Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хэмнэх бодлого явуулж буй нь зөв. Гэхдээ тэвчиж, хэмнэж болох зардлуудыг яриад байгаа болохоос хэмнэж байгаа дүр эсгээд хийгдэх ёстой ажлуудыг төсвийн гадна үлдээж болохгүй. Жишээ нь, нийгмийн сайн сайхны төлөө хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг төсвөөс хасаж болохгүй.
Эдийн засаг хумигдаж байхад харин ч төрийн зүгээс дэд бүтэц, бүтээн байгуулалт руугаа хөрөнгө оруулалт хийж ажлын байр нэмэгдүүлэх, зах зээлд тодорхой шинэ ажлын эрэлт хэрэгцээг үүсгэж хямралыг давах гэж гардаг юм.
Мөн орон тоог цомхотгоно гэж байна. Зөв. Сайн цомхотгох хэрэгтэй. Гэхдээ ажлын үр дүн, шаардлагаа сайн харах хэрэгтэй. Байгууллагуудын дэд дарга нарыг цомхотгоно гэж байна. Амьдрал дээрээ дарга нар нь тэр болгон тэр салбарын хүмүүс байдаггүй. Харин дэд дарга нар нь яг салбартаа олон жил ажиллаад арын албанд хүрэлгүйгээр дэд дарга болчихсон хүмүүс байдаг. Дээд том дарга нь ажлаа мэдэхгүй учраас доод даргаар нь хийлгэх гээд мэргэжлийн хүнийг дэд даргаар тавьчихсан тохиолдлууд байдаг шүү. Тэгэхээр энэ бол Монголын л амьдрал. Ажлын үр өгөөж дээр үндэслэж, шийдвэрээ гаргаарай" гэлээ.