Талийгаач нас барахынхаа өмнөх өдөр буюу 5-р сарын 8-ны өдөр багын найз Г.Золзаяатайгаа уулзаж, 5-р сарын 09-ний өдөр хамт массажинд орохоор цаг товлоод салсан байдаг. Талийгаачийн багын найз Г.Золзаяатай болсон явдлын талаар ярилцлаа.
Талийгаачтай та яг хэзээ уулзсан бэ?
-Найзыгаа нас бардаг тэр 7 хоногт би Тайландад очсон юм. Мягмар, лхагва, пүрэв гарагуудад бид 2 дараалан 3 өдөр уулзаж цагийг хамт өнгөрөөсөн. Тэгээд маргааш нь дахин уулзаж, хөлийн массажанд орохоор цаг товлоод салсан ч тэр шөнө тийм харамсалтай явдал болсон байсан.
Тантай уулзах үедээ сэтгэл санаа нь ямар байсан бэ. Сэтгэлээр унасан, гуньж гутарсан шинж байсан уу?
-Ямар ч тийм шинж тэмдэг байгаагүй. Удаан уулзаагүй болохоор, хүүхдүүдийнхээ тухай ярьж, Бангкокт амьдрах сайхан байгаа тухай л ярьж байсан. Хамтдаа зураг хөргөө даруулж, цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаад л бид салсан. Тэгээд нас барчихсан гэхээр нь итгээгүй.
Энэ мэдээг та хэзээ нь дуулсан бэ?
-Тэр өдрийн шөнө нь мэдсэн. "Ажлаа тараад найз нь холбогдъё" гээд салсан байсан. Тэгээд 6 цаг өнгөрөөд холбогдохгүй байхаар нь би 8 өнгөрөөд мэссэж бичсэн юм. Гэтэл хариу байхгүй. Тэгэхээр нь ажил нь амжаагүй юм байлгүй дээ гээд байж байтал манай 10 жилийн хүүхэд "энэ үнэн үү ийм мэдээ явж байна" гээд мэдээний линк өгсөн. Тэгж л анх мэдсэн.
Гадуур явж байгаа албан бус мэдээллээр бол нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсантай холбоотой гэж яригдаад байгаа. Энэ тухай талийгаач танд ярьж байсан уу?
-Үгүй. Өмнө нь огт тийм зүйл хэлж байгаагүй. Надад ярьж байгаагүй ч гэсэн тэр нь үнэн гэдэг нь одоо мэдэгдэж байна л даа. МИАТ-д ажилладаг манай танил хүртэл “аль дээр үеийнх шүү дээ” гэж байхыг бодоход гэр бүлээс гадуурх харилцаа байсан нь бол үнэн юм шиг байна билээ.
Өмнө нь ар гэртээ асуудалтай байгаа, нөхөртэйгээ таарамжгүй харилцаатай байгаа гэж мэдрэгдэх зүйл байгаагүй юу?
-Байгаагүй. Харин ч их ирээдүйнхээ тухай ярьдаг хүн байсан. Бага хүү нь даунтай болохоор хүүгийнхээ төлөө гээд өөрийгөө боловсруулж, мастер хамгаалаад явж байсан. Хүүтэйгээ насныхаа эцсийг үзнэ, хамт өтөлнө гэж ярьдаг байсан хүн шүү дээ. Ялангуяа өвчтэй бага хүүгээ орхиод амиа хорлох хүн биш. Гэр бүлийнхээ төлөө л амьдарч байсан хүн гэж боддог.
Хэр сэтгэлийн тэнхээтэй хүн байсан юм бол. Ямар зан чанартай хүн байсан бэ?
-Ер нь бол маш өөдрөг хүн байсан. Хэний ч тухай хэзээ ч муу хэлж байгаагүй. Найзууд хов жив ярихад “шалтгаан байсан байлгүй дээ” гэдэг тийм л сайхан сэтгэлтэй, шударга хүн байсан. Сэтгэлийн хаттай, сэтгэлийн зовиураа харуулаад байдаггүй хүн л дээ.
Та талийгаачийн нөхөр, Элчин сайд А.Төмөрийг сайн таних уу ?
-Би сайн танихгүй. Хуримаа хийгээд удаагүй байхад нь нэг удаа уулзаж байсан. Талийгаач нөхрөө тэр үед найзуудтайгаа танилцуулсан юм. Гэр бүлээрээ бол нэг их уулзаж байгаагүй.
Та хоёр дахиж уулзахаар тохироод салсан гэж байна. Энэ тухайгаа дэлгэрүүлж яриад өгөөч. Уулзаад юу хийхээр төлөвлөсөн байсан бэ?
-Тайланд массажаараа алдартай. Тэгээд хэрэг гардаг өдрийн маргааш өдөр нь хөлний массажанд орохоор тохироод, маргааш ажлаа тараад надруу ярина гээд салсан. Бид 2 өмнөх өдрүүдэд нь уулзахдаа дэлгүүр хэсээд хөл өвдчихсөн байсан. Тэгээд массажанд орохоор тохирсон.
Та гэрт нь очсон уу ?
-Очоогүй. Миний байрлаж байсан буудлаас ойрхон байдаг гэж байсан. Тэгээд бид 2 буудлын ойр хавьд байдаг том mall-д уулзаж байсан.
Амьдралынхаа асуудлын тухай, гэр бүлийн амьдралынхаа тухай найзууддаа ерөөсөө ярьдаггүй байсан уу?
-Ярьдаггүй байсан. "Манай хүн ажил ихтэй, завгүй байдаг болохоор бид 2 бараг тааралддаггүй" гэж ярьж байсан. Асуудал байгааг мэддэггүй байсан учраас гэр бүлийн амьдралынх нь талаар сонирхож асууж ч байгаагүй юм байна.
Та ар гэрийнхэн, ээж, эгч дүү, хүүхдүүдтэй нь холбоотой байдаг уу. Одоо ямархуу нөхцөл байдалтай байна?
-Эгч, дүүтэй нь холбоотой байдаг. 10 жилдээ бид нэг сургууль, ойролцоо амьдардаг байсан болохоор ер нь ойрхон байдаг. Гэнэт ийм зүйл болсон болохоор итгэж чадахгүй л байцгаах шиг байна билээ. “Яагаад ч амиа хорлох хүн бол биш. Гурвын гурван хүүхдээ үлдээх хүн биш. Тийм сэтгэлзүйтэй хүн биш болохоор ямар нэг зүйл болсон байх” гэж ярьж байгаа.
Элчин сайд А.Төмөрийг гэртээ орсноос хой 10 гаруй минутын дараа Бангкокийн цагдаагийн газар дуудлага бүртгэгдсэн гэдэг албан бус мэдээлэл байгаа. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-12 өнгөрөөж нөхөр нь гэртээ ороод осол нь 12 цаг тавин хэдэн минутад болсон гэж байсан. нөхөр нь яахаараа ч шөнө дунд гэртээ ирж байдаг юм. ажлын өдөр шүү дээ.
Талийгаач ямар ажил хийдэг байсан юм бол?
-Элчин дээрээ туслах хийдэг гэж байсан.
Ээж нь өндөр настай хүн гэсэн. Яажшуухан байгаа юм бол?
-Мэдээж маш хэцүү байгаа нь ойлгомжтой. Найз минь надаар ээждээ юм явуулсан юм. Түүнийг ээжид нь хүргэж өгөхөд үнэхээр хэцүү байсан.
Та нас барахынх нь өмнө уулзсан хамгийн ойрын найз нь. Амиа хорлосон гэдэгтэй санал нийлэх үү?
-Би бол огт санал нийлэхгүй. Амиа хорлох гэж байгаа хүн инээж хөөрөөд, маргааш нь массажанд орох цаг товлоод явж байхгүй биз дээ. Тэр гэр бүлээс гадуурх харилцаатай байснаас болж амиа хорлосон гэж байгаа бол тэр харилцааг нь хэдэн жилийн турш мэдэж явсан хүн гэнэт тэр өдөр л амиа хорлохоор шийдчихнэ гэж байх уу. Би бол огт санал нийлэхгүй байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!