УИХ-ын чуулганаар өчигдөр /2025.05.22/ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Монгол Улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд элэг шилжүүлэн суулгах баг, 2014 онд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг, 2018 онд элэг шилжүүлэн суулгах баг тус тус байгуулагдаж шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, өнгөрсөн хугацаанд П.Батчулуун эмчийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж, иргэд нийтээрээ талцсан. Хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учраас энэхүү асуудал үүссэн хэмээн бодож байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх зохицуулалт хуулийн төсөлд тусгасан эсэх болон амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй адилтгах тэтгэмж өгөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Энэ ямар үндэслэлтэй тооцоо вэ хэмээн асуусан юм.
Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн асуултад хариулахдаа "Хуульд зөвхөн нийгмийн даатгал шимтгэл төлдөг иргэнд оршуулгын зардал өгөхөөр заасан. Гэтэл нийгмийн шимтгэл төлдөггүй иргэн тухайн эмчийн эсрэг асуудал үүсгэсэн.
Тэгэхээр хуулийн төсөлд нийгмийн даатгал төлдөг, эс төлдөг эсэхийг үл хамааран тайтгаралын зардал өгөхөөр тусгасан. Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн олгох тэтгэмж бол оршуулгын зардлын хэмжээг тооцсон мөнгөн дүн юм.
Эрүүл мэндийн тусгай сангаас эмч нарыг багаар нь сургах зардлыг 5 тэрбум байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах багаж төхөөрөмжийн асуудал тулгарч байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнд шаардлагатай зарим эм, тариаг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж байна. Тухайлбал, эд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүний дархлаа дарангуйлах хамгийн чухал эмийг төрөөс дааж байна. Харин эдгээр эмийг чанаржуулахад анхааран ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!