Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон олон асуудал байдаг. Тэдгээрийн нэг нь "Хувийн хэвшилд шилжсэн цэнгэлдэх хүрээлэнг төрийн мөнгөөр засварлалаа" гэх шүүмжлэл. Тэгвэл уг цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК эзэмшээд 20 орчим жил болж байна. Эдгээрийн эзэмшигч нь ах, дүү Т.Нямдаваа нар. Өөрөөр хэлбэл, ах Т.Нямдаваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг бол дүү Т.Нямдаваа нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин үлдэгдэл 49 хувь нь төрийн эзэмшил. Ингээд уг асуудал болоод Улсын баяр наадмын бэлтгэл ажлын талаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваагаас тодрууллаа. (хоёуланг нь Т.Нямдаваа гэдэг аж)
-Цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Одоогоор 75 хувьтай байна.
-Энэ долоо хоногт бүтээн байгуулалтын ажлыг дуусга гэсэн чиглэл өгсөн гэсэн. Амжихаар байна уу?
-Ирэх сарын 1-нийг гэхэд дуусга гэсэн. Энэ хугацаанд дуусах байх.
-Цэнгэлдэх хүрээлэнгийн сандлыг сольж байгаа юм байна. Хэдийг нь сольж байгаа юм бэ?
-Нийт 10500 ширхэг сандал сольж байгаа.
-Бүтээн байгуулалтын хүрээнд яг ямар, ямар ажил хийж байгаа юм бол?
-Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон автозамыг бүрэн шинэчилнэ. Мөн орц, гарцыг нэмэгдүүлсэн. Сандал солигдоно. Нийтийн бие засах байгууламж 60 ширхэгээр нэмэгдэнэ. Дээр нь будаг шунхны ажил хийгдэнэ.
-Эдгээр бүтээн байгуулалтын ажлын зардлыг нийслэлээс дангаараа гаргаж байгаа юу?
-Дангаараа гаргаагүй. Нийслэлээс зарим хэсгийг нь. Үлдсэн хэсгийг Улсын баяр наадмын комисс болон "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК гаргаж байгаа.
-Танай компаниас хэдэн төгрөг гаргаж байгаа юм бол?
-Энэ жилийн хувьд 180 сая төгрөг гаргасан.
-Энэ төсвөө яг юунд нь зарцуулж байгаа юм бол?
-Цэнгэлдэх хүрээлэн тойрсон бетонд 50 сая төгрөг. Нийтийн бие засах газар шинээр байгуулахад 20 сая төгрөг. Үлдсэн нь урсгал зардал буюу наадмын үеэр зориулагдах төсөвт зарцуулагдана.
-Танай компани Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг. Ашиг орлогийн хувьд жилд хэдий хэр хэмжээний ашиг олдог юм бэ. Энэ талын мэдээллийг хайж үзэхэд ямар ч мэдээлэл олдоогүй?
-Цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд ашиг маш багатай. Ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахал нүүрлэсэн. Энэ утгаараа ямар нэг арга хэмжээ зохиогдоогүй. Дагаад орлого байгаагүй. Дээр нь төр, хувийн хэвшлийн холимог өмчлөл гэдэг утгаараа нийгмийн даатгал, цахилгаан, дулааны ямар ч хөнгөлөлтөд хамрагдаагүй.
-Коронагаас өмнө жилдээ хэдий хэр хэмжээний ашиг олдог байсан юм бэ?
-Тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байсан. Нарийн тоог хэлж чадахгүй байна.
-Иргэдийн дунд нэгэнт хувийн хэвшилд шилжсэн цэнгэлдэх хүрээлэнг засварлахад үргүй зардал гаргаж байна гэж шүүмжилдэг. Танай компанийн зүгээс жилдээ хэдий хэр хэмжээний зардлыг урсгалд засварт зарцуулдаг юм бэ?
-Иргэдийн зүгээс төрөөс их хэмжээний зардал гаргадаг гэж ташаа ойлгодог юм билээ. Жишээлбэл, наадмын төсөв гурван тэрбум төгрөг байлаа гэхэд үүний дийлэнхийг цэнгэлдэх хүрээлэнгийн засварт оруулна гэж ойлгодог. Гэтэл үгүй. Энэ жилийн хувьд яг хэдэн төгрөгийн төсөв төрөөс гарч байгааг би сайн мэдэхгүй байна. Өмнөх жилүүдийн хувьд 40-50 сая төгрөгийн зардал гаргадаг байсан. Гэтэл энэ мөнгө хаашаа урсдаг вэ гэхээр будаг шунх зэрэг жижиг сажиг зүйлд зарцуулагддаг. Учир нь цэнгэлдэх хүрээлэн гадаа байрладаг. Энэ утгаараа нар, салхинд гундаж, өнгө алддаг. Түүнээс биш нэг их өндөр зардал гаргаж байсан удаагүй.
-Танай компанийн хувьд цар тахлаас өмнө томоохон хэмжээний засвар хийсэн үү. Хэдэн төгрөг зарцуулсан юм бол?
-Өнгөрсөн 2015-2019 оны хооронд 3.5 тэрбум төгрөгийг их засварт зарцуулсан. Үүнд, ногоон зүлэг, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг зам, бөхчүүдийн суудаг хэсэг, сүүдрэвч гээд олон ажил хийсэн.
-Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрын асуудал байдаг. Гишүүн асан А.Сүхбатаас эхлээд дуучин Д.Оюунтүлхүүрийн "Оюунтүлхүүр сан" гээд олон ААН газраас нь авсан. Асуудал шүүхээр эцэслэгдээд танай талд шийдвэр гарсан гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ асуудлаар шүүхэд олон удаа зарга мэдүүлсэн. Олон ч жил үргэлжилсэн. Намайг "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг зарж идсэн" гэж сэтгүүлчид, олон нийт харддаг. Гэтэл би газар зарах ямар ч эрхгүй, олгох ч эрхгүй хүн.
-Яг одоо хэдий хэр хэмжээний газар танай мэдэлд байгаа вэ?
-Одоогоор 17 га газар манайд хамааралтай.
-Тэгвэл шүүхийн шийдвэрүүд хэрэгжээгүй юм байна. Тийм үү?
-Үгүй яах вэ. Шүүхийн шийдвэрээр хэрэгжсэн зүйл бий. Хамгийн анх бүр үүнээс ч бага газар гэж тогтоож байсан. Тэгэхээр нь зарга үүсгэсэн. Тэгээд нэмж авсан нь одоогийн энэ хэмжээ.
-Газраас нь тасалж авсан хүмүүстэй та биечилж уулзаж байв уу?
-Уулзалгүй яах вэ. Гишүүн асан А.Сүхбаттай гурван шатны шүүхээр маргасан. Зарим шүүх хуралд нь манайх ялсан, заримд нь ялагдсан. Явсаар 17 га газартай үлдсэн. Уг нь хамгийн анх Төв цэнгэлдэх хүрээлэн 95 га газартай байсан юм шүү дээ. Гэтэл үе үеийн Засаг дарга нар захирамж гаргаж, бусдад шилжүүлсээр үлдсэн нь энэ.