Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Ч.Жаргалбаатараас тодрууллаа.
-Одоогийн байдлаар АТГ-д Хөгжлийн банктай холбоотой хэчнээн хэргийг шалгаж байна вэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-АТГ-ын мөрдөн шалгах албанаас Хөгжлийн банктай холбоотой асуудал үүссэн цаг хугацаанаас хойш 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд зээл олгох үедээ ААН-үүдэд давуу байдал олгож, түүнийхээ төлөө хээл хахууль авсан, зээлдэгч нар авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, хөрөнгө мөнгийг угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор зургаан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 42 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад улс төрд нөлөө бүхий халдашгүй байдал нь хуулиар тогтоогдсон албан тушаалтан холбогдсон. Эл гэмт хэргийг нийгмийн хор аюулыг ойлгох ёстой. Ингэхдээ 2.3 их наядын төгрөгийн бодит хохирол бүхий зээл зүй бусаар олгогдсон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж, 167 тэрбумын төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, 30 ААН-ийн эд хөрөнгийг битүүмжлэх ажил хийсэн. Мөн одоогийн байдлаар 12 хүнийг цагдан хориод байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 18 хүнийг цагдан хорьж, 8 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан.
-Өнгөрөгч 7 хоногт УИХ-ын чуулганаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжсэнгүй. Энэ нь хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд ямар хүндрэлийг үүсгэж байна вэ?
-Халдашгүй бүрэн эрхтэй хүмүүст холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад саад учрахгүй байна гэсэн зүйл бараг үгүй. Практикийг харахад гэрчүүдэд нөлөөлөхөөс авхуулаад эрх нөлөө нь байдаг. Ер нь сүүлийн жилүүдийн практикийг харахад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх дургүй байдаг. Түдгэлзүүлэхгүй байгаа шалтгаан нь өөрөө халдашгүй байдлаар халхавчилж, халдашгүй байдал тогтоосон газруудад нотлох баримт зөөвөрлөгддөг, хадгалагддаг учраас мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай болно. Гэтэл халдашгүй байдал тогтоосон газар тул нэвтэрч болохгүй байгаа юм. Гэтэл энэ байдлаас мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг прокурор, шүүхэд шилжүүлэх эл хэргийг буцаах үндэс болдог. Хэрэг удааширдаг шалтгаан нь энэ. Халдашгүй байдлаар асуудалд хандаж байгаа нь буруу.
АТГ-аас нотлох баримтуудыг цуглуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлтэй байна гэх саналыг прокурорт хүргүүлж, прокуророос хуулийн дагуу тогтоолоо гаргаж байгаа. Энэ дагуу тухайн хэргийг шийдвэрлэхэд халдашгүй байдалтай холбоотой асуудлууд үүсч байгаа тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлж байгаа хэрэг. Халдашгүй байдал шударга ёсыг алдагдуулж болохгүй. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцлийг үгүй хийж байгаа халдашгүй байдлыг хуулиас халдаггүй юмаа гэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, зарим гишүүд өөрсдөө түдгэлзээд шалгуулъя гэж байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байгаа нь шударга ёсыг алдагдуулж байна. Шударга ёсонд харш халдашгүй байдал гэж байх ёсгүй.