Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс энэ оны нэгдүгээр улирлын байдаал нийслэлийн хэмжээнд тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна.
Зөрчлийн тухай хуулиар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол хүүхдийн эрхийн зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Судалгаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчилд хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй нь тогтоогджээ.
Тухайлбал: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй 6236 хэргээс 3382 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлдөг бол 2854 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлөөгүй 1822 төлбөр төлөгч байна. Тэдний 51 хувь нь буюу 935 хүний хөрөнгөөс суутгал хийх ажиллагаа явуулаагүй байна. Мөн 460 хүн буюу 25 хувьд нь хөрөнгөөс суутгал хийх боломжгүй бол 14 хувь нь буюу 264 иргэн орчин суугаа газрын хаягийг өөрчилсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн найман хувь буюу 133 төлбөр төлөгч хорих ял эдэлж байгаа бол 2 хувь буюу 30 төлбөр төлөгч Монгол улсын хилээр гарсан байна.
Тус прокурорын газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хугацаатай үүрэг өгч, албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тэтгэлэг төлөгчийн оршин суугаа газрын Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлэх, хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нийт гомдол, мэдээллийг нэн даруй шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг авах талаар тусгасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!