Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Түвшинтөгс: Төр хувийн хэвшлийн өмчийг буцаан авч байгаа бол СОНСОХ ажиллагаа заавал явуулах ёстой

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 52 секунд

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд төрөөс хувьд шилжээд байсан өмчийг төрд буцаан авах процесс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өрнөж байна. Энэ бүхнийг дагаад төр хувийн хэвшлийг дээрэмдэв үү, эсвэл гэдэг талцал нийгэмд үүсээд буй. Тиймээс эл асуудлаар хуульч Б.Түвшинтөгстэй ярилсанаа хүргэе.

-Төр хувийн өмчийг дээрэмдлээ гэж үзэх нэг хэсэг байхад алдсан өмчөө төр буцаан авлаа гэж үзэх хэсэг ч байна. Яг ийм талцал нийгэмд үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. "Эрдэнэт" үйлдвэрээс эхлээд Хөтөлийн цемнтийн үйлдвэр гээд олон ААН-тэй холбоотой маргаан яригдаж байна. Эдгээр процессийг та хуульч хүнийхээ үүднээс юу гэж дүгнэж байна вэ?

-Төр өмчөө буцааж авлаа гэдэг асуудалд үндэслэлтэй зарим зүйл байна. Харин заримыг нь хэлэхэд хэцүү юм билээ. Төр өмчөө буцааж авч байгаа юм бол яагаад тухайн өмчийг хувьд өгсөн юм бэ гэдэг асуудлыг ярих ёстой. Нэг үгээр хэлбэл, хууль бус гэдгийг нь мэдсэн юм бол яагаад анхнаас нь хувьчилсан юм бэ. Тэр нь концесс байна уу, юу байхаас үл хамаараад шүү дээ. Дараагийн нэг асуудал нь, хууль бус үйлдэл байсан юм бол өнөөдрийг хүртэл яагаад ямар нэг арга хэмжээ аваагүй юм бэ. Гуравдугаарт, төр өмчөө өөрийн мэдэлд авч байна гээд шууд хүч хэрэглэж байна. Ингэж болдог юм уу. Угтаа бол ямар замаар яаж хувийн хэвшилд шилжсэн, төрд буцаан авах нь үндэслэлтэй юм уу, үгүй юм уу гэдгийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж байж төрд авах асуудал яригдах учиртай.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессоор авсан "Кью Эс Си" компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүгээгүй. Хүдрийн баяжмалыг түүхийгээр нь экспортлож 1.5 их наяд төгрөгийн ашиг олсон хэрнээ улсад 100 тэрбум төгрөгийн татварын өр үлдээсэн гэх олон асуудал яригдсан. Улмаар үйлдвэрийг төр мэдэлдээ авсны дараа "Кью Эс Си" компани үүнийг үгүйсгээд "Данхагар бүтэцтэй байсан үйлдвэрийг ашигтай ажиллуулсан. Төр хувийн өмчийг булаалаа" гэж Засгийн газрыг шүүхэд өгчихлөө. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ашигтай, ашиггүй ажилласан гэдэг нь санхүүгийн шинжээчийг дүгнэлтээр гарна. Нөгөө талаасаа Концессын гэрээ нь хэн нэгэнд давуу тал бий болгосон эсэхийг шалгах хэрэгтэй. Тал бүрийн дүгнэлтээр хэн нь үнэн ярьж байна гэдэг гарч ирнэ. Ер нь бол зарчмынхаа хувьд сонсох ажиллагаа явуулах ёстой. Үүнд, ийм шалтгаанаар өмчийг төрд буцаан авч байна, гэрээ цуцлах ийм шалтгаан байна гэдгээ тайлбарлах ёстой.

Гэтэл төр мэдэлдээ буцааж авсан ААН-үүдийн олонхийнх нь тайлбарлаж байгаагаар ийм сонсох ажиллагааг огт явуулаагүй. Шууд хүч хэрэглэж авсан байдаг. Тиймээс төр нь эхлээд хуулиа дээдлээд сонсох ажиллагаагаа явуул. Дараа нь өмчөө буцаагаад авчих. Тэгвэл ямар ч асуудал байхгүй. Байлаа гэхэд талууд шүүхэд хандана. Шүүхээс аль нэг талд нь шийдвэр гаргана. Шүүхийн шийдвэр гартал тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулах ёсгүй. Зарчим бол ийм л байх ёстой. Гэтэл хэн нэгэн нь илүү эрх мэдэлтэй гэдгээрээ далайлгаж болохгүй.

-Яг энэ процесс "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь дээр яригдаж байсан. ТУЗ-ийг нь байлцуулахгүйгээр шийдвэр гаргасан байдаг юм билээ?

-Тэгсэн. Төрийн зүгээс хууль зүйн ийм процессыг олон удаа гаргаж байна. Төрөөс ямар нэг шийдвэр гаргалаа, маргааш нь шууд хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр байна уу, байхгүй юу огт хамаагүй. Гэтэл иймэрхүү өмчийн маргаантай энгийн иргэн, ААН-үүдэд холбогдох хэрэг яг хууль журмаараа өрнөдөг. Тэгэхээр Том мөнгө-Том эрх ашиг гэдэг үнэн байгаа биз.

-Ер нь төр өмчөө яаж хамгаалах ёстой юм бэ. Мэдээж Концессоор өгч болно, хувьчилж болно. Гэхдээ энэ процесс дунд хуулийн ямар нэг алдаа гаргахгүй байх боломжит хувилбар нь?

-Нэгдүгээрт, тухайн үед төрийг төлөөлж гаргасан шийдвэр нь буруу байна гэж үзвэл, гэм буруугийн асуудал яригдах ёстой. Концессоор ч бай, хувьчлалаар ч бай, хэн нэгэнд давуу тал олгосон гэрээ байгуулсан, эсвэл илтэд хохиролтой байх зүйл заалт оруулж, гэрээ байгуулсан, тендерийг хэн зохион байгуулсан, хэн гэдэг хүний гарын үсгээр хэнд олгогдсон бэ гэдгээс эхлээд олон асуудал яригдах учиртай. Нэг үгээр хэлбэл, төр өмчөө хамгаалъя гэвэл төр доторх авлигачдаа цэвэрлэх ёстой. Тэгж байж өмчөө хамгаална. Тэгэхгүй "Манай өмнөх дарга, удирдлага алдаа гаргачихаж" гэдэг байдлаар буруутай этгээд хариуцлага хүлээхгүй үлдэж байна. Үүнийгээ дагаад өчнөөн жилийн дараа "Үндэслэлгүй олгочихож. Төрийн өмчийг луйвардчихаж" гэдэг зүйл ярьж буцааж авах тухай яриа гардаг. Өнгөрсөн хугацаанд яг ийм л процесс өрнөж байна. Авч болно.

Гэхдээ хууль дээдлэх зарчмаа дага. Би түрүүн хэлсэн. Тухайн ААН-д эхлээд сонсох ажиллагаа явуул. Тухайн ААН зөвшөөрвөл өмчөө буцаагаад авчих. Үгүй гэвэл шүүхээр шийдвэрлүүлэх хугацаа нь олгохчих. Төр нь өөрөө төр шиг байж гэмээнэ хувийн ААН-үүд тогтвортой үйл ажиллагаа явуулах болно.

Тэгэхээр төрийн алба хааж байгаа албан хаагчид нь өөрсдөө гар, нэр цэвэр бай. Тэгж чадвал хэн төрөөс хулгай хийх юм бэ. Хэн төрийн өмчийг дээрэмдэх юм бэ.

-Тэгвэл нөгөө талаас нь яръя. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессоор авсан "Кью Эс Си" гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм чинь төр өмчөө эргүүлж авах нь зүйн хэрэг үү?

-Гэхдээ нэг асуудал гарч ирнэ. Засгийн газрыг шүүхэд өгсөн дөө. Шүүхээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцааж авсан процесс хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарвал яах вэ?

Төрийн байгууллагуудын зүгээс өмчөө буцааж авах үндэслэлтэй гэдэг утгаараа ингэж хандсан байх. Гэхдээ үндэслэлтэй, үгүйг нь тогтоодог хараат бус байгууллага нь шүүх байгууллага. Тиймээс л хэнбугай ч байсан эхлээд хуулиа дээдэл гэж хэлмээр байна.

Улаанбаатарт 27 хэм дулаан байна
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.