Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Очгэрэл: Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн бодлого дахь шинэтгэлийн нэг үндсэн чиглэл

Ангилал
 Хууль эрх зүй
Хэзээ
Унших
9 минут 16 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэлтэй ярилцлаа

-Шинээр хэрэгжүүлж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хууль, эрх зүйн болон бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдал, тус ялын зорилго, ач холбогдол, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өгөхгүй юу?

-Монгол Улс нь ял шийтгэлийн бодлогын хувьд 1992 оноос хойш тасралтгүй өөрчлөгдөн шинэчлэгдэж өнөөдрийг хүрч байна. Шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш ялын бодлогоо цөөнгүй удаа шинэчлэсэн бөгөөд ял шийтгэлийн бодлого нь нийгмийн хөгжлийг дэмжсэн, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, эерэг үр дагаврыг бий болгосон, улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан байхад чиглэн өөрчлөн хөгжүүлж ирсэн билээ.

Дэлхийн улс орнуудын хувьд ялын бодлогыг нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлснээр багагүй үр дүн, ололтыг бий болгож байгаа бөгөөд хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг түгээмэл хэрэглэх боллоо.

Монгол Улсын хэмжээнд хорихоос өөр төрлийн ялыг илүү их өргөн хэмжээнд ашиглан, нийгмийн ач холбогдлыг өсгөх зорилго агуулан эрх зүйн шинэтгэлдээ тусгахаар ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ бол хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуульдаа тусган нэвтрүүлсэн явдал юмаа.

Монгол Улс энэхүү ялыг багагүй хугацаанд судласан ба миний бие судалгааны бүрэлдэхүүнд орж ажилласан хүний хувьд хэлэхэд дэлхий нийтэд маш их үр ашиг өгөөжтэй, тодорхой хэмжээний үр дагавар нь илүү бодитой шууд гардаг шинэ төрлийн ял болохыг онцлон хэлмээр байна.

Шинэ төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн яам санаачлан шийдвэрлэсэн.

Энэхүү ял хэрэгжиж эхэлснээр манай улсын ялын бодлогод шинэ эргэлт авчирсан томоохон алхам болсон гэж судлаач хүний хувьд үздэг.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хангаж эхэлснээс хойш 2500 орчим ялтанд хяналт тавин ажилласнаас шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж хяналтад авсан 1335, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-аар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1129 ялтан, ялыг биеэр эдэлж дууссан 1025 ялтан байна.

Өнөөдрийн байдлаар хяналтад 1437 ялтан хяналтад байгаагаас 88.9 хувь нь эрэгтэй, 10.4 хувь нь эмэгтэй, 0.7 хувь нь өсвөр насны хүүхэд, ял шийтгэлийн байдлаар нь авч үзвэл 52.5 хувь нь анх удаа ял шийтгүүлсэн, 47.5 хувь нь хоёр ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэд болон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ял эдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхад анхааран ажиллаж байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийн ялаас ялгагдах онцлог юу вэ?

-Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь технологийн дэвшлийг ашиглан цахим төхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биед зүүж байршлыг тогтоон, зорчих маршрутыг хязгаарлан хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэг онцлогтой.

Ял эдлүүлэх ажиллагааны явцад ял шийтгэгдсэн хүнээс тодорхой хэмжээний үүргийг шаарддаг. Жишээ нь цахим төхөөрөмжийн ажиллагааны горим, дүрмийг дагаж мөрдөн ашиглах, хамгаалах, ашиглалтын явцад үүсч буй зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 169 дүгээр зүйлд зааснаар ялтан өөрөө хариуцах гэм мэт эрх зүйн зохицуулалттай онцлог ял юм.

Цаашид программ хангамжийн хөгжүүлэлтийг хийн цахим бугуйвчийн чанар үзүүлэлтийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.

-Зөвхөн цахим төхөөрөмж ашиглан хяналт тавьдаг гэж ойлгож болох уу?

Нэг талдаа цахим төхөөрөмж ашиглан тухайн хүний хөдөлгөөн байршилд хязгаарлалт тогтоон хяналт тавьж байгаа ялын шийдэл боловч нөгөө талдаа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа буюу Олон улсад Пробацийн алба гэж нэршсэн чиг үүргийн гол онцлог болох биечилсэн хяналт, түүнчлэн зан үйлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг давхар зохион байгуулдаг.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх явцад ял шийтгэгдсэн хүний ухамсар, биеэ авч явах байдал, цахим төхөөрөмжтэй харьцах үүргээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, гэмт буруугаа ойлгох, эдийн засгийн болон эрх зүйн үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлэх хариуцлагыг үүсгэдэг.

-Энэ ялыг нийгмийн зүгээс төлийлэн сайн ойлгохгүй байх шиг, олон нийтийн дунд эргэлзээтэй ойлголтууд яваад байна, тухайн ялын үр ашгийг товчхон тайлбарлаж өгнө үү?

Хорихоос өөр төрлийн ял бол дэлхий нийтийн хэмжээнд нийгэм болон эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай гэдийг дэлхийн улс орнуудын олон жилийн хуулийн салбарын түүх, туршлага нотолсон байдаг.

Гадаадын зарим улс орны жишгээр Монгол Улсын хувьд хорих ялын сөрөг үр дагавар, ял эдлүүлэх ажиллагаанд зарцуулж буй төсвийн зардлыг бууруулах, хорих ял шийтгэгдэгсдийн тоон үзүүлэлтийг багасгах, гэмт хэрэг үйлдээд ял шийтгэгдсэн хүмүүсийн зүгээс давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор энэхүү ялын шинэ төрлийг УИХ-аас хуульчлан баталсан билээ.

Хорихоос өөр төрлийн ял нь юуны өмнө төрд ачаалал үүсгэдэггүй, тухайн хүний хувийн онцлог байдал, гэм бурууд нь тохирсон сонголтыг бий болгож, ингэснээр ялын гарцаагүй, бүрэн хэрэгжих магадлалыг өндөр түвшинд хүргэдэг ялын төрөл.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь нийгмийн болон эдийн засгийн эерэг үр дагаврыг бий болгож байна. Тухайлбал, ял эдлүүлэх ажиллагааны зардлын хувьд улсын төсөвт үзүүлэх ачааллыг нилээдгүй хувиар буулгах тооцоо гарсан, хорих ялтай харьцуулахад 10-15 хувиар, бусад урсгал зардал 25-30 дахин бага зардлаар хэрэгжүүлэх тооцоо гарсан. Энэ нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед төсвийн хэмнэлтийг бий болгоход маш чухал үүрэгтэй юм.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүний хувьд ажилд хөдөлмөрөө үргэлжлүүлэн чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалах боломжийг олгож байдаг онцлогтой.

Эрүүгийн ял шийтгэл нь нийгмийн сөрөг үр дагаврыг дагуулдаг байсан асуудал ард хоцорч, ял шийтгэлийн бодлогод орсон энэхүү эерэг үр дагавар, өөрчлөлтийг дан ганц ял эдлүүлэх систем биш улс орны хэмжээнд ойлгож үзэхийн бол дотоод аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэмжээнд шударга ёсыг хангах, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд чухал үүрэг рольтой юм.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа буюу Пробацийн тогтолцоог хөгжүүлэх асуудал нь зорчих эрхийг хязгаарлах ялаар дамжуулан нийгэмд тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаад бидний хувьд сэтгэл өндөр байгаа билээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-т хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тогтолцоог хөгжүүлэх зорилтыг тусгайлан заалт оруулсан бөгөөд үүний хамгийн тод үр нөлөөг зорчих эрхийг хязгаарлах ялаас харж болно. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн бодлого дахь шинэтгэлийн нэг үндсэн чиглэл болон хэрэгжиж байна.

ЭМЯ-ны авлига авсан 26 ажилтанд холбогдох хэргийн шүүх хурал Дээд шүүхээс ХОЙШИЛЛОО
 
Гэрээт байгууллагын такси зам хаасан ч иргэдэд үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.