Нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчдийн төлөөлөл УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тодруулбал, энэ талаар иргэн Г.Пүрэвжав “Бид хоёр асуудлаар шаардлага хүргүүлэх гэж байна. Эхнийх нь ДНБ-ний дийлэнхийг бүрдүүлдэг нүүрс тээвэрлэлт гацсан байдалтай байна. Хоёр дахь асуудал нь, чингэлэг тээврийн гацааны асуудал.
Эдгээр асуудлаар санал, шаардлагаа хүргүүлэх гэж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар Цогтцэций, Чойр чиглэлийн нүүрс тээврийн зам хаагдсан.
Энэ зам яагаад хаагдсан бэ гэхээр, Л.Халтар сайд буруу ташаа мэдээлэл түгээснээс болж экспорт гацсан. Тиймээс тээвэрчид өнөөг хүртэл зүгээр суусангүй. Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч ямар ч хариу өгсөнгүй, үр дүн гарсангүй. Тиймээс энэ зам хаагдсанаар, нүүрс тээвэр зогссоноор Монгол Улс яаж хохирч байна вэ гэдгийг хэлэхээр ирсэн юм.
Цогтцэций, Чойр чиглэлийн нүүрс тээвэр Монгол Улсад өдөрт 3.8 тэрбум төгрөгийн орлого оруулдаг. Мөн дагалдах байгууллага болох тээвэр зууч, гааль, татвар гээд 20 мянган хүний ажлын байрны аюулгүй байдалтай холбоотой асуудал 2.8 тэрбумаар хэмжигддэг. Ингээд тооцохоор Монгол Улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн орлогийг шууд алдаж байна.
Шууд утгаараа гэсэн үг шүү. Дэлхийн эдийн засаг ямархуу нөхцөл байдалд хүрсэн билээ. БНХАУ нүүрсний импортоо нэмэгдүүлэхээр импортын татвараа тэглэсэн. Индонез улс энэ боломжийг ашиглаад маш их хэмжээний нүүрс экспортлож байна. Гэтэл манай улс хөрш зэргэлдээ энэ улсынхаа боломжийг ашиглахгүй сууж байна. Үүнд бид бүхэн харамсаж байна.
2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон 35.6 сая тн нүүрс экспортлоно гэж хэлсэн. Гэтэл энэ тоо өнөөдөр дөнгөж 2.7 сая тн-ыг экспортлосон. Эндээс харах юм бол, Монгол Улс үнэхээр арчаагүй байна. Уг нь нүүрс тээврийн гацааг гаргаж, экспортын орлогоо нэмэх боломж бүрэн бий. Төр саад болохгүй бол хувийн хэвшлийнхэн үүнийг хийх бүрэн чадамжтай.
Бид цаг алдахгүй хөдлөхгүй бол өдөр бүр 6.6 тэрбумыг алдсаар байх болно. Дараагийн нэг зүйл нь, Чойрт буусан нүүрсийг төмөр замаар Эрээн боомтоор дамжиж, экспортлодог. Өнөөдрийн байдлаар 2000 орчим чингэлэгтэй нүүрс гацсан байдалтай байна.
Учир нь бидний л арчаагүй байдалтай холбоотой. Хятадын талаас хортой элементын шинжилгээ гэж хийдэг. Гэтэл манайх энэ шинжилгээг нь хийлгүй шууд боомт руу ачуулдаг. Үүнээс нь болоод Монгол нүүрснээс хортой элемэнт илэрсэн гээд хятадын талаас аваагүй. Одоо боомт дээр гацсан байдалтай байан.
Энэ нүүрсийг хэрхэх асуудалд Л.Халтар сайд дорвитой ажилламаар байна. Чойрын зам хаагдсан шалтгаан нь ерөөсөө энэ. Боомт дээр хятадын тал хүлээж аваагүй нүүрсний бөөгнөрөл үүссэн учир зам хаасан. Энэ хэний буруу юм бэ. Салбарын буруу биз дээ. Тиймээс нүүрсний хортой элемэнтийг шинжилгээ хийж, боомт дээр бөөгнөрсөн нүүрсний асуудлыг яаралтай шийдвэрлэж, Чойр чиглэлийг замыг нээж өгөөч гэдэг хүсэлт тавьж байна" гэлээ.