Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд ажлын хэсэг гарч 1992 оны Үндсэн хууль батлалцсан хүмүүсийн төлөөлөл, Монголд үйл ажиллагаа явуулж буй 16 улс төрийн намын удирдлагуудтай уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүний дүнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санаа бодлыг сонсож нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар улс төрийн намууд болон олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн хэлэлцүүлгийг улс даяар хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэдэг шийдэлд хүрлээ.
Олон нийт дэмжих юм бол УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих болно" гэв.