МИАТ ТӨХК-ийн 69 жил, Монголын нисэх хүчний 100 жилийн ой тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 53 секунд

Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ой өнөөдөр тохиож байна. МИАТ компани өнгөрсөн 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэсэн бол өнгөрөгч 2024 онд өмнөх жилүүдийн амжилтаа шинэчилж салбарынхаа 100 жилийн ойг угтжээ.

Энэ талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Амжилт бүтээл өрнүүн он жил ард үлдлээ. 2024 онд МИАТ компани нийт 4218 нислэг үйлдэж, 1.5 сая зорчигч тээвэрлэсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн энэ онд 945 тэрбум төгрөгийн орлого олж, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь бидний эдийн засгийн хувьд ч амжилттай жилийг харуулж байна. Энэ бол зөвхөн өнгөрсөн оныхоор хязгаарлагдахгүй, цаашдын буюу 2025-2030 оны дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний суурь амжилт гэж бид харж байгаа.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүх сөхвөл, 1925 онд Германы зохион бүтээгчийн бүтээсэн Ю-13 онгоц Монгол Улсад анх газардсан нь манай нисэх хүчний үүсэл суурь болсон гэж үздэг. Эхэн үедээ цэргийн зориулалттай нислэгүүд голлодог байсан бол 1956 оны 7 сарын 7-нд Улаанбаатар-Мөрөн-Ховд чиглэлд анхны иргэний агаарын тээврийн нислэг үйлдсэнээр МИАТ компанийн түүх албан ёсоор эхэлсэн.

69 жилийн турш бид хөгжил дэвшлийн замыг туулсан. Алдаа оноо, сорилт, түүхэн шийдвэрүүдээр дүүрэн он жилүүд байсан. Энэ бүхний ард үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, хамт олны маань тууштай хөдөлмөр зүтгэл байсан гэдгийг онцолъё" гэлээ.

Одоогоор МИАТ компани Boeing 767, 787, 737, мөн Bombardier CRJ-700 зэрэг 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулдаг ажээ.

  • Иргэний агаарын тээвэр,
  • Агаарын хөлгийн засвар үйлчилгээ,
  • Газрын үйлчилгээ гэсэн үндсэн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
  • Агаарын хөлгийн засварын үйлчилгээний газар маань 2013 оноос эхлэн гадаадын агаарын тээвэрлэгчдийн онгоцонд хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 124 агаарын хөлөгт засвар үйлчилгээ үзүүлжээ.

Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан " МИАТ компани олон улсын чиглэлд нислэг үйлдэж, үйл ажиллагаагаа тэлж байна. Жишээ нь, тун удахгүй АНУ руу анхны шууд нислэгээ хийх гэж байгаа нь томоохон дэвшил юм. Үүний сацуу олон улсын нисэхийн хяналтын байгууллагаас дөрвөн одтой буюу хамгийн өндөр үнэлгээ авсан нь бидний хүчин чармайлтын үр дүн гэдгийг хэлэх нь зүйтэй. Цаашдын хөгжлийн хүрээнд төрөөс иргэний агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хувийн хэвшлийн компаниуд ч мөн идэвхтэй оролцож, шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Жишээ нь, Хүннү Эйр компани Бразил улсад үйлдвэрлэгдсэн Embraer-195 загварын, 136 хүний суудалтай шинэ онгоцоо Монголд оруулж ирлээ. Энэ нь зөвхөн төрийн бус, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог харуулж байна.

Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих үүднээс Засгийн газраас онцгой анхаарч, бүс нутгийн нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг эрчимжүүлж байна.

  • Өмнөговь аймагт гурван шинэ буудлын зурвасыг өргөтгөж, том оврын онгоц хүлээн авах боломж бүрдүүлж байна. Зургаадугаар сарын 10-наас эхлэн ашиглалтад орох төлөвтэй.
  • Мөн Мөрөн, Ховд, Чойбалсан хотуудад нисэх онгоцны буудал барих ажил төлөвлөгдсөн.
  • Хэнтий аймгийн Өндөрхаан дахь онгоцны буудлыг 3 улсын ангилалтайгаар ашиглалтад оруулсан" хэмээв. Нисэх хүчний 100 жилийн ой, МИАТ компанийн 69 жилийн ойгоор тус салбарт Хөдөлмөрийн баатар "төрсөн" нь Р.Бат-Эрдэнэ хэмээх Гавьяат нисгэгч эрхэм юм.
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
 
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!