Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаа биш МӨНГӨӨ хэмнэмээр байна Х.Нямбаатар сайд аа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 5 секунд

Эдийн засаг элгээрээ хэвтэж, түмний амьдрал уруудан доройтож байхад дарга нарын тансаглал хэрээс хэтэрч буйн жишээ ар араасаа хөвөрсөөр. Үгүй ядаж л хуулийн сайд нь хүртэл "Засгийн газрын гишүүд орон нутагт томилолтоор явахдаа жижиг оврын онгоц хөлөглөх нь зүйтэй" гэж мэдэгдэж байв.

Үүнийг нь ч батлах мэт "Х.Нямбаатар сайд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвийн 1.1 км хатуу хучилттай автозамын тууз хайчлахын тулд онгоц хөлөглөжээ" гэх шүүмжлэл цахим орчинд хөврөөд байна.

Тэгвэл уг шүүмжлэлийн хариуд Х.Нямбаатар сайд цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр "Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хилийн цэргийн ангийн шав тавилаа. Тус аймагт Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги дангаар үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй км хилийн хамгаалалтыг хариуцаж буй. Тус бүс нутагт хилийн дэглэмийн зөрчил ихээр гардаг.

Тиймээс хил хамгаалалтын нягтралыг сайжруулах зорилгоор шинэ анги байгуулах шав тавьж байна.

Шинэ ангийг Сулинхээрийн отрядын жишиг зургаар байгуулах бөгөөд штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байна" гэжээ. Түүний эл тайлбараас үзвэл, зөвхөн зам барих ажлын тууз хайчлахын тулд онгоц хөлөглөөгүй бололтой юм. Гэвч ямар ч ажлаар явсан онгоц л бол онгоц.

Тэгвэл тэрбээр онгоц хөлөглөж агаараар дүүлсэн нь ганц энэ удаагийнх биш.

Тодруулбал, өнгөрсөн сард л гэхэд хилийн боомтуудад ажиллахдаа нисдэг тэрэг ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулж байв. Энэ талаараа "Би Улаанбаатар хотоос Шивээхүрэн, Цагаан дэл боомт хүртэл машинаар явсан. Шивээхүрэнгээс Жанжин баг руу 500-600 км шороон замаар явах ёстой. Шивээнхүрэнгээс 15 цагийн үед хөдлөхөд Жанжин багийн уулзалтад яагаад ч амжихгүй байсан.

Тиймээс Цагаан дэл боомтоос Эрдэнэс Тавантолгойн аваар ослын үед ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн” гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Ингэхдээ дээр хэлсэнчлэн "Засгийн газрын гишүүд цаашид орон нутагт томилолтоор ажиллахад жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг онгоц хэрэглэх нь зөв. Тухайн баг өдөртөө очиж ажиллаад ирвэл хамгийн бага зардал гаргах боломжтой.

Агентлаг, яамдын төлөөлөл томилолтод заавал нэг машин дагуулж явдаг. Ер нь бол томилолт гээд ар араасаа олон машин дагуулж явахыг буруу зүйл гэж боддог. Ингэснээр цаг хугацаа алдаж, их ч зардал гаргадаг. Хэмнэлтийн тухай хууль дээр энэ асуудлыг тусгаж байгаа" гэж байлаа.

Түүний хэлснээс үзвэл, шатахууны үнэ өссөн энэ цаг үед Засгийн газрын гишүүд онгоц хөлөглөж агаараар дүүлбэл цаг хугацаа хэмнэхийн сацуу автомашины шатахууны зардал хэмнэх сайн талтай мэт.

Гэвч шатахуун бага хэрэглэдэг жижиг оврын онгоц хэд байгаад ч автомашинаас бага зардалтай байна гэж байхгүй. Үүнийг ч хуулийн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс төсвийн хэмнэлт гэж сүржин ярьсан үгсээ хаана гээчихвээ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас асууя.

Маргааш Улаанбаатарт 8 хэм дулаан, бороо орно
Маргааш Улаанбаатарт 8 хэм дулаан, бороо орно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.