Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч З.Нарантуяатай ярилцлаа.Тэрээр энэхүү албан тушаалд томилогдсоноосоо хойших гурван сарын хугацаанд Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх, үйл ажиллагааг нь сэргээх боломж нөхцөлийг бүрдүүлсэн нилээд өөрчлөлтүүдийг хийж амжжээ.
-Хөгжлийн банкны хэрэг, чанаргүй зээлээр нь л хүмүүс өнгөрсөн хоёр жил энэ банкны талаар сонсож мэддэг болсон. Гэтэл дэлхийн 150 гаруй оронд хөгжлийн санхүүгийн байгууллага буюу 600 орчим ийм банк ажилладаг, 20 их наяд дөхсөн хөрөнгө эргэлдүүлж, тухайн улсынхаа бодлогын зорилгод нийцсэн, төсвөөрөө хийж чадахгүй томоохон ажлуудыг санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийдэг статистик олон байна. Ер нь Хөгжлийн банк гэж ямар банкийг ойлгодог, манайд ажиллаж байгаа бидний мэддэг өдөр тутам үйлчлүүлдэг арилжааны банкуудаас юугаараа ялгаатай юм? Монгол Улсад Хөгжлийн банк байх шаардлагатай юу? гэсэн асуултуудыг иргэд төдийгүй төр засгийнхан өөрсдөө ч асууж байгаа харагддаг, төртэй холбогдсон бүхэн л хулгай, хууль бус ажиллагаа, авилгатай холбогддог болохоор аргагүй биз?
-Аль ч улсын эдийн засаг хязгаарлагдмал нөөцтэй. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа төлсөн татвараар төрийн байгууллагуудаа санхүүжүүлж, нийгэм, эдийн засгийн зорилт, аюулгүй байдлаа хангаж, иргэдийнхээ цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын зардлууддаа зориулж, төсвөөс мөнгө хуваарилдаг. Монгол улс олон жил төсвийн орлогын хувьд хангалтгүй, дээр дурьдсан зардалдаа хүрдэггүйгээс байнга л алдагдалтай төсөв баталж, өр зээлээр нөхөж ирсэн. Жил жилд л намар төсөв батлах үед УИХ дээр хэдэн сургууль, цэцэрлэг, цагдаа, тамгын газар, соёлын үйлчилгээний байгууллага барих вэ, юуг нь хасаж, танаж, хэмнэх вэ гээд бөөн л гомдол, шүүмжлэл болж, танай, манай аймаг, тойрогт илүү, дутуу төсөв хуваариллаа гэж улс төрждөг. Хүссэн бүхнээ нэг дор барьж бүтээхэд шаардагдах хөрөнгө мөнгө нь хомс, хуримтлуулж хураасан нөөц гэх юмгүй учраас л хязгаартай нөөц болох татварын орлогын хуваарилалт дээрээ үзэлцэж байгаа хэрэг шүү дээ. Улаанбаатар хотод л гэхэд цэцэрлэг, сургуулийн хэрэгцээ улам л нэмэгдэж, байна. Утаа, түгжрэлээ шийдэхэд, үер усны хоолой, далан, суваг, шинэ суурьшлын бүсүүдэд цахилгаан, дулаан хангамж, цэвэр бохир усны шугам, сүлжээ, орон сууцны хотхон барьж байгуулахад төсвийн хөрөнгө оруулалт хүрэлцэхгүйгээс Хөгжлийн банк байгуулж, гадаад, дотоод зах дээрээс урьдчилж мөнгө болгоод энэ бүх дэд бүтцийг барьж байгуулах гэж дотоодын үйлдвэрлэлийг бий болгох гэж Хөгжлийн банкийг 2011 онд байгуулсан.
Арилжааны банкууд зээл олгож байгаа эх үүсвэрээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын харилцах данс, хадгаламж татаж бүрдүүлдэг бол Хөгжлийн банк олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, өрийн хэрэгслийн зах зээлээс үнэт цаас гаргах замаар татан төвлөрүүлдгээрээ ялгаатай. Олгож байгаа зээлийн хувьд ч бусад банкнаас авдаг шиг бизнесийн болон хэрэглээний зээл биш, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдгээрээ онцлог.
Аль XIX зуунаас л Европын улс орнууд Франц, Герман, Итали, Туркээс эхлээд дэлхийн олон улс орнууд эдийн засгаа тэлж, томруулах үйлдвэрлэлээ дэмжих, дэд бүтцийг нь барьж байгуулахын тулд төслөөс хамаарахгүйгээр хөгжлөө дэмжих сан, банкууд байгуулж, хөрөнгө мөнгө босгож, санхүүжүүлж ирсэн түүхтэй. Мэдэээж түүхийн энэ урт хугацаанд санхүүгийн хямралууд, засаглал, менежментийн асуудлаас болж дампуурсан, хаагдсан банкууд олон ч одоогор таны дээр хэлсэнчлэн 500 гаруй хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж, үндэснийхээ суурь бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байна. Монгол Улсын хувьд ч Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа л цахилгаан станцууд, авто болон төмөр зам, дотоодын үйлдвэрлэл(цементийн үйлдвэрүүд)-ийн төслүүдийг амжилттай санхүүжүүлсэн. Төслийн бүтээн байгуулалт нь бүрэн хэрэгжээгүй ч хар төмөрлөг боловсруулах, ган, ширэм, арматур үйлдвэрлэх төслүүдийг санхүүжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга байгууламжийн төслийг санхүүжүүлж, мөн Засгийн газар, нийслэлийн үндсэн чиглэл, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон төслүүдийг судалж байна.
Тийм ээ, таны хэлдэг шиг алдаа, зөрчил олон гарсан. Институтийн хувьд банк бол маш их дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах ёстой санхүүгийн байгууллага. Манайд олон улсын хөгжлийн байгууллагуудад тавигддаг стандартууд бүрэн хэрэгжиж чадаагүй байснаас, ялангуяа засаглалын хувьд улс төрөөс хэт хамаарч байсан, менежментийн ур чадвар сул, хууль эрх зүйн зохицуулалт дулимаг байснаас гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдсэн байж. Энэ бол их том сургамж. Хөгжлийн банкнаас олгох ёсгүй арилжааны олон жижиг зээлийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан олгосон, авлига авсан, өгсөн гэдэг үндэслэлээр энд ажиллаж байсан удирдлага, зарим хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн нь нийгмийг цочроосон үйл явдал болсон.
Банк бол иргэд, харилцагчийнхаа итгэл, өөрийн нэр хүнд дээр тогтдог онцлогтой бизнесийн байгууллага. Төрөөс үүсгэн байгуулсан ч эрхэлж буй ажил үйлчилгээ нь санхүүгийн, бизнесийн үйл ажиллагаа учраас нэгэнт бий болсон сөрөг нэрнээс салж, жинхэнэ хөгжлийг дэмждэг санхүүгийн байгууллага болжээ гэдэг имижийг сэргээж, бий болгоно гэдэг л хамгийн хүнд даалгавар байна. Монголчууд ярьдаг, муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэж. Муу зээлийг төлүүлэх, шинээр зээл олгох, эх үүсвэр татах гэдэг бол банкнуудын хувьд өдөр тутам хийдэг үйл ажиллагаа нь. Тэр утгаараа балансаа цэвэрлэх, өр авлагаа удирдах ажлуудыг богино хугацаанд цэгцэлж чадаж байна. Харин нэр хүндийн эрсдэлд орохгүй, итгэлцлийн индексийг алдахгүй хадгалж байх нь компанийн засаглалын зарчмаар бол хувьцаа эзэмшигчид, топ удирдлага, менежерүүдийн арга ухаан шүү дээ. Энэ л арга ухаан өнгөрсөнд дутжээ л гэхээс өөр хэлэх үг алга аа.
Цаашид хэвийн үйл ажиллагаагаа богино хугацаанд сэргээхийн тулд бид шаргуу ажиллаж байна.
-Тэгвэл энэ зорилгыг Монгол Улсын Хөгжлийн банк биелүүлэх боломж харагдаж байна уу?
-Байгаа. Балансаа цэвэрлэх арга хэмжээг шуурхай авч, хугацаа хэтэрсэн өр авлагаасаа салж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 430 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас, авлага, өмчлөх бусад хөрөнгийн чанарыг дээшлүүлж, өглөг, авлагад тооцож, шийдвэрлэлээ. Асуудал үүснэ болзошгүй хэвийн зээлд анхаарал тавьж, баталгаа, барьцаа хөрөнгийг зөрчилгүй болгож, ирээдүйд дарамт болж болзошгүй байсан 550 тэрбум төгрөгийн баталгааны үүргээс чөлөөлөгдөж чадсан.
Монгол Улсын Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон. Гадаад, дотоод эх үүсвэрийн үүргээ биелүүлж чадсан учраас дахин 500 тэрбумаас 1 их наяд төгрөг хүртэлх хэмжээнд шинэ эх үүсвэр татах, өмнө гаргасан өндөр өртөгтэй бондыг таатай нөхцөлтэй бондоор солих гэх мэт эх үүсвэрээ сайжруулах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажилдаа орсон. Засгийн газрын зүгээс банкны үйл ажиллагааг сэргээхэд анхаарч, дүрмийн сангаа дорвитой нэмэгдүүлэх санал боловсруулсан. Ийм арга замаар өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангахад хувьцаа эзэмшигчийн хувьд хуульд зааснаар дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
-Мега төслүүдийг явуулахад Монгол Улсын Хөгжлийн банк яг ямар үүрэг гүйцэтгэж чадна гэж Та бодож байна вэ?
-Засгийн газраас мөрийн хөтөлбөртөө тусгасан Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хангахад Хөгжлийн банкны хувьд хоёр чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж харж байна.
Нэгдүгээрт, төмөр зам, авто зам зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтуудыг төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт үйлдвэр" зэрэг компаниудаас шууд хөрөнгө оруулалт хийх, бүтээгдэхүүний борлуулалтын оффтэйк гэрээг ашиглан санхүүжүүлж ирсэн. Одоо ч энэ хэлбэрийг ашиглан газрын тосны шугам хоолойг санхүүжүүлж байна. Энэ схемийг засах ёстой. Эдгээр дэд бүтцийн төслүүдийг төслийн удирдлагын хувьд нэг дээвэрт оруулж, эрсдэл, гүйцэтгэлд нь санхүүгийн хяналт тавьж, эргэн төлөлтийг найдвартай мөнгөн урсгалаас төлүүлэхийн тулд ашиглалтын хариуцлагыг эзэнжүүлэхэд Хөгжлийн банк тусалж чадна. Аж ахуйн үй ажиллагаа эрхэлдэг компаниуд үндсэн үүрэг, чиглэлээсээ гадуур санхүү, хөрөнгө оруулалтын ажил үйлчилгээ үзүүлэх нь төрийн өмчийн компаниудын засаглалын зарчим, санхүүгийн сахилга хариуцлагад сөргөөр нөлөөлдөг. Авлига, хулгай, хууль зөрчих нөхцөлийг бүрдүүлдэг. Төрийн өмчийн компаниудын хооронд өр, өглөг, авлага маш ихээр үүсгэдэг. Өнгөрсөн хугацаанд гарсан хууль бус олон үйлдлүүд үүнтэй холбоотой.
Хоёрдугаарт, төрөөс санаачлан хэрэгжүүлэх томоохон төслүүдийн үйл ажиллагааны удирдлагыг Засгийн газрын дэргэд нэгтгэн удирдаж, төсөлд учирч болох эрсдэлүүдийг зайлуулах, шаардлагатай хууль, дүрэм, журам, гэрээ хэлцэл, зөвшөөрөл хураамжийн шуурхай зохицуулалтыг хангаж, харин санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтийн схем загварыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд Хөгжлийн банк мэргэжлийн санхүүгийн зуучлалыг үзүүлж, өөрийн эх үүсвэрийн хэмжээнд санхүүжүүлж, хөрөнгө оруулж чадна. Тиймээс Хөгжлийн бнкны тухай хуулийг шнэчилж, Хөжлийн банкны чиг үүрэг, эрхлэх ажил үйлчилгээг цогцоор нь шинэчилж, зөв суурь тавихаар ажиллаж байна.
-Зөв суурь гэдгээ Та хэрхэн тодорхойлж, энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Юун түрүүнд хууль эрх зүйн хувьд ямар чиг үүрэгтэй, ямар зорилготой байгууллага байх, санхүүгийн хувьд бусад банкнаас юугаараа ялгаатай, ямар ажил үйлчилгээ үзүүлэх гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал. Тиймээс өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн найруулах ажлыг хийлээ. Хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, экспортыг дэмжихэд чиглэсэн ажил үйлчилгээг түлхүү үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа.
-Хуулийн шинэчлэлээр яг ямар үр дүн, ахиц дэвшил гарах вэ гэдгийг Та илүү тодруулахгүй юу?
-Хөгжлийн банкны тухай хууль 2017 онд хоёр дахь удаагаа шинэчлэн батлагдсан. Уг өөрчлөлтөөр төсвийн эргэн төлөлттэй ямар нэгэн том, хөгжлийн төслүүд хэрэгжүүлэхгүй гэдэг зохицуулалтыг оруулсан нь 2017 оноос өнөөг хүртэлх муу зээлүүд Хөгжлийн банканд бий болох үндсийг тавьсан гэж үзэж болно. Яагаад гэвэл бие даасан гурилын үйлдвэр, уул уурхайг ашиглахад зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэх, орон сууцны төсөл санхүүжүүлэх, махны үйлдвэр, алтны уурхай ашиглахад зориулсан зээл гэх мэт бизнесийн зээлүүдийг ихээр олгосон байсан. Цар тахлын үед эдгээр зээл мөн хүнд байдалд орсон. Томоохон зээлүүд чанаргүй болоход түүнийг дахин санхүүжүүлэх, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах гэх мэт зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжийг хуульд тусгаж өгөөгүйгээс зээлүүд ихэнхдээ таг гацсан. Өнөөдөр балансад байгаа муу зээлүүд ихэвчлэн ийм нөхцөлөөс болж муудсан байна.
Тийм учраас Хөгжлийн банк төслийн санхүүжилт, ялангуяа эдийн засгийн ач холбогдолтой, экспортын нэр төрлийг нэмэгдүүлж, орлогыг өсгөх томоохон төслүүдэд зээл олгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлж шинэчлэн найруулсан. Ингэхдээ маш олон шаардлагыг тавьж байгаа. Хөгжлийн банкнаас үзүүлэх санхүүгийн ажил үйлчилгээний төрөл нэмэгдэнэ. Ялангуяа, гадаад худалдааны гэрээний хэлцэлд үндэслээд экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажил үйлчилгээ үзүүлэх төслүүдийг санхүүжүүлнэ. Гадаад худалдааны санхүүжилтийн тухайд аккредитив, батлан даалт, барьцаа, даатгал гээд олон бүтээгдэхүүн нэмж, экспортлогч компаниудын гадаад худалдааны төлбөр тооцоог мөн хийх зохицуулалтуудыг тусгасан.
Ерөнхийдөө Хөгжлийн банк хоёр үндсэн үүргийг гүйцэтгэхээр энэ хуулийн төсөлд тусгасан. Нэгдүгээрт, төслүүдийг санхүүжүүлэх замаар Монгол Улсын эдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хөгжлийн институтийн үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, экспортын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх замаар экспортын орлогыг өсгөж, валютын нөөц бүрдүүлэх эх үүсвэр болохуйц бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хөгжүүлнэ гэсэн чиг үүргийн томоохон өөрчлөлт хуулийн шинэчлэлээр бий болно.
-Өнгөрсөн цаг хугацаанд Хөгжлийн банк импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлэх бодлого барьж ирсэн ч санхүүжүүлсэн төслүүдийнх нь талаас илүү хувь нь чанаргүй болсон. Тэгвэл шинээр санхүүжүүлэх төслүүдээ ийм байдалд хүргэхгүйн тулд ямар зохицуулалт хийж, шалгуур тавих вэ?
-Зээлийн муу түүхүүдийн үндсэн шалтгаан нь ямар бодлогын хүрээнд, ямар нөхцөлтэй зээл, санхүүжилт гаргах вэ гэдэг бодлого, журам нь тодорхой биш байсантай холбоотой. Төслийн санхүүжилт гэдэг бол байгууллагуудын, нэг удаагийн шинж чанартай бизнесийн зээлээс маш том ялгаатай. Гэтэл том төслүүд санхүүжүүлэх зорилготой байгууллага маань өөрийн дэд бүтцээ бүрдүүлж чадаагүй байсан байна.
Нэгдүгээрт, төслийг санхүүжүүлэхэд баримталдаг хууль, зохицуулалтын дүрэм журмуудаа бүрэн гүйцэд хийж чадаагүй байж. Бүтэн төслийг удирдах тэр системчилсэн ойлголтыг зээл олгож байгаа хүмүүс маань ч, зээл авч байгаа тал нь ч ойлгож мэдээгүй байсан байна. Тийм ч учраас төслийг удирдах, санхүүжүүлэх, өнөө болон ирээдүйн үр дүнг нь тооцож, төсөл эхлэхээс дуусах хүртэлх тэр бүх үе шатанд учирч болох эрсдэлүүдийг эхлээд тодорхойлж, үнэлж чаддаг болох хэрэгтэй. Яг үүнд хүмүүсээ сургаж, бэлтгэж, дүрэм журмаа бид засаж сайжруулж байна.
Хөгжлийн банк өнөөдрийн Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа том төслүүд дээр санхүүгийн байгууллагын хувьд маш чухал оролцоотой байх ёстой. Үүний тулд Хөгжлийн банк хөгжлийн институтийнхээ хувьд тэлж, чадавхаа сайжруулж байгаа гэсэн үг.
-Тэгвэл Хөгжлийн банк цаашид ямар нэгэн доголдолгүйгээр, төслүүдээ санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болжээ гэж ойлгож болох нь, тийм үү?
-Тийм ээ. Хөгжлийн банкны үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах үндсэн гол зүйл нь ерөөсөө л зээл, санхүүжилтийн бодлого, дүрэм, стандарт бүгд маш тодорхой байх. Тэр стандарт, бодлого, журмаа олон улсын стандартад нийцүүлэн бүгдийг нь шинэчилж боловсруулах ажлаа хийж байгааг дахин хэлмээр байна. Азийн Хөгжлийн Банкны зөвлөх үйлчилгээг бид авсан. Хамгийн түрүүнд засаглалаа зөв болгож, олон улсын зарчимд шилжүүлэх нь чухал. АХБ-ны урьдчилсан зөвлөмжийн бид ажиллаж байгаа.
Хүний нөөцдөө илүү анхаарч байна. Банк санхүү, төслийн санхүүжилт, хууль эрх зүйн хамгийн чадварлаг, мэргэжлийн боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлж байна. Банкны ажиллагсадаа сургаж эхлээд байна.
Бодлогын баримт бичгүүдээ баталмагц зээлээ судалж эхэлнэ. Удахгүй санхүүгийн ажил үйлчилгээнийхээ ерөнхий нөхцөлүүдийг олон нийтэд зарлаж, зээлийн үйл ажиллагаагаа сэргээнээ. Өнгөрсөн хугацаанд гарсан шиг муу зээлийг бид гаргахгүй. Үүний тулд суурь бэлтгэл ажлаа базаагаад явж байна.
Эх сурвалж: Хөгжлийн банк
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!