Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар АМЛАЛТАА биелүүлэхээс өмнө Дарханы зам нь “ашиглалтад орно“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 24 секунд

No description available.

Бараг долоо хоногийн өмнө юм. С.Бямбацогт сайдыг Дарханы зам дээр очиж ажилласнаас хойш Хөтөлийн даргыг "эрэн сурвалжлав". Харин өнгөрөгч баасан гарагт Сангийн сайд Б.Жавхлан Дарханы замын ажлын явцыг хойш татсаар ирсэн алдарт 2 болон 4 дүгээр багцууд дээр очиж ажиллах үеэр өнөө "гээгдсэн" даргыг олж авлаа.

Харин энэ үеэр 2 болон 4 дүгээр багцууд дээр ажиллаж байгаа замын компаниуд цементийн асуудлыг хөндөн тавьлаа. Арга ч үгүй. Зам барилгын ажлын улирал нь ч, хөдөлгөөн нээнэ хэмээн амласан өдөр хоног нь ч ойртсоор байхад тэд сандралдах нь аргагүй. Товчхондоо, "төрөх" хугацаа нь дөхчихсөн байгаа зам шүү дээ.

Дөрвөн жилийн хугацаанд "Хятад" компани самарсан хоёр багц дээр ажлын явцын хувьд ч, гүйцэтгэлийн хувьд ч урагштай компаниуд шинээр орж ажиллаж эхэлж байв. Гэтэл цементийн нийлүүлэлт нь тасалдаад эхлэв. Ёстой л хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг л юм болж орхиж.

-Аравдугаар сард Дарханы замын ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭНЭ-

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Өдөрт 1400 тонн байхад ажил саадгүй үргэлжлэх боломжтой. Аравдугаар сард эхний хучилтуудаа хийж дуусгаад хөдөлгөөнийг 220 километрт бүрэн нээхийг зорьж ажиллаж байгаа. Энэ нь зам ашиглалтад бүрэн орж байна гэсэн үг биш. Хөдөлгөөн нээх нь чухал” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар тус замд өдөрт 400-500 тонн цемент л олдож байна. Ийм байхад яаж Дарханы замын ажил "дардан" гэгч нь үргэлжлэх билээ.

-АМЛАЛТ: Аравдугаар сард өдөрт 3000 тонн цемент нийлүүлж чадна-

Гэтэл өнгөрсөн хэдхэн саруудад замын ажил удааширсан гол шалтгааныг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төлөвлөгөөт засварт орсонтой холбон тайлбарласан. Тэгвэл есдүгээр сард дуусгана гэж байсан Хөтөл цемент шохойн үйлдвэрийн төлөвлөгөөт засвар яагаад ашиглалтад ороогүй байгаа шалтгааныг тус компанийн захирал Л.Наранбаатар цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлалаа. Харин аравдугаар сарын 1-нээс үйлдвэрээ хэвийн ажиллагаанд оруулж Дарханы замд өдөрт 3 мянган тонн нийлүүлнэ хэмээн ам гарав.

Нэг ёсондоо энэ бол Л.Наранбаатар даргын Дарханы замд өгсөн АМЛАЛТ. Гэвч амлалтаа биелүүлэх гэж ядсаар байтал цементээр хийгдэх гол ажлууд дуусах гээд байна.

Энэ талаар дөрөвдүгээр багц хэсгийг барьж буй компанийн төлөөлөл хэлэхдээ "Хөтөл цемент шохой үйлдвэр зогссонтой холбоотойгоор маш том хүндрэл гарсан. Ялангуяа дөрөвдүгээр багц дээр. Үнэн хэрэгтээ аравдугаар сарын 1 гэхэд цементийн ажил дуусах гээд байна. Тухайн үед Хөтөл цемент шохой компаниас цемент авбал бага хэмжээгээр л авна. Өнөөдөр талбай дээр цемент байхгүй зогсож байна шүү дээ” хэмээн дургүйлхээд амжив.

-Тоосгоны, мөнгөний нөөцгүй, хөрөнгө оруулалт ч хийгдээгүй үйлдвэрийг л хүлээж авсан-

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатараас цементийн нийлүүлэлт, тасалдал, чулуунцарын үйлдвэрийн төлөвлөгөөт засвар яагаад өнөөдрийг хүртэл дуусаагүй шалтгаан зэргийг тодрууллаа.

-Цементийн хомсдол бий болж байна гэдэг асуудлыг компаниудын зүгээс өгч байна. Цаашид барилгын салбар дээр ч, Дарханы зам дээр ч цементийн хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр хомсдлоос шалтгаалсан үнийн өсөлт бий болох вий гэх болгоомжлол байна?

-Барилгын салбарт хоёр сая орчим тонн цемент хэрэглэж байгаа. Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хувьд хөрөнгө оруулалт хийгдэж, хувьд очсоноос хойш хамгийн ихдээ 380 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан. Бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байна. Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент үйлдэрлэчихсэн. Үүнээс 85 мянган тонныг Дарханы замаас гадна өөр бусад замуудад ч нийлүүлсэн. Нэг зүйлийг маш энгийнээр ойлгуулж хэлэхэд, цемент гэдэг зүйлийн үндсэн түүхий эд нь чулуунцар гэх бүтээгдэхүүн. Нийт орцын 87 хувийг эзэлдэг. Түүнийг нь боловсруулдаг 60 метрийн урттай зуухны тоосгыг солих хугацаа зургаан сар. Гэтэл өнгөрсөн хугацаанд гурван жил таван сарын турш энэ тоосгыг солилгүй ажиллуулчихсан байсан. Тэгэхээр бид ажлаа аваад хэдхэн сар болж байна шүү дээ.

-Чулуунцарын үйлдвэрийг есдүгээр сарын 1 гэхэд дуусгана гэж та хэлж байсан. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл төлөвлөгөөт засвар дуусаагүй байгаа хэрэг вэ?

-Цар тахлаас шалтгаалсан хүчин зүйл бий. Гаднаас тоосгоо шууд худалдаж авсан. Тендер болон өөр бусад процесс дамжсан бол он гараад явчих байсан юм билээ. Өмнө төлөвлөгдчихсөн байсан ажил гэсэн үг.

Цар тахлаас шалтгаалан тоосгоо татах асуудал дээр нэг сарын хугацаа алдчихлаа. Хугацаа алдаагүй бол бид өнөөдөр төлөвлөгдсөн цементээ есдүгээр сарын 1-нээс нийлүүлж эхлэх байсан.

-Төлөвлөгөөт засварын ажил одоогоор хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Одоогоор засварын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Аравдугаар сарын 1-нээс хэвийн ажиллаж эхэлнэ.

-Үнэ цаашид өсөхөөр байна уу?

-Хөтөл чинь баларлаа гээд бодит мэдээллийг хүргэхгүй яваад байвал үнэд нөлөөлнө шүү дээ. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авч ажиллахаар ажиллаж байна.

-Өдөрт хэчнээн тонн цемент үйлдвэрлэх боломжтой байна вэ?

-Өдөрт гурван мянган тонн цемент гаргах боломжтой.

-Төлөвлөгөөт засвар орохоос өмнө цементийн нөөц бэлтгэсэн байсан уу?

-Бид нөөцгүй үйлдвэр авсан. Өөрөөр хэлбэл, тоосгогүй үйлдвэр авсан гэсэн үг. Нөөцөө бүрдүүлэхэд чинь тодорхой процессууд үргэлжилнэ шүү дээ. Төрийн мэдэлд ирээд таван сар л болж байна. Гэтэл зургаан сар болоод л солих ёстой тоосгыг нь 36 сар солиогүй байна шүү дээ. Мөнгөний нөөцгүй, тоосгоны нөөцгүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй үйлдвэрийг авсан.

-Алдагдал хэр их хүлээж байна?

-Дөрөвдүгээр сараас хойш ирээд сар болгон ашигтай ажиллуулсан. 13.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан. Үнэ хувьд шилжээд биднийг ажлаа хүлээж авах хооронд 148 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болчихсон байсан. Одоо мөнгөн урсгал нь эерэг болж эхэлж байгаа. Тодорхой асуудлууд байгаа. Хэд хэдэн үйлдвэрүүддээ хөрөнгө оруулалт хийх ёстой байсан. Огт юм хийгээгүй байна лээ. Ганцхан чулуунцарын үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийгдчихсэн байсан. Уурхай нь техникгүй байсан шүү дээ. Бид мөнгөгүй үйлдвэр хүлээж авсан нь үнэн. Гэхдээ бид зовлон тоочихгүй. Үндсэн ажлуудаа хугацаанд нь хийнэ.

Дахиад ч хэлье. Б.Энх-Амгалангийн хуулсан, Л.Халтарын дуусгаж чадаагүй Дарханы замыг нэг өдрийн өмнө ч гэсэн авмаар байна, Л.Наранбаатар дарга аа

Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.