Өнгөрөгч өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ даргатай МАН-ын "гал тогоо" бүрэн утгаараа хөдөлгөөнд орж, шөнө дөлөөр хуралдан хамтарсан Засгийн газрын хувь заяаг "хөмөрч" орхив. Тэд хадаг барьж гуйсан Ардчилсан намаа засгаасаа "хөөж", оронд нь УИХ-д суудалтайгаа бусад намуудтайгаа эвсэж шинэ Засгийн газар байгуулах шийдэлд хүрсэн юм. Харин Засгийн газраа тараахад хүрсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгнө гэх мэдээлэл бий. Тэгвэл одоо бидэнд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг л хамгийн сонирхолтой бөгөөд эргэлзээ дагуулсан асуулт болон гарч ирж байна.
Одоогоор эрх баригч нам дотор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын нэр Ерөнхий сайдад яригдаж эхэлсэн байна. Г.Тэмүүлэнгийн хувьд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талаас "дундын хувилбар" болгон дэвшүүлэхэд хамгийн боломжтой бөгөөд тохиромжтой хүн. Харин Б.Жавхлан, Н.Учрал нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зүтгүүлж буй аж. Ямартай ч хувилбар хэдийнэ яригдаж эхэлсэн. Гэхдээ улс төрийн үйл явц талаас харвал гол шийдвэр гаргах хүн нь Ерөнхийлөгч. Явж, явж түүний "таалсан" хүн нь л дараагийн Ерөнхий сайдын албан тушаалд очно.
Ерөнхий сайдад яригдаж буй эдгээр гурван улстөрчийн хувьд үе, үеийн л төлөөлөл болсон хүмүүс. Хэрэв Б.Жавхлан дараагийн Ерөнхий сайдаар сонгогдвол 70-аад оны төлөөлөл дээр гүйцэтгэх засаглалын эрх мэдэл төвлөрнө гэсэн үг. Харин Г.Тэмүүлэн, Н.Учрал хоёрын аль нэг рүү нь чиглэсэн томилгоо өрнөвөл МАН-ын 80-аад оны залуучуудад эрх мэдэл төвлөрнө гэж харж болох юм.
Нөгөө талд хөндөх ёстой асуудал бол дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн. Мэдээж Ардчилсан намын засагт орох үүд зам нэгэнт хаагдсан хойно одоо ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийн хүмүүсээр шинэ Засгийн газраа бүрдүүлнэ. Харин эдгээр намууд МАН-аас очих урилгыг хүлээж авах болов уу гэдэг л анхаарал татаж байна. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын хувьд, өчигдөр МАН-ын бага хурлын дараагаар холбогдоход, хувь хүнийхээ хувьд хамтралыг дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. Энэ мэтчилэн шинэ Засгийн газартай холбоотой улс төр ойрын өдрүүдэд биднийг уйдаахгүй гэдэг нь дамжиггүй боллоо...
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!