Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүнийг эргүүлж татах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа.
Гишүүнийг түдгэлзүүлэх эсэх процесс хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн чуулганы нэгдсэн хуралдаанаар "нууц санал хураалт" явуулан шийдэгдэнэ.
Ерөнхийдөө УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал нэлээд чухал үүрэгтэй байх бөгөөд нэр бүхий гишүүдийн хувь заяа тус хорооны шийдвэрээс шалтгаалах юм. Ингэхдээ түдгэлзүүлэхээр прокуророос нэр нь ирсэн гишүүдийг сонсож, тайлбар авснаар асуудлыг эцэслэнэ.
УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны бүтэц
Энэ удаагийн парламентаар УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тэдгээрт Сү.Батболд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, даргаар Н.Энхболд нарын гишүүд ажилладаг. Энэ бүрэлдэхүүнийг ерөнхий агуулгаар нь харвал МАН дахь Сү.Батболдын фракцийн гишүүд дийлэнх нь байгаа харагдаж буй юм. Тиймээс нэр нь орж ирсэн гишүүд тохироо хийхээр явах бол эхний алхмаа энэ зүгээс эхэлвэл зохилтой болов уу.
Тухайлбал, уг хорооны бүрэлдэхүүнд байх С.Бямбацогтийн хувьд "Сү"-ийн фракцийн гишүүн гэгддэг. Сүүлийн үед фракцаа налах нь багассан ч "Сү" талдаа "элэгтэй" байдаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Харин Ц.Мөнх-Оргил гишүүний хувьд "Сү"-гийн фракцийн томоохон төлөөллийн нэг юм. Дээр нь нэмээд Сү.Батболд өөрөө тус дэд хороонд харьяалагдаж байгаа билээ.
Э.Дэлэгнанзадмаа