Дөрвөн гишүүнийг өнгөрсөн долоо хоногт түдгэлзүүлэх бичгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д оруулж ирснийхээ хариу улс төрийг тун удахгүй хүртэж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, эрх баригчид дараах гурван үндэслэлээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг “явуулах” процессыг өрнүүлэх аж.
Хуулийн хүрээнд яригдах үндэслэл нь тэтгэврийн насанд хүрч байгаа гэх шалтгаан юм. Прокурорын тухай хуулийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан байдаг. Ерөнхий прокуророор томилогдох үедээ тэрбээр 55 настай байсан бөгөөд өдгөө 58 нас хүрээд буй юм. Тиймээс Б.Жаргалсайхан прокурорыг тэтгэврийн насанд хүрч байгаа гэх шалтгаанаар УИХ “ороох” ажээ.
Мэдээж дараагийн хоёр үндэслэл нь улс төрийн агуулгатай үндэслэлүүд байна. Тодруулбал, дөрвөн гишүүний хэргийг УИХ руу оруулж ирэхдээ зарим нэг хүнийг эс тооцвол бусад гурвынх нь түдгэлзүүлэх асуудал хэтэрхий үндэслэл муутай байсан аж. Тиймээс уг үндэслэл муутай хэргүүдийг оруулж ирсэн нь эргээд УИХ-ын нэр хүндийг олон нийтэд унагасан. Хууль зөрчсөн гишүүдээ хууль тогтоогчид хамгаалж үлдлээ гэх мессежийг нийгэмд өгч орхив. Цаашлаад энэ нь Ардын намынханд хамгийн хүндээр тусч буй. Мөн дараагийн гишүүдийн асуудлыг оруулж ирж магадгүй байгаа гэх зэрэг асуудлаар Ерөнхий прокуророос эрх баригчид салахаар шийдсэн бололтой.
Дараагийнх нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх үндэслэл. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд УИХ-д санал болгож зөвшилцөөд, өөрөө зарлиг гаргаж томилсон билээ. Б.Жаргалсайхан прокурорыг өнгөрсөн хугацаанд экс Ерөнхийлөгчтэй болон түүний эргэн тойрны хүмүүстэй холбоотой хүмүүсийн хэргийг удаашруулсан гэж хэвлэлээр хангалттай шүүмжилж байв. С.Эрдэнэ хүртэл өөрт нь үүсгэсэн хэргийг хүчингүй болгох ажлыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын дохиураар Ерөнхий прокурор хийсэн зэргээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбодог. Ер нь хуулийн байгууллагуудад өмнөх хүн нь томилж байсан дарга, удирдлагуудыг өөрчлөх нь элбэг байдаг.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас эхлээд Хуулийн сайд ч гэсэн Б.Жаргалсайхан прокурортой “харшилтай” байсан талаар эх сурвалжууд мэдээлдэг. Тиймээс Ерөнхий прокуророос “салах” шалтаг, шалтгаан бүр талуудын хүсэл эрмэлзлийг хангаж байна. Тиймээс эв нь таарвал эрх баригчид ойрын өдрүүдэд уг асуудлыг хөндөх бололтой. Хуулиараа түүнийг томилж чөлөөлөх хүн нь Ерөнхийлөгчийн институт. Сүүлд сонгогдсон Ерөнхийлөгчтэй Б.Жаргалсайхан прокурорыг ойлголцуулах ажлыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хийдэг бөгөөд Ерөнхий прокурор, МАН-ын бүлгийн дарга хоёр нэг нутгийнхан билээ. Ажлын гараагаа ч Өвөрхангай аймгийнхаа прокурорын газарт Хяналтын прокуророос эхлүүлж байсан юм. Тиймээс Ерөнхий прокурорыг хамгаалах хүмүүсийн жагсаалтыг бүлүүн бүлгийн дарга тэргүүлэх нь ойлгомжтой.
Ямартаа ч өөрчлөх тухай яриа гараад эхэллээ. Одоо үйл явц хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ. Тэд ойлголцвол үлдэнэ. Үгүй бол нэг их удахгүй явуулах биз ээ.
Г.Лхагвадорж