Хөгжлийн банкны нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголд УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Чанаргүй болон анхаарах ёстой зээлүүдийг харлаа. Энэ дотор Монголын толгой баячууд гэгддэг хүмүүс, ААН-үүд байна. Тэр хүмүүс чанаргүй зээл авч ч байдаг, түүнийг нь олгож л байдаг гээд бодохоор энэ банк чинь өөрөө улс төрөөс шууд хамааралтай байгаа юм биш үү. Хэн үүрэг өгөөд энэ зээлүүдийг олгосон бэ. Гардан гүйцэтгэж буй хүмүүс нь Хөгжлийн банкан дотор байгаа. Энэ хүмүүс одоо ямар ажил эрхэлж байгаа вэ, хариуцлага тооцсон уу.
"Чингис хаан" гэх мэтчилэн эдийн засгийн хүнд байдалд орсон банкнуудад яагаад мөнгө байршуулаад байгаа юм бэ. Энэ мөнгөө буцаагаад авч чадахгүй болох вий.
Мөн 700 гаруй тэрбум төгрөгийг улсаар төлүүлэх гээд байгаа юм шиг асуудал ярилаа. Эндээс харахад Хөгжлийн банкны захирлыг хэн нэгэн улс төрчийн хүн байна гэж шууд тодорхойлоход буруудах зүйл алга.
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх хоёр хэрэг байна. Эдгээр нь ямар хэргүүд вэ. Цаашлаад бусад зээлүүдийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаад зээлээ төлөхгүй байсаар улс хохироод үлдэх вий гэж бодож байна.
Худалдаа хөгжлийн банкны 11,12 дугаар давхрын 3394 мкв газрыг 28.5 тэрбум төгрөгөөр худалдан авах шийдвэрийг ТУЗ-ын гишүүд нт гаргасан байгаа юм. 1 мкв нь 80 гаруй сая төгрөг. Ийм шийдвэр гаргадаг ТУЗ, захирлууд байх ч гэж дээ.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул: Манай удирдлагын түвшинд ашиг сонирхлын зөрчилтэй хүн байхгүй. Учир нь манай удирдлага томилогдоод хэдхэн сар болж байна. Бид өмнөх зүйлийг засаж залруулахын тулд ажиллаж байгаа. Хөгжлийн банк менежментийн хувьд ийм шийдэл байж болох юм гэсэн үүднээс саналаа танилцуулсан. Шийдэх эрх нь ЗГ, УИХ-д байгаа. Шийдэл олсны төлөө хардаад байж болохгүй. 2018 онд нэг жилийн хугацаатайгаар Хөгжлийн банкнаас Чингис хаан банканд 25 тэрбум төгрөг байршуулсан юм байна. Жилийн дараа гэрээ дуусаад дахин 3 сар сунгасан байна. Үүнээс хойш манай банк мөнгөө авч чадахгүй байгаа. Одоогийн байдлаар хүүтэйгээ нийлээд 37.5 тэрбум төгрөг болсон.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар: Бэйзмент гэх компанид Хөгжлийн банк 2012 онд 61 сая долларын зээл олгосон. Энэ компани нэрээ сольж Хөтөл ХХК болсон. Энэ компанийн 100 хувь эзэмшигч иргэн 2018 онд нас барснаар эзэнгүй өмч болсон. Гэхдээ энэ эзэнгүй өмчийг төр аваагүй. Засгийн газраас гарсан тогтоолоор "Хөтөл цемент шохой" буюу энэ компанийн охин компанийг хувьчилсан асуудал нь хууль бус болохыг тогтоосон. Ингэснээр Бэйзмент компанийн охин компанийг авсан. Төрөөр энэ зээлийг төлүүлэх тухай ямар ч алхам хийгээгүй, хийхийг шаардаагүй.
УЕП Б.Жаргалсайхан: Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан нэг л хэрэг бий. Энэ нь Хөгжлийн банкны захирал асан Мөнхбаттай холбоотой. Анхан шатны шүүхээр хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Одоогийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбогдуулж хохирлоос чөлөөлөгддөг хууль зүйн зохицуулалт байхгүй. Чөлөөлөгдөхгүй. Тиймээс нөхөн төлөгдөх ёстой.
Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банкны одоо ажиллаж буй удирдлагуудыг бид дэмжих цаг үед нь байгаа. Хамгийн хүнд үед нь ажиллаж байгаа. Үндсэндээ үлдсэн шааран дээр нь ажиллаж байгаа. Энэ хүнд зээлүүдийн ард "хүнд" гарууд нь байгаа.