Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОГНОЗ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн Засгийн газарт багтах магадлалтай “давхар дээлтэй” САЙДУУД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
15 минут 26 секунд
Ubn.mn

Цэц нэгэнтээ шийдвэрээ гаргасан тул УИХ ээлжит бус чуулган зарлах нь ойлгомжтой. Өчигдөр мэдээлсний дагуу ирэх долоо хоногийн /2022.08.22/ даваа гарагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Цэцийн дүгнэлт болон геополитик, ҮАБ-ын асуудлаар хаалттай сонсгол явуулахаар эрх баригчид тохироод байна. “Галт тэрэг” нэгэнт хөдөлсөн тул хугацаа алдах сонирхол МАН-д байхгүй. Намрын их ажил, төсөв тооцоо яригдахаас өмнө ҮХНӨ болон Засгийн газрын шинэ танхимаа бүрдүүлэх нь МАН-д байтугай, мань хэдэд өлзийтэй боллоо.

Нэгэнт сайд болох шаанс олдсон тул Ардын намын зарим гишүүд намын дарга, Ерөнхийлөгч, генсек гурваа золтой л “идчих” нь халаг болж байна. Хөнгөн араандаа хийсэн зарим нэг гишүүдийн хөлийн хурдыг хүн байтугай адгуус ч гүйцэхээргүй шахам болжээ. Газар сайгүй зусардалт, бүлэг фракцуудын тохироо “наймаа” өрнөж, эрх мэдлийн төлөөх улайралт МАН дотор тамтгаа алдаж байна.

Энэ хооронд Ц.Нямдорж тэргүүтэй ганц нэг “дан дээл”-тэй сайдууд үлдчих санаатай “Шинэ ЗГ-ын бүрэлдэхүүний 30 хувийг нь гаднаас томилно” гэх яриаг сэвж сууна. Гэвч Ерөнхий сайд “давхар дээл”-ээс гадна өөрийнхөө зүтгүүлээд байгаа сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг ирээдүйн проблемуудыг УИХ-аар одоо шийдүүлэхийн тулд сайдуудыг бүгдийг нь парламентаас тавих гишүүдийн тохироог нь ерөнхийдөө хүлээж аваад байгаа аж. Ер нь энэ удаагийн ҮХНӨ-ийг хийж буй үндсэн шалтгаан нь гишүүдийг засагтаа багтааж, хүчтэй Засгийн газартай болох. Тиймээс аль болох өргөн фронтоор гишүүдийг багтаана, төдий чинээ хүчтэй Ерөнхий сайдтай болно гэсэн үг.

Тэгвэл ээлжит бус чуулганы дараагаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллах дараагийн сайдуудын талаарх саарал ордонд хөвөрч буй урьдчилсан прогнозыг уншигчдаа хүргэж байна. Эрх баригчид ЗГ-ын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг “зурахдаа” өмнө нь яригдаж байсан УИХ-д хоёроос дээш сонгогдож, ядаж нэг удаа байнгын хорооны даргаар ажилласан гишүүдийг сайдаар томилох “тоглоомын дүрэм”-ээ ягштал баримтлах юм байна. Асуудлыг ингэж “хайрцаглахгүй” бол шинэ, хуучин холилдсон амбиц нь дийлдэхгүй 62 хүний хүсэл, тачаалыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр яагаад ч нэгэн зэрэг гүйцэлдүүлж чадахгүй. Ингээд гол яриандаа оръё.

Генсекийн “хүн” С.Амарсайхан Шадар сайдаар үлдэх үү

Шадар сайд С.Амарсайхан үлдвэл араасаа хамгийн их шүүмжлэл дагуулна. Нөгөө талд нь гишүүд анх удаа УИХ-д орж ирчихээд сайд хийлээ гэж түүнийг нүд үзүүрлэдэг. Гэвч Д.Амарбаясгалантай дөрөө харшуулж, хотод нөлөөтэй байгаа С.Амарсайханыг энэ удаад бараг л өөрчлөхгүй болов уу. Магадгүй генсекийн бодол өөрчлөгдсөн нөхцөлд л С.Амарсайхан унах байх.

ЗГХЭГ-ын даргад “бүдүүн” бүлгийн дарга Д.Тогтохсүрэн очно

МАН-ын “зодоон”-той бүлгийг 2017 онд хүлээн авсан Д.Тогтохсүрэн бүлгийн даргын ажлаа давгүй гүйцэтгэсэн. 2020 оны сонгуулийн дараа л ЗГХЭГ-ын даргаар томилогдох хүсэлтэй байсан ч У.Хүрэлсүх хэдхэн сарын дараа танхимаа өөрчлөх тул өнжих санал тавьсан гэдэг. Дараа нь Л.Оюун-Эрдэнийн одоогийн ЗГ-ын сайдууд бүр анхнаасаа “түр” тэмдэгтэй байсан тул Д.Тогтохсүрэн сайд болох гэж нэг их гүйгээгүй. Харин энэ удаад хуучны тохироо, өнжсөн өнжилтөө нөхөхөөр ЗГХЭГ-ын даргад нэр нь орж ирлээ. Бүлгийн даргатай энэ суудлын төлөө ил тод арсалдах гишүүн МАН-д одоохондоо алга.

БОАЖ-ын сайдад Д.Сарангэрэл зүтгэж, Б.Саранчимэг хувийн “тоглолт” хийж явна

Гишүүдийн дуртай яам. Ихэнхдээ тохироо, наймаанд явчих гээд байдаг энэ яамны сайдын суудлын төлөө Б.Саранчимэг тун ч их хөл алдаж буй сурагтай. Гишүүд нь түүнийг байнгын хороо удирдаж үзээгүй байж, сайдын суудалд санаархлаа гэж битүүхэн шоглож байгаа ч, дур эзэн хоёр нь өөрсдийгөө голохгүй сайдад зүтгэж явна. Харин түүнтэй зэрэгцээд энэ суудлын төлөө хуучин сайд Д.Сарангэрэлийн нэр дуулдаж эхэллээ. “Сараа сайд” сайд энэ удаад сайд л болвол хаана ч очсон яах вэ гэдэг дээрээ тавьчихсан яваа сурагтай. Ерөнхий сайдтай уулзаж, Ерөнхийлөгчөөр “мотордуулах”-аа ч тэр мартсангүй.

Батлан хамгаалахын сайдад Л.Мөнхбаатар яригдаж, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар “хорхойсож” байна

Энэ яамны сайдад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр болон Ш.Раднаасэд нар яригдаж магадгүй. Л.Мөнхбаатар гишүүний хувьд хуулийн чиглэлийн хүн. Хууль зүйн яаманд мэргэжилтнээс эхлээд газрын дарга хүртлээ ажилласан намтартай. Ш.Раднаасэд гишүүн ч мөн адил хууль хүчний чиглэлд ажиллаж, энэ тал руу өнгөрсөн хугацаанд амбицаа илэрхийлж ирсэн хүмүүсийн нэг. Гэхдээ генсектэй тогтоосон тааламжгүй харилцаанаасаа болоод энэ удаад ч гэсэн сайдын суудлаас хасагдах магадлал Ш.Раднаасэдэд өндөр байна. Гэвч хувь таамгаар бол гол өрсөлдөөн Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд хоёрын хооронд өрнөж Л.Мөнхбаатар нь сайдад явах буй за.

Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргилын нэр яригдаж байна

Үеийн үед энэ яамыг Сү-гийн фракц авсаар ирсэн. Сү-гийн тавьсан замаар давхиж яваа Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар хоёр өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны сайдыг хангалттай “тойруулж” байна. Энэ удаад ч тус яамны суудал Сү-гийн фракцид хуваарилагдаж, Ц.Мөнх-Оргил нь очихоор тохирчээ. Д.Цогтбаатар нь 2017 оноос хойш 2020 оны сонгууль хүртэл сайд хийсэн тул Ц.Мөнх-Оргилдоо зай тавьж өгөхөөр болжээ.

Намынхандаа бараг л "нүүр"-гүй болоод буй УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан Гадаад харилцааны яамыг авахаар зүтгэсэн ч намын нөхөд нь түүнийг "тойргийн" гадна үлджээ.

“Давхар дээл”-тэй Б.Жавхлан, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан гурав бат арааны үлдэнэ

Ерөнхий сайдад өнгөрсөн хугацаанд өмөг, түшиг болж байсан гол сайдууд бол энэ гурав. Хуулийн салбарыг тэргүүлж буй Х.Нямбаатар Ерөнхий сайдын хамгийн гол хүн. Шинэ сэргэлтийн бодлогоос эхлээд төсөв санхүүгийн гол ачааг нь Б.Жавхлан сайд нугалсан. Л.Энх-Амгалан сайд заримдаа пиараа Ерөнхий сайдаасаа давуулчих гээд байдгийг эс тооцвол бас л нүүр тахалсан гол сайдуудын нэг. Тиймээс энэ гурван хүний сандал ширээ рүү, өнгийх хүн одоогоор МАН-д алга.

Эдийн засаг хөгжлийн сайдын сунгааг Ч.Хүрэлбаатар өнгөлж байна

Энэ Засгийн газрын хамгийн гол бодлогын яам бол Эдийн засаг, хөгжлийн яам. Тиймээс хамгийн туршлагатай, хамгийн чадвартай хүнийг сайдаар нь тавих гээд Ерөнхий сайд найман сар суудлыг нь хав “дарлаа”. Өнгөрсөн өвөл Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар тэргүүтэй сайн эрсийн нэрс дуулдаж байсан ч яг эцсийн мөчид Ч.Хүрэлбаатар нь сайд болох бололтой. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдлын хувьд ч, мэргэжил туршлагын хувьд ч, УИХ дотроос Ерөнхий сайдад очих улс төрийн дэмжлэгийн хувьд ч энэ хувилбар нь арай илүү байх. Харин сайд хийж үзээгүй “Оргил”-ын Ганбаа гишүүн энэ суудалд тун ч их сонирхолтой байгаа. Чухам юу болохыг харж л байя.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Ж.Сүхбаатар яригдах уу

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудал бусдыгаа бодвол яг нарийн тодорхой болоогүй байна. Одоогоор Нийгмийн бодлогын байнгын хороог ахалдаг гэдгээрээ М.Оюунчимэг болон Ж.Сүхбаатар, Н.Учрал нарын нэрс дуулдаж байгаа ч яг тэр гэхийн тэмдэг алга. Харин Ж.Сүхбаатар өмнө нь гишүүнээр ажиллаж байсан тул энэ яамны сайдын өрсөлдөөнд орж магадгүй гэх таамаг байна. Нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн шинэчлэлд онцгой анхаарч байгаагаараа тус салбарыг ав гэж Н.Учрал гишүүнийг намынхан шахсан сурагтай.

Барилга хот, байгуулалтын сайдад Г.Тэмүүлэн гишүүн очих бололтой

Өнгөрсөн өвөл УУХҮ-ийн сайдад нэр нь дуулдаж байсан Г.Тэмүүлэн гишүүн энэ удаад “бай”-гаа өөрчилж Барилга, хот байгуулалтын сайдад зүтгэж буй аж. Уг нь уул уурхайн салбарт анхнаасаа ажиллаж гарч ирсэн ч энэ удаад түүний сонирхдог салбарт нь өөр нэг “акул” зүтгэж байгаа тул буйраа ийнхүү сэлгэжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нарын нэг очиж магадгүй

Л.Халтарын “үйлийг” үзсэн тус яамны сайдад хуучин сайд Ж.Бат-Эрдэнэ нь нэлээд сонирхолтой байгаа аж. Ерөнхийлөгчөөр “мотордуулах” санаатай яваа түүнтэй Эдийн засаг, хөгжлийн яамаа Ч.Хүрэлбаатарт алдаж мэдэхээр байгаа Ж.Ганбаатар эцсийн мөчид өрсөлдөж мэднэ. Энэ хоёр эрхмээс гадна Дарханы замд туйлын сонирхолтой Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн нэр ч энд яригдаж л байна. Гэвч гол өрсөлдөөн нөгөө хоёр дээр нь өрнөх бололтой.

Соёлын сайдад яруу найрагч гишүүн Г.Мөнхцэцэг зүтгэнэ

Өнгөрсөн өвлөөс хойш Соёлын сайдад Г.Мөнхцэцэг очихоор он удаан хугацаанд яригдаж байна. Одоо ч түүнтэй өрсөлдөх нэр алга. Арга ч үгүй биз. Соёлын сайд байснаас сул сайд байсан нь дээр гэх хошигнол гишүүдийн дунд яригдах хүртлээ энэ яам “үнэгүйджээ”. Гэхдээ л сайд л бол сайд. Соёлын чиглэлээр бичиж, туурвиж ирсэн баялаг намтар нь түүнд давуу тал болох биз.

Эрүүл мэндийн сайдад М.Оюунчимэгийн нэр яригдаж байна

Эмэгтэй гишүүдийн тэргүүн эгнээнд сайдад яригдаж байгаа хүн бол М.Оюунчимэг. Нийгмийн бодлогын байнгын хороо өнгөрсөн цар тахлын жилүүдэд МАН-ын хамгийн анхаарал хандуулсан байнгын хороо байсан. Энэ хороог ахалж байсан түүний хувьд сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш их анхаарч, энэ салбарын асуудлыг хөндөж харагдаад буй. Хэдийгээр мэргэжлийн бус ч гэсэн энэ салбарын бодлогод 2017 оноос хойш УИХ дээр их бага хэмжээгээр оролцож яваа тэрбээр эмэгтэй сайдын квотоор Эрүүл мэндийн салбар руу явах магадлал өндөр уншигдаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад С.Бямбацогт очих төлөвлөгөөтэй байна

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын хувьд өнгөрсөн хугацаанд Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр нь яригдаж байсан ч яг эцсийн мөчид УУХҮ-ийн сайдад зүтгэхээр болжээ. С.Бямбацогтын хувьд ирэх өдрүүдэд Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар ҮХНӨ-ийн ажлыг гардан зохион байгуулах гол хүмүүсийн нэг юм. Тиймээс “их ажил”-ынх нь дараа Ерөнхий сайд танхимдаа багтааж, энэ зэргийн сандал, суудал олгох нь гарцаагүй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Мөнхбат томилогдох уу

ҮХНӨ-ийг төдийгөөс өдий хүртэл чирсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ яамны сайдад горилно. Орон нутгаас сонгогдсон гэдгээрээ малчдын амьдрал, хөдөө аж ахуйн асуудалд сүүлийн жилүүдэд онцгой анхаарч буй хүн бол Ж.Мөнхбат. Тэрбээр, мөн ирэх өдрүүдэд өрнөх ҮХНӨ-ийг хийж, гишүүдийг “давхар дээл”-тэй болгох ажилд голлох үүрэгтэй оролцоно. Тиймээс энэ бүх гавьяагаа ирэх сард сайдын суудлаар “үнэлүүлэх” байх.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад Н.Учралтай өрсөлдөх гишүүн байхгүй

Залуу үеийн төлөөлөл болсон түүнээс өөр энэ яамны сайдад өрсөлдөх УИХ-ын гишүүн байхгүй. Бараг байсан ч салбараа ойлгохгүй. Ядаж байхад шинэ байгуулагдаж буй яам учраас маш их бодлогын ажлууд хийгдэнэ. Тэр Инноваци, цахим бодлогын байнгын хороог 2020 онд шинээр байгуулуулж даргаар нь өнөөдрийг хүртэл ажиллахдаа энэ салбарын олон хуулийг УИХ-ын босгыг давуулж, үндсэн консепцийг гаргасан. Тиймээс эхэлсэн ажлаа дуусгана гэж зүтгэх нь гарцаагүй биз.

Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэн очихоор тохироо хийж байна

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ч.Хүрэлбаатартай өрсөлдөөд хол явахгүйгээ мэдсэн Б.Чойжилсүрэн гишүүн энэ удаад Эрчим хүчний сайдад зүтгэхээр шийджээ. Ардын нам доторх “Увсын” фракц хэрвээ яг хүссэнээрээ тоглож чадвал Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд сайдын хоёр суудал авах боломжтой. Ерөнхийдөө тэдний тохироо нэг талдаа гарсан гэх мэдээлэл ч байна. Харин түүнтэй өрсөлдөх магадлалтай гэгдэж байсан Ц.Даваасүрэн нарыг Ерөнхий сайд өөрөө “тоглоом”-оос гаргаж буй сурагтай.

Яг засагт хөдөлгөөн орохтой зэрэгцэж, эдгээр тохироонуудад бага зэрэг өөрчлөлт орох магадлалтай ч төдийлөн өм, цөм өөрчлөгдөхгүй байх. Харин гаднаас болон УИХ-аас томилох сайдуудын тоог хэрхэн тогтоох нь л сонин байна. Эх сурвалжуудын онцолж буйгаар Ерөнхий сайд бараг л 100 хувьд парламентаас сайдуудаа томилох хандлагатай байгаа аж. Ямартаа ч одоогоор Ардын намын дарга, цэргүүд есдүгээр сард байгуулагдах Засгийн газрын сайдуудын нэрсийг ийм байдлаар зураглаад байна. Юу болохыг харж л байя.

Г.Лхагвадорж

Т.Доржханд: 4 гишүүн ЗГ-т орох хязгаарлалт байхгүй болсон тул ҮХЦ-ээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй
Т.Доржханд: 4 гишүүн ЗГ-т орох хязгаарлалт байхгүй болсон тул ҮХЦ-ээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй
 
Энэ сарын 26-нд Бүх нийтээр амарна
Энэ сарын 26-нд Бүх нийтээр амарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.