Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: Шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн үед иргэд банкандаа хандаж 0.5-1 хувийн шимтгэлээ буцаан авах боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 25 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны нэр бүхий 9 банканд хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж дуусгасан. Улмаар ипотекийн зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа билээ.

Энэ асуудалтай холбогдуулан ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Арилжааны банкуудад хийсэн шалгалтын дүнд зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн байгаа. Энэхүү шалгалттай холбоотой мэдээлэл өгөөч ?

-Манай газарт өнгөрсөн тавдугаар сард банкуудын зээл олгосон гэж авч буй шимтгэл иргэдийг хохироож байна гэх гомдол ирсэн. Үүний дагуу арилжааны нэр бүхий банкуудад хяналт шалгалт хийхээр болсон. Гэвч банкуудаас хяналт шалгалт хийлгэх боломжгүй гэх бичиг ирүүлсэн. Улмаар 11 банканд зөрчлийн хэрэг бүртгэл нээж ажлыг зургаадугаар сард эхлүүлсэн байгаа. Ингэснээр өнгөрсөн тав дахь өдөр шалгалтын ажил дууссан.

Холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж байгаа 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж буй эсэхийг шалгахад тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн. Энэ нь зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн.

Иймд зөрчлийн хуулийн дагуу тус бүрийг нь 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Шалгалт явуулсан 11 банкнаас Чингис хаан банк болон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк сүүлийн хоёр жил ипотекийн зээл олгоогүй учир энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 9 банканд торгууль ногдуулсан.

Мөн нэр бүхий 9 банканд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

-Банкуудын зүгээс энэхүү шимтгэлийг хэрхэн тайлбарлаж байна вэ?

-Зээл олгоход гарч буй зардал гэж тайлбарлаж байгаа. Гэвч тооцоо судалгаа байхгүй. Учир нь 10 сая төгрөгийн зээл авах, 100 сая төгрөгийн зээл авахад өөр зардал гардаггүй. Ижил зардал гардаг гэж тайлбарлаж байгаа. Энэ нь үндэслэлгүй тогтоогдсон шимтгэл болж байна.

-Хяналт шалгалтаас өмнө нь ипотекийн зээл авч шимтгэл төлсөн иргэд шимтгэлийн хувиа буцаана авах боломжтой юу?

-Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг нотолсон учир тухайн иргэн хүсэлт гаргаад авах боломжтой. Ингэхдээ тухайн банк нь торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хүсэлт гаргаж банкаараа шийдвэрлүүлэх боломжтой.

Гэхдээ шалгалтын явцад банкуудаас шүүхэд гомдол гаргана гэдгийг мэдэгдсэн.

Энэ асуудал эцэслэгдэн шийдэгдсэн тохиолдолд иргэд шимтгэлд төлсөн мөнгөө авах боломжтой гэж харж байна.

Банкууд зээлийн шимтгэл авч болно. Ингэхдээ хууль ёсны байх ёстой. 2021 оноос хойш банкууд хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй байсан. 2021 онд хуульд өөрчлөлт орсноор банк гэрээнд тусгасан шимтгэл хураамжийг төлүүлэх болсон. Мөн хуулиар энэхүү шимтгэлийг авах болсон үндэслэлээ тогтоох байтал тогтоогоогүй учир торгууль ногдуулсан.

-30 хоногийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Үүнийг заавал арилгах ёстой. Хэрэв арилгаагүй тохиолдолд шүүхийн журмаар албадан дараагийн арга хэмжээг авна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо арилжааны банкуудын дүрэм журамтай холбоотойгоор ажилладаг. Монголбанкны зүгээс банкуудын дүрэм, журамд өөрчлөлт оруулах тал дээр ажиллахаар аман байдлаар ярьж байгаа.

-Энэ шалгалтын асуудал нь зөвхөн ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотойгоор яригдаж байгаа юу, бусад зээлүүдэд хамаарах уу?

-Бидний зүгээс банкуудын олгож буй бүх төрлийн зээлийн шимтгэлтэй холбоотой шалгалт хийхээр эхэлсэн. Гэвч хяналт шалгалт хийлгэхгүй байсантай холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг тодорхой хугацаатай байдаг. Энэ хугацаандаа хийж гүйцэтгэхийн тулд шалгалтынхаа хүрээг хумьж нэг ангиллыг нь авч үзсэн.

Цаашид бүх төрлийн зээлийн шимтгэлийг үндэслэлтэй тогтоо гэх шаардлагыг тавьж ажиллана.

- Ярилцсанд баярлалаа.

ПРОГНОЗ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн Засгийн газарт багтах магадлалтай “давхар дээлтэй” САЙДУУД
ПРОГНОЗ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн Засгийн газарт багтах магадлалтай “давхар дээлтэй” САЙДУУД
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.