Цар тахлын “сүүдэрт” хамгийн хүнд цохилт амсаж буй салбаруудын нэг бол барилгын салбар. Арга ядсан барилгын салбарынхан хил гаалийн гацалт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дийлэхгүй болсон тул төрөөс дахин магадлан хийж өгөхийг өнгөрсөн намар хүсч, жагсаал хүртэл хийж байв. Тэд 300 саяас эхлээд 1 тэрбумын хүртэл алдагдал хүлээгээд байгаа юм. Барилгын улирал эхэлж энэ зовлон улам хүчтэй мэдрэгдэж байна.
Тэгвэл энэ дунд хамгийн асуудалгүй явж ирсэн. Үндэсний хэмжээний хувийн хэвшлүүд нь дотоодын зах зээлээ бүрэн хангаж байсан цементийн салбарыг төр өөрийн гараар дампуурууллаа. Цар тахлын нөлөөгөөр барилгын материалын үнэ 50-100 хувь нэмэгдэж байхад хоёр жилийн хугацаанд цемент ердөө тавхан хувь нэмэгдсэн байдаг. Энэ бол яалтчгүй дотоодын аж ахуйн нэгжүүд, дотоод зах зээлээ бүрэн хангаж байсны үр ашиг байв.
Гэвч төр өнөөх хуучин “технологи”-оороо ашиглаж хувийн хэвшлээ нухчин дарж эхэлсэн. Тэдний хөлд "Хөтөл"-ийн цемент шохой компани өртөж, төр төмөр нүүрээ харуулан байж өөртөө авав. Гүйцэтгэх удирдлагаар нь эдийн засгийн онолоос нь илүүтэй попрол нь түрүүлж явдаг нөхрийг тавьсан ч өнөөдрийг хүртэл олигтой үр дүн үзүүлсэнгүй.
Харин ч цар тахлын хүнд хэцүү үед толгой өвтгөхгүй явж ирсэн цементийн үнэ өсч, барилгын материалын гол түүхий эд тасалдах хэмжээнд хүрч орхив. Энэ бол төр хамгийн муу менежер байдгын бодит жишээ. Ядаж төрд авах ажлаа хуулийн хүрээнд нь хийгээгүйн гор. Хэн нэгэн хүний хувийн “дайсан”-ыг төрийн “дайсан” болгосны уршиг гээд шулуухан хэлчихэд нэг их хол зөрөхгүй.
Ингээд барилгын салбарт байтугай манай эдийн засагт ганц гялтайж явсан цементийн зах зээлийг төр өөрийн гараараа самарч, хор хохирлыг нь аж ахуйн нэгжүүд, ард иргэд үүрч явна. Хөтөл гэх хувийн хэвшил авлига, хүнд суртал, хээл хахуулиар дүүрсэн төрийн өмчийн гэх ангилалтай өнөөх “мангас”-ын ам руугаа унаж, буруу замаар будаа тээж явна.
Үр дүнд нь цементийн зах зээл нь үнийн дарамтад аль хэдийнэ орчихсон. Цаашлаад дотоодын зах зээлийг бараг 90 гаруй хувийг хангаж байсан хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа доголдож барилгын ажил эхлэхэд гол түүхий эд болох цемент нь тасалдах хэмжээнд хүрч байна. Уг нь улс орны хэмжээнд яригдах томоохон бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлээ төр аль болох боломжоороо дэмжиж, тэднийг үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломжийг олгох ёстой. Гэвч үүнийг эрх баригчид амаараа байнга ярьдаг ч үйл хөдлөлөөрөө эсрэг үр дүн үзүүлсээр байна.
Ердөө л жил хүрэхгүй хугацааны өмнө Төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд хувийн хэвшлийнхнээ цуглуулж байгаад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг “үлгэр”-ээ ярьж өгцгөөсөн. Гэвч өнөөдөр байдал эсрэгээрээ. Төр нь хувийн хэвшлээ дэмжих биш харин ч салбарыг нь татаж унагах, өмчийг нь дээрэмдэх байдалтайгаар “үлгэр” үргэлжилж байна. Энэ маягаараа явбал үлгэр нь угаасаа сайхан төгсөхгүй биз.