Өчигдөр /2025.05.21/ МАН-ын Бага хурлын VI хуралдаан болж, гэрээгээ зөрчсөн улс төрийн нам буюу Ардчилсан намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэсэн. Бага хурлаас гарсан шийдвэртэй холбоотойгоор хамтарсан Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газрыг шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Улс орны эрх ашиг нэн тэргүүнд байх ёстой” гэсэн байр суурийг өчигдөр илэрхийлсэн. Түүнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
- Шинэ Засгийн газар бүрдэх нөхцөл үүсэж байна. Хэрэв Хамтарсан Засгийн газар огцорвол мега төслүүд царцах уу, аль эсвэл үргэлжлэх үү гэсэн болгоомжлол байна. Энэ тухайд та юу гэж харж байна?
- Манай намын бага хурлын шийдвэр гарсан. Энэ дагуу намын дараагийн шийдвэрүүд нь улс орны эрх ашгийг яаж хангах вэ, чармайж ажиллах вэ гэдэгт гарах байх. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ бол Засгийн газар хамтарсан байна уу, хамтраагүй байна уу гэхээс үл хамаарч МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан Эгийн голын усан цахилгаан станц, Эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар, УИХ хамтран ажиллах ёстой гэж харж байна.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр огцрох өргөдлөө өгнө гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Бага хурал дээр яригдаагүй юу?
- Одоогоор би ямар нэг мэдээлэлгүй байна. Бага хурал дээр Ерөнхий сайд огцрох тухай яригдаагүй.
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтэд уул уурхайн цикль, мега төслүүдийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөгөөр тусгасан нь эрсдэл дагуулж байгааг сануулжээ. Таны хувьд ямар байр суурьтай байна?
- Мега төслүүдийг бид эрэмбэлэх ёстой. Манай улс дөрвөн жилийн дотор одоогийн нөхцөл байдал, ялангуяа гаднах нөхцөл байдал өөрчлөгдөж буй үед би юуг эрэмбэлж хамгийн түрүүнд эдийн засгаа эрэмбэлэх суурь төслүүдийг хэрэгжүүлж болох вэ, үүнийгээ ард иргэддээ үр ашгийг нь хүргэх вэ гэдэгт эрэмбээ гаргах ёстой. Энэ эрэмбийг гаргахад эрчим хүчний төслүүд их чухал байна. Үүнийгээ илүү нэн тэргүүнд тавьж хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс мега төслүүдээ эрэмбэлэх нь бидний үүрэг гэж харж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!