Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГА: Гурвансайхан компанийн ажилчид болон иргэд хооронд үүссэн зөрчилдөөний үеэр нэг малчины хөлийг усны машинаар дайрсан

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 24 секунд

No description available.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт ураны ашигт малтмалын хайгуулын ажил явуулж буй Гурвансайхан компанийн харуул хамгаалалтын ажилчид болон нутгийн иргэд хооронд зөрчилдөөн үүсэж буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандоржоос тодрууллаа.

-Танай суманд Гурвансайхан компани хэзээнээс ашигт малтмал хайгуулын ажлыг эхлүүлсэн бэ. Өнгөрсөн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж байгаатай холбоотойгоор зөрчилдөөн үүссэн гэх дүрс бичлэг удаа дараа цацагдлаа. Үүсээд буй нөхцөл байдлын талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн долдугаар сарын 8-ны өдөр ураны ашиглалтын зөвшөөрөл бүхий Гурвансайхан гэх компани хайгуулын ажлын хүрээнд өрөмдлөг хийж эхэлсэн. Үүнээс хойш наймдугаар сарын 5-нд тухайн компанийн байрлаж буй багийн ИТХ хуралдаад, иргэд ураны хайгуул болон ашиглалтыг эрс эсэргүүцсэн гэх тогтоолыг гаргасан. Иргэд ийнхүү наймдугаар сарын 6-ны өдрөөс хойш тус Гурвансайхан компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайд очиж жагсаал хийж эхэлсэн. Жагсаал хийж буй ард иргэдийн зүгээс хайгуулын ажлаа зогсоох шаардлагыг тавьж байгаа.

Шаардлага тавьснаас хойш гурав хоногийн хугацаанд компани үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан. Харамсалтай нь, гурав хоногийн дараагаас Гурвансайхан компани өрөмдлөг, хайгуулын үйл ажиллагаагаа хүчээр явуулж эхэлсэн.

Мөн тухайн компани нь гэрээт харуул хамгаалалтын албаны ажилчдыг авч ирж, хүч түрэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ байдлаас шалтгаалан иргэд болон харуул хамгаалалтын ажилчид хооронд зөрчилдөөн, эмх замбараагүй байдал үүсэхэд хүрсэн.

Өчигдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр эл компанийн ажилчид болон иргэдийн хооронд дахин үл ойлголцол үүсэж, усны машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэх шаардлагыг иргэд тавьсан. Улмаар зөрчилдөөний явцад усны машинаар малчин иргэний хөлийг дайрсан гэх дуудлагын дагуу цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон миний бие очиж ажилласан. Очиход дайруулсан малчин аймаг руу явсан байсан.

-Нутгийн иргэд тухайн компаний үйл ажиллагаа эхэлсэн цагаас эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн үү?

-Тийм ээ. Байгаль орчин, амьд организмд сөрөг нөлөөтэй гэж үзсэн учраас ураны ашиглалт, хайгуулын ажлыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа.

-Та бүхэн тухайн компанийн тусгай зөвшөөрөлтэй танилцсан уу. Тусгай зөвшөөрлөө хэзээ авсан байдаг юм бэ?

-Гурвансайхан компанийн хувьд 2016 оны долдугаар сарын 22-нд тусгай зөвшөөрлийг авсан байсан. Өнгөрсөн хугацаанд эл компани нь үйл ажиллагаагаа явуулалгүй байж байгаад энэ оны долдугаар сараас эхлэн хайгуулын ажлаа эхлүүлсэн. Орд гэдэг утгаараа ашигт малтмалын ерөнхий газраас төлөвлөгөө нь батлагддаг. Сумаас ямар нэгэн байдлаар ажил эхлүүлэх тухай зөвшөөрөл авдаггүй.

-Нийт хэчнээн га талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөлтэй вэ?

-Манай аймгийн Өлзийт, Гурвансайхан, Өндөрширээт, Баянжаргалан зэрэг сумдын нутгийг хамарсан 5 мянга орчим га талбайд ашигт малтмалын ажил хийх гурван тусгай зөвшөөрлийг авсан байдаг юм билээ.

-"Маш их алдагдал хүлээх тул нэг ч өдөр зогсох боломж байхгүй, төлөвлөгөөний дагуу ажиллана" гэж хэлээд бидний хүсэлтийг Гурвансайхан компани хүлээж аваагүй-

-Өнгөрсөн хугацаад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Гурвансайхан компанийн ажилчид, удирдлагуудтай уулзалт хийсэн үү. Тухайн компанийн зүгээс ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

-Өмнө долдугаар сарын 26-нд тухайн компанийн хүмүүстэй уулзаж байсан. Саяхан ч уулзалт хийсэн. Эмх замбараагүй байдал үүсэж, иргэд болон хамгаалагч нарын зөрчилдөөн хэтэрч, цаашилбал хүний эрүүл мэндэд халдаж гэмтээлээ. Тиймээс энэ асуудал шийдэгдтэл түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох боломж байгаа эсэхийг тодруулж, хүсэлт тавьсан. Учир нь надад ямар нэгэн байдлаар тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох хэмжээний шийдвэр гаргах түвшний чадамж байхгүй.

Тиймээс иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу уулзаж хүсэлт тавьсан. Тэгэхэд, бид маш их алдагдал хүлээх тул нэг ч өдөр зогсох боломж байхгүй, төлөвлөгөөний дагуу ажиллана гэж хэлээд бидний хүсэлтийг хүлээж аваагүй.

-Нөхцөл байдлыг ойроос харж байгаагийн хувьд та дээд шатны байгууллагууд руу эл асуудалд анхаарлаа хандуулах чиглэлд хүсэлт шаардлага хүргүүлж ажилласан зүйл бий юу?

-Аймгийн Засаг дарга болон хууль хяналтын мэргэжлийн байгууллагуудад ажлын хэсэг байгуулж, шалгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарна гэсэн мэдээлэл байна. Мөн манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд рүү энэ тал дээр анхаарлаа хандуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудад ажиллуулах тал дээр хүсэлтээ явуулсан.

-Зөрчилдөөний үеэр усны машинд хөлөө дайруулсан гэх иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Аймагт очоод, эмчилгээ хийлгэж байгаа. Иргэдийн шаардаж байгаа зүйл бол хайгуулын ажлыг зогсоох. Иргэд тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

Өнөөдөр нийслэлд бороо орохгүй
Өнөөдөр нийслэлд бороо орохгүй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.