүрэмт хувцасны материал маш муу. Бид нар хол хөдөө амьдардаг. Бүтэн жилдээ хот руу орж ирэхгүй болохоор бүх зүйлээ 2 дахин ихээр авах шаардлага гардаг. Тиймээс дүрэмт хувцасны өмднөөс 2 ширхэгийг авч байгаа. Бүр сүүлдээ нэг газраас бүх зүйлээ бөөндөж аваад худалдагчаас жаахан хямдруулаад өгөөч гэж гуйгаад зогсож байна" хэмээлээ.

"Нэг айлын 3 хүүхдийн иж бүрэн дүрэмт хувцас 1 сая төгрөг болдог"

Худалдагч Х.Алагаа

"Сүүлийн жилүүдэд цар тахлаас болоод хил гаалийн асуудал их гарсан. Дайны хажуугаар дажин гэгчээр монголын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компаниуд арай хэтэрч байна. 230 мянгаар ахлах ангийн форм авах чадвартай эцэг, эх байдаг юм уу. Монгол даавуу үйлдвэрлэдэггүй шүү дээ. Хятадыг муулаад л байдаг. Яг үнэндээ Монголын дүрэмт хувцастай харьцуулбал, хамаагүй материал сайтай, үнэ боломжийн буюу 120 мянган төгрөгөөр зарагддаг. Ерөнхий боловсролын зарим сургуулийн зүгээс заавал "Монголын ... компанийн дүрэмт хувцсыг ав" гэсэн шахааг хүүхдүүд болон эцэг эхчүүдэд тулгадаг юм билээ. Гэтэл Монголын дүрэмт хувцас 2 дахин үнэтэй. Манай Нарантуул зах дээр барааны үнэ харьцангуй хямд байгаа шүү дээ. Багш нарыг сургуулийн захиргаа нь дарамталж байна. Сургуулийн захиргаан дээр өөр албан тушаалтан байна гэж би боддог. Хүүхдүүд хямдхан боловч чанартай хувцсаа л өмсмөөр байна. Хүүхдүүдийн цамцан дээрээ өмсдөг майк гэхэд 30 мянган төгрөг. Бүхэл бүтэн хил даваад ирж байгаа хувцас ийм үнэтэй байхад Монголд үйлдвэрлэдэг майк 50-60 мянга байдаг. Нэг айлын 3 хүүхэд иж бүрэн дүрэмт хувцас авахад 1 сая төгрөг болдог" гэв.

"Нэг хүүхдэд 200 мянган төгрөгөөр дүрэмт хувцас авч байна"

Худалдан авагч Н.Баттөр

"Би сургуулийн насны 2 хүүхэдтэй. Зөвхөн дүрэмт хувцсанд гэхэд нэг хүүхдэд 200 гаруй мянган төгрөг зарцуулж байна. Өмнө жилүүдтэй харьцуулахад үнэ нь маш нэмэгдсэн байна" хэмээлээ.

Нэг хүүхдийн дүрэмт хувцсыг бэлдэхэд 105 мянгаас 250 мянгын хооронд байгаа юм. Харин нэг өрхийн 2-оос 3 хүүхдийн дүрэмт хувцсыг бэлдэхэд 750 мянгаас 1 сая төгрөг шаардлагатай. Гэвч энэ нь зөвхөн дүрэмт хувцас авахад зарцуулах өртөг. Энэхүү үнийн дүн дээр хичээлийн хэрэгсэл, биеийн тамирын хувцас зэргийн үнэ нэмэгдэх юм. UBN сайтын сурвалжлах баг Нарантуул захын урд хэсэгт байрлах хичээлийн хэрэгсэл худалдаалж буй лангуун дээр очлоо.

"Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас 350 мянгаас 400 мянган төгрөг болж байна"

Худалдан авагч

Би сургуулийн насны нэг хүүхэдтэй. Энэ жил нэгдүгээр ангид орж байна. Анх удаагаа хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байгаа тул өмнө нь үнэ ямар байсныг мэдэхгүй. Гэхдээ дүрэмт хувцас оруулахгүйгээр зөвхөн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд 110 мянган төгрөг боллоо. Гэхдээ дахиад бэлдэх олон зүйл бий. Одоо тооцоолоод үзэхээр нэг хүүхдийн 400 мянган төгрөг болно гэж тооцоолж байна.

"Хичээлийн хэрэгслээс дэвтэр хамгийн үнэтэй байна "

Худалдагч У.Эрдэнэцэцэг

"Иргэдийн худалдан авалт 60 хувьтай л байна. Зарим худалдан авагч нар үнэтэй байна гэх үгийг хэлж байна. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд хамгийн доод тал 40 мянгаас 50 мянган төгрөг болж байгаа. Зөвхөн дэвтэр гэхэд 20 мянган төгрөг болно. Бусад зүйлийнх үнэ хямд хэдий ч дэвтрийн үнэндээ шингээд үнэ нь өсчихөж байгаа юм. Мөн ахлах, дунд, бага ангиасаа шалтгаалаад янз бүрийн үнийн дүнтэй байгаа. Гол нь бараа тээвэрлэлтийн тээшний үнэ нэмэгдчихсэн. Дээрээс нь бид ашгаа бодож тодорхой хэмжээний үнээ нэмнэ шүү дээ" гэв.

Энэ жил сурагчийн дүрэмт хувцас, хэрэгсэл өмнөх үетэй харьцуулахад 5-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. (Уг мэдээллийг энд дарж унших) Дээрх иргэдийн ярианаас харахад нэг хүүхдийн иж бүрэн дүрэм хувцас, хичээлийн хэрэгслийг 300-500 мянган төгрөг болж байна.

Энэ бүхнийг тооцоолвол, нэг өрхийн 2-оос 3 хүүхэдтэй айл 1 сая төгрөгөөс 1 сая 300 мянган төгрөгийг хүүхдийнхээ хичээл сургуулийн бэлтгэлд зарцуулж байна. Эдийн засаг хүндрэлтэй үед энэ эцэг эхчүүдэд дарамт болж буй хэдий ч хүүхдийнхээ сурч боловсрох эрхийн төлөө байгаа мөнгөөрөө, байхгүй бол өр зээл тавиад ч болох бэлдэхээс өөр аргагүй ч хэлж байлаа. Мөн жил ирэх тусам үнээ нэмдэг шигээ барааныхаа чанарыг сайжруулахыг иргэдийн зүгээс шаардаж байв.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.