Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг НУУЦЫН зэрэглэлтэй шалгаж байгаагаас ГАЦАА ҮҮСЧЭЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
11 минут 42 секунд

Яг одоогоос гурван сарын өмнө нэгэн залуу өөрийн амь насанд аюул учруулж болзошгүй гэж прокуророос үзэж, түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж байлаа. Прокурорын санааг чилээж, шүүхийг сандаргасан энэ хүн бол монголчуудад экс Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх гэдгээрээ эчнээ танигдсан "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн Ц.Ууганбаяр гэгч. Үүнээс өмнөхөн Х.Баттулгатай холбоотой санхүүгийн хэд хэдэн дуулиан дэгдсэн нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой учиг руу хөтлөсөн байдаг.

Нэг үгээр хэлбэл, Ц.Ууганбаяр нь "Нью Яармаг хаусинг прожект" ХХК нь "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн хамтаар "Шинэ Яармаг орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Өдгөө эл зээлийн үлдэгдэл нь 117.9 тэрбум бөгөөд 2019 оноос хойш хоёр шатны шүүхээр орж, хэрэг нь Дээд шүүхэд гацаад буй юм. Энэ бүх процессоос хамгийн хачирхалтай нь "Нью Яармаг хаусинг прожект" ХХК нь анх зээл авахдаа барьцаанд тавьсан 21 үл хөдлөх хөрөнгийг яагаад ч юм бэ, барьцаанаас чөлөөлүүлчихсэн нь хуулийхны анхаарлыг ихэд татаж байгаа аж.

Ямартай ч шүүхийн шийдвэрээр нэг сар цагдан хоригдсон Ц.Ууганбаяр суллагдсан.

Гэхдээ суллагдсаныхаа дараа сайн ах болох Х.Баттулгынхаа эсрэг мэдээлэл өгсөн гэх. Эх сурвалжийн хэлснээр тэрбээр Хөгжлийн банкнаас авсан зээлээс эхлээд хэд хэдэн ноцтой асуудлаар прокурорт хошуу хүргэсэн байна. Яг үүнтэй зэрэгцээд Х.Баттулгыг гадаад руу гарсан гэх мэдээлэл хоёр ч удаа цацагдсан нь бас л сонирхолтой өнцөг.

Уг асуудлыг тодруулахад, хоёр долоо хоногийн өмнөх энэ үйл явдлын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Солонгосоос ирсэн байдаг. Түүнийг Солонгос руу гарсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдсан даруйд Х.Баттулга Сэлэнгэ аймагт явж буй зургаа сошиал орчиндоо тавьж байлаа. Энэ үйл явдал одгоос хоёр долоо хоногийн өмнө өрнөсөн гэдгийг дахин тодотгоё.

Ийнхүү цагтаа "Монгол ялна" хэмээн монголчуудын цөсийг хөөргөж, булиа бөхчүүдээр хамгаалуулж явсан Х.Баттулга аавын хаалга татах эсэх нь цаг хугацааны асуудал болж байх шиг байна. Учир нь хэргийг нь шалгаж боогоод шүүхийн босго давуулах цаг хэдийнэ болсон ч прокурорын шатанд гацсан нь цаанаа учиртай юм байна.

Тэр нь түүнд холбогдох эрүүгийн гэмт хэргийг нууцын зэрэглэлд хамааруулж шалгаж байгаатай холбоотой аж.

Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн шинжтэй, томоохон улстөрчидтэй холбоотой хэргийг хуулийнхан нууц гэх ангилал руу оруулчихдаг муу зуршилтай болсон. Тиймээс улсын нууц, мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудлаар хэн юу хэлж байсан бэ гэдгийг сонирхоод үзье. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ганцаар тогтохгүй удаа Х.Баттулгын эсрэг ам нээж байв.

Тэрбээр "Хөгжлийн банктай ноцтой асуудал олон байна. Ялангуяа улсын нууц гэдгээр халхавчилсан. Би хүний мууд дурлах гэж байгаа юм биш үү. Х.Баттулга гэж хүн зураг үзүүлээд л "Улс хийх гэж байна" гэдэг, гэдэг байсан.

Гэтэл начир дээрээ өөрийнх нь бизнес явж байдаг. Бүгдийг улсын нууц гэдгээр нуудаг, хаадаг. Би УИХ дээр нууцын тамга дардагаа боль, ил болго гэж удаа дараа хэлсэн. Эхнээсээ үр дүн өгч байна. Хөгжлийн банк дээр юу болсныг та нар мэднэ. Ерөнхий сайдаас "Нууц гэсэн материалыг ил болгоно" гэсэн яасан бэ гэж асуусан.

Тэгэхэд нууцын зэрэглэлтэй материалыг эхлээд ТЕГ шалгадаг юм байна. Хуудас хуудсаар нь шалгаж, хянасны дараа "Ил болголоо" гэсэн тамга дардаг журамтай юм байна.

Эндээс Хөгжлийн банкны хулгайд хэн хэн оролцсон мэдээлэл ил болно. Баттулга ч гэсэн" хэмээн хатуухан хэлж байсан юм. Дээр нь "Майдар хот... Бурхан багшийнхаа нэрийг худалдаж хулгай хийдэг. Х.Баттулга гэдэг хүн 300 мянгаас нэг сая төгрөгөөр баахан иргэдэд зарсан. Төмөр зам байна. Төмөр зам руу орсон мөнгө Хонгконгоос хоёр сая ам.доллар Монголын нэр бүхий дөрвөн төрийн бус байгууллагын данс руу шилжиж орж ирсэн.

Үүний нэг нь Майдар хоттой холбоотой төрийн бус байгууллага. Энэ бол мөнгө угаалт, авлига. Яллагдагчаар татагдсан. Гэтэл Ерөнхийлөгчөөр сонгогдлоо, хэрэг нь замхарсан. Юу болоод байгаа юм бэ. Уг нь төрийн зүгээс Майдар хот байгуулна гэсэн шийдвэр гаргаагүй. Тэгэхээр Х.Баттулга гэж хүн төрийн нэрээр хувийн бизнес хийж байна гэсэн үг биз дээ. Уг нь Х.Баттулгын зөвлөх, туслахыг хуулийн байгууллагаас шалгасан.

Гэвч Ерөнхийлөгч болсны дараагаар хэрэгт холбогдсон 10 орчим хүний хэргийг дарсан. Энэ бүхэнд хуулийнхан их нэмэр болдог юм байна.

Намайг дэд сайдаар ажиллаж байхад Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой 10 хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байсан. Энд Х.Баттулгын зөвлөх, туслахууд холбоотой, мэдүүлэг өгсөн байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой хэн үүрэг даалгавар өгч, хэн оролцож байсныг шалгаж байсан ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор эдгээр хүмүүсийг гэм бүруугүй болгосон.

Зарим нь гадагшаа зугтчихсан байна лээ" гэсэн ноцтой агуулгуудыг хэд хэдэн удаа мөн хэлж байлаа.

ТӨМӨР ЗАМ БА Х.БАТТУЛГА


Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хамгийн эхэнд замхарсан хэрэг нь төмөр зам. Цухасхан дурдвал, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, “ПроПаблика” хараат бус сэтгүүл зүйн агентлагаас Америкийн Маккензи зөвлөх фирм болон Монголын төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэргийн талаар томоохон материал нийтлэсэн байдаг. Хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлч Иан Макдугалл 2010 оноос хойш 10 орчим жилийн турш олон зуун материал, тэр дундаа төмөр замын хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдсан, тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын мэдүүлгүүдийг ашигласнаа дурдсан байдаг.

Тус нийтлэл 2019 оны 5-р сарын 14-ний өдөр нийтлэгджээ. Уг нийтлэлд "... Анхны ярилцсан 4 сая ам.долларын дүн тун удалгүй 5.6 сая ам.доллар болж нэмэгдсэн байсан.

Энэ талаар Ч.Ганбат мэдүүлэг өгөхдөө “Төмөр замын дагуух хөрсний судалгаа хийлгэх хэрэгтэй болсон” гэж тайлбарлаж байжээ. Маккензигийн гаргасан ТЭЗҮ судалгааг ашигласан Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар босгосон гэж ярьдаг ч энэ мөнгө улстөрчдийн буруу гараар орж, эсвэл авлигын замаар алга болсон.

2015 он гэхэд Монгол Улс төмөр зам ч үгүй, төмөр замын мөнгө ч үгүй болж, прокурорын газраас нь Х.Баттулга, Ч.Ганбат нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байв...

Ч.Ганбатын “Эхний ээлжинд 4 сая ам.доллараар энэ төсөлд орчих. Цаашаа төмөр зам баригдахаар та нарыг бүр том ажилд оруулна” гэж амласан амлалт Маккензи-г ийм нөхцөл байдал руу оруулсан байх магадлалтай.

Маккензи энэ хэргээс ихээхэн сургамж авч, дотоод хяналт шалгалтаа сайжруулсан гэж мэдээлдэг. Гэвч авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг болох Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар энэ хэрэг дарагдах, замхрах нөхцөл байдал үүссэн. Мөн Х.Баттулга нь Ерөнхийлөгч болсноосоо хойш прокурор, шүүгчдийг шууд огцруулж болдог хуулийн өөрчлөлт оруулж, өөрийнх нь авилгын хэрэг дээр ажиллаж байсан прокурорууд болон Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг сольсон байдаг.

Монголын төмөр замын төсөл тойрсон авлигын хэрэг одоо ч эцэслэгдээгүй хэвээр байна. Энэ төсөлд зарцуулсан олон сая ам.доллараас одоо нэг ч цент байхгүй.

Харин говийн уудам талд олон зуун метр үргэлжлэх шороон далан л үлдсэн байна.

Энэ мөнгөний тодорхой хэсэг нь Маккензи руу орсон билээ.." гэх зэргээр ноцтой мэдээллийг дэлхийд түгээсэн байдаг. Хэдийгээр Х.Баттулга гэж хүнтэй холбоотой энэ мэт маш олон баримт дэлгэгддэг ч төдийгөөс өдийг хүртэл хуулийнхан гараа хамхисан хэвээр.

Шалтгаан нь нөгөө л НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛ гэх тамганы дардас.

Эндээс нэг зүйл ажиглагдаж буй. Энэ нь хэрвээ Х.Баттулга гэж хүн төмөр зам барих нэрээр үнэхээр улсын мөнгийг шамшигдуулсан нь үнэн юм бол, Майдар хот байгуулна гээд Хонгконгоор дамжуулж мөнгө угаасан нь үнэн юм бол, Шинэ Яармаг төслөөр малгай хийн Хөгжлийн банкнаас зээл авсан цаад эзэн нь мөн юм бол ПРОКУРОР, АТГ өдийг хүртэл яагаад чимээгүй сууна вэ.

Хариулт нь, нэг бол тэр гэм буруугүй буюу түүнийг шударга бусын хонгил гэгчээр чирэх гэж буй хэрэг.

Үгүй бол Х.Баттулгын хэргийг хаацайлж, хамгаалдаг томоохон ар талтай хүмүүс байна. Ерөөс ингэж л харагдаж байна, ард түмэн ч гэсэн ингэж дүгнэж буй. Тиймээс л Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн Х.Баттулгад холбогдох хэргийн материалаас нууцын дардасыг нь авчих. Тэгвэл нэгэн цагт Төрийн жолоог атгаж явсан Х.Баттулга нүүр бардам шалгуулах зориг гаргах байх гэж итгэнэм. Хэрвээ нэр, гар нь цэвэр бол шүү дээ.

Г.Нацаг-Эрдэнэ

ЧУУЛГАН: Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг зогсоох хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг зогсоох хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.