Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх талаар бид мэдээлсэн. Австри Улсаас анх удаа Монгол Улсад Ерөнхийлөгчийн түвшинд хийх энэхүү айлчлалыг угтан хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо сонгодог урлагийн хоёр ч тоглолтыг зохион байгуулахаар болов. Тодруулбал,
2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр: Австри улсын суут хөгжмийн зохиолч Иоханн Штраусын мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр И.Штраусын бүтээлүүдээс толилуулна. Тоглолт Улсын Филармонид 19:00 цагт эхэлнэ.
2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Австри Улсын Элчин сайдын яам хамтран УДБЭТ-ын симфони найрал хөгжим “Сонгодог үдэш” тоглолтоор В.Моцарт, Ж.Чулуун, Ф.Шуберт, Р.Штраусс тэргүүтэй хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг өргөн барина. Тоглолт УДБЭТ-д 17:00 цагт эхэлнэ.
Австри-Монголын уран бүтээлчдийн хамтарсан энэхүү хоёр тоглолтод Австрийн тэргүүн зэргийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецбергер оролцож, 10 жилийн дараа дахин Монголын тайзнаа үзэгч, сонсогч нартаа концертоо эгшиглүүлэх юм байна.
БНХАУ-ын Бээжин хот дахь Австри Улсын Элчин сайдын яамны санаачилгаар Австрийн соёлын форумыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Австрийн тэргүүн зэргийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецбергер 2025 оны 05 дугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монгол Улсад ирж, дуурийн дуучид, төгөлдөр хуурчид, симфони найрал хөгжимчидтэй хамтран ажиллаж сургалт явуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!